E-POLICE АППЛИКЕЙШН ДӨРВӨН ТӨРЛИЙН ЗӨРЧИЛД ТОРГУУЛЬ НОГДУУЛЖ БАЙНА

    Цагдаагийн байгууллага иргэдээс гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг бичгээр, амаар, цахим орчинд хүлээн авч шийдвэрлэдэг. Ялангуяа Тээврийн цагдаагийн алба сүүлийн үед иргэдээс замын хөдөлгөөний дүрэм, бусад хууль тогтоомж мөрдөхгүй байгаа зөрчлийн талаарх мэдээллийг олон нийтийн цахим сүлжээ, фэйсбүүк хуудсаар авч, шалгаж шийдвэрлэж байгаа аж. Энэ үйл ажиллагааг илүү боловсронгуй болгох үүднээс Тээврийн цагдаагийн алба Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран “E Police” аппликейшнийг гаргасан байна.

 

“E Police” аппликейшн нь дотроо дөрвөн функцтэй 

   Нэгд, гэмт хэргийн талаарх мэдээллийг илгээх функцээр дамжуулан хаана, ямар гэмт хэрэг гарсан талаарх зураг болон холбогдох мэдээллийг илгээх боломжтой.

   Хоёрт, зөрчлийн талаарх мэдээлэл илгээх функцтэй. Уг функц нь  дотроо дөрвөн төрлийн зөрчлийг хамааруулдаг юм байна. Тухайлбал, гарц, гарам хааж тавьсан, удаан зогсох журам зөрчөөд байрлуулсан, урсгал сөрсөн, тэмдэг тэмдэглэгээ зөрчсөн мэдээллийг хүлээн авдаг аж.

   Гуравт, зам тээврийн ослын талаарх мэдээллийг илгээж мэдээлэл дамжуулахдаа  хоёр тал хоорондоо харилцан маргаангүй, ослын улмаас хүний амь нас, хүний эрүүл мэнд хохироогүй, жолооч тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож, осол гаргаагүй тохиолдолд ослынхоо зургийг аппликейшны камераар дарж, илгээж, асуудлаа шийдэх боломжтой юм байна.

   Дөрөвт, тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх, түр саатуулсан талаарх мэдээллийг илгээж, дамжуулан гарц, гарам хааж тавьсан, удаан зогсох журам зөрчөөд байрлуулсан тээврийн хэрэгслийн зургийг дарж, серверт дамжуулахад Тээврийн цагдаагийн газрын зааврын дагуу ачилтын компани тухайн дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Тээврийн цагдаагийн албаны сервер шаардлага хангасан зөрчлийн мэдээллийг хүлээн авч, баталгаажсан тохиолдолд Бэлэн бус байдлаар торгууль оногдох журмын дагуу тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрийн хаягаар торгуулийн мэдээлэл очих аж.

Хамгийн гол нь гарсан зөрчлийг 2-3 зургаар баримтжуулах шаардлагатай. Ингэхдээ E Police аппликейшны камерыг ашиглан тухайн зөрчлийн ерөнхий байдал, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, байршил нь тодорхой харагдахуйцаар зургийг дарна.

   Замын хөдөлгөөний осол гэмт, хэрэг зөрчлийн тухай мэдээллийг E Police  аппликейшнээр дамжуулан илгээхдээ тухайн аппликейшны заавартай танилцаж, хувийн мэдээллээ үнэн зөв бөглөж, гар утасныхаа GPS буюу байрлал тогтоогчоо асаасан байх шаардлагатай. Е Police аппликейшн нь зөвхөн зурган мэдээлэл хүлээж авдаг учраас бичлэг илгээх боломжгүй. Хэрвээ ноцтой зөрчлийг дүрс бичлэгээр баримтжуулсан бол Тээврийн цагдаагийн албаны фэйж хуудас руу илгээж болох юм байна.

 

Эх сурвалж: https://news.mn/r/2012987/