ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛӨӨР ЭРТ ТЭТГЭВЭРТ ГАРСАН 21208 ИРГЭНИЙ ТЭТГЭВЭР 2020 ОНООС 50 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ

   2019 оны 11 сарын 05-ны өдөр Байнгын хорооны хуралдаанаар Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

   Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ. Үүнд, Улсын Бага Хурлаас 1990 оны 11 дүгээр сард “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Тэтгэврийн хууль”-ийг шинэчлэн баталсан бөгөөд энэхүү шинэчлэлийн нэг өөрчлөлт нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд болон улсад олон жил ажилласан хүмүүсийг онцгойлон үзэж хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгох эрхийг хуульчилсан явдал байв. Гэвч хөнгөлөлттэй нөхцөлөөр залуу насандаа тэтгэвэр тогтоолгосон, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийн ажилласан жил цөөн, тэтгэвэр тогтоолгосон цалингийн хэмжээ бага байгааг харгалзан тэтгэврийн хэмжээг нь нэг удаа тусгайлан нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар болсон гэдгийг сайд танилцуулсан байна.

 Ингээд хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Тухайлбал, Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, Ц.Цогзолмаа нарын 12 гишүүний өргөн мэдүүлсэн “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжаваас өргөн мэдүүлсэн “Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслүүдтэй нэгтгэн, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийг суурилж, төслийн нэрийг “Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” гэж өөрчлөх нь зүйтэй гэж үзэв. Мөн хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “эхчүүд, эмэгтэйчүүдийн” гэснийг “зарим иргэдийн” гэж өөрчлөх, төслийн 1 дүгээр зүйлд “1.4.Нийтдээ 32-оос дээш жил ажилласан, 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй” гэсэн агуулгатай 1.4 дэх хэсгийг нэмэх зарчмын зөрүүтэй саналыг дэмжлээ.

   1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан БНМАУ-ын Тэтгэврийн тухай хуульд заасан хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн хэмжээг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх зорилготой юм.

  Хуулийн төсөл батлагдсанаар 1997 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарсан 21208 иргэний суурь тэтгэврийн хэмжээ ирэх оноос 50 мянган төгрөгөөр нэмэгдэх юм байна.

    Эх сурвалж: http://www.parliament.mn/n/8zky