ЧИНГИС ХААНЫ ӨВ, СОЁЛЫН ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХААР БОЛЛОО

   Засгийн газрын ээлжит хурлаар "Чингис хааны өв, соёлын хүрээлэн" байгуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

   Тус хүрээлэнг байгуулснаар "Мянганы суут хүн-Чингис хаан"-ы Монголын болон дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг гадаад, дотоодод дагнан сурталчлах, таниулах, Чингис хаан судлалыг Монгол судлалын бие даасан салбар шинжлэх ухаан болгон хөгжүүлэх боломж бүрдэж байгаа юм.

   Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын сарын 10-ны өдрийн 142-р тогтоолоор баталсан “Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөрт “Мянганы суут хүн Их эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын үндэсний паркыг Хэнтий аймагт байгуулахаар, тус аймгийг түүхэн аялал жуулчлалын өлгий нутаг болгохоор тусгасан юм.

   Иймд Монгол улсын 2018 оны төсвийн тухай хуулийн хүрээнд Чингис хот-Норовлин-Дадал чиглэлийн 250 км хатуу хучилттай авто зам барих, “Их Монгол улс, Монголын эзэнт гүрэн” цогцолборыг Биндэр суманд, “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө” цогцолборыг Батноров суманд байгуулахаар болжээ.

   Мөн  Чингис хааны төрсөн нутаг Дадал суманд “Мянганы суут хүн–Их эзэн Чингис хаан” төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бүтээн байгуулахаар өнгөрсөн онд Засгийн газраас шийдвэр гаргасан бөгөөд эдгээр томоохон бүтээн байгуулалтын ажлууд тухайн орон нутагт эхлээд явж байгаа юм байна.

     Эх сурвалж: www.zasag.mn