МОНГОЛ УЛСЫН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦААТАЙ 10 ОРНЫ ТАЛААР

   Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн айлчлалын үеэр Монгол Улс, АНУ Стратегийн түншлэлийн харилцаатай болж буйгаа зарласан билээ. Энэ нь Монгол Улсын Стратегийн түншлэлийн харилцаатай болж буй тав дахь улс болж буйг албаныхан онцолсон.

   Өмнө нь Монгол Улс:

  • -БНХАУ
  • -ОХУ
  • -Япон
  • -БНЭУ-тай Стратегийн түншлэлийн харилцаа тогтоогоод байсан юм.

   Дээрх таван улсаас БНХАУ-тай Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай гэдгээрээ нөгөө дөрвөн улсаас гадаад харилцааны хувьд илүү ахицтай явж байгаа гэж хэлж болно.

   Тэгвэл энэ онд болох Халх голын дайны ялалтын 80 жилийн ойгоор ОХУ-тай БНХАУ-тай байгуулсан шиг Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоохоор ажиллаж буйг мэдэгдсэн билээ.

   Монгол Улсын хувьд дэлхийн 192 улстай дипломат харилцаатай бөгөөд эдгээрээс түншлэлийн харилцаатай нийт 10 улс одоогоор байна. Эдгээр 10 улсаас Стратегийн түншлэлийн харилцаатай нь дээрх тав болж байна.

   Бусад таван түншлэлийн харилцаатай улсад:

  • -БНСУ
  • -ХБНГУ
  • -БНТУ
  • -Канад
  • -Австрали гэсэн улстай түншлэлийн харилцаатай.

   УИХ-ын 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор батлагдсан Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд Монгол Улсын улс төрийн гадаад бодлогын нэг хэсэг нь “АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ,   Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх” гэж заасан байдаг.

   Монгол Улс уг бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өндөр хөгжилтэй орнуудтай улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, хүмүүнлэгийн салбарт хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж байгаа билээ.

   Ингэснээр өнөөдрийн байдлаар Монгол Улс түншлэлийн харилцаатай 10 улстай болсон нь энэ юм.

   Түншлэлийн харилцаатай улс орнуудын баримт бичгүүдийн мэдээлэл:

Улс

Түншлэлийн харилцаа

Эрх зүйн үндэс

1

БНХАУ

Иж бүрэн стратегийн түншлэл

2014 онд БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад айлчлах үеэр гаргасан “Хамтарсан тунхаглал”

2

ОХУ

Стратегийн түншлэл

2006 онд Ерөнхийлөгч Н.Энхбаярын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр гаргасан “Москвагийн тунхаглал”

3

Япон

Стратегийн түншлэл

2010 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Японд хийсэн айлчлалын үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл”

4

БНЭУ

Стратегийн түншлэл

2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад айлчлах үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл”

5

АНУ

Стратегийн түншлэл

2019 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр гаргасан “Хамтарсан тунхаглал”

6

БНСУ

Иж бүрэн түншлэл

2011 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Баг манай улсад айлчлах үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл”

7

ХБНГУ

Иж бүрэн түншлэл

2008 онд ХБНГУ-ын Ерөнхийлөгч Хорст Көлер манай улсад айлчлах үеэр гаргасан “Хамтарсан тунхаглал”

8

Турк

Иж бүрэн түншлэл

2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди БНТУ-д айлчлах үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл”

9

Канад

Өргөн хүрээтэй түншлэл

2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди Канад улсад айлчлах үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл”

10

Австрали

Өргөн хүрээтэй түншлэл

2007 онд Австралийн Гадаад хэргийн сайд Александр Доунэр манай улсад айлчлах үеэр хийсэн мэдэгдэл

 Эх сурвалж: https://ikon.mn/n/1n0v