Хууль бус аргаар НӨАТ-ын сугалаанд азтан болох боломжгүй.

    НӨАТ-ын сугалаанд хууль бус аргаар азтан болох боломжтой эсэхийг Гааль татвар, санхүүгийн Мэдээлэл технологийн төвийн Сугалаа зохион байгуулах албаны менежер Б.Чинзоригоос тодрууллаа.

-Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр НӨАТ-ын урамшууллын системд ажиллаж буй хүмүүс 30 удаа сугалаанд хожсон гэх мэдээлэл гараад байна. Системд хууль бусаар халдаж сугалаанд хожих боломжтой юу?

-Уг мэдээлэл 2016 оны есдүгээр сарын 14-нд анх гарч байсан. Манай өмнөх удирдлагын зурагтай мэдээллийг энэ жил ахин олон нийтийн сүлжээнд тарааж, иргэдэд худал мэдээлэл өгч байна.

Албан ёсоор хэлэхэд уг мэдээ ор үндэсгүй, худал зүйлээр дүүрсэн байсан. Манай ямар нэг ажилтан сугалаанд 30 удаа азтан болж байгаагүй. Одоогоор ажилтнуудаас 20 мянган төгрөг нэг удаа, 100 мянган төгрөг нэг удаа хожсон тохиолдол байна.

Бид анх 2016 оны есдүгээр сард дээрх худал мэдээлэл гарсны дараа албаны хүмүүсээр байгууллагадаа шалгалт хийлгэсэн. Энэ жил ахин ийм мэдээлэл гарч байгаа учраас бид ЦЕГ-ын Кибер Аюулгүй байдлын газарт хандаж шалгалт хийлгэх хүсэлтээ тавьсан байгаа. Иргэдэд сайн тайлбарлаж хэлэхгүй бол програмын аргаар сугалаанд хожиж болно гэсэн буруу ойлголттой байгаад байна.

Сугалааны тохирол бөмбөлөг үлээх зарчмаар буюу ямар нэгэн програм ашиглагдахгүй, санамсаргүй түүврийн аргаар явагддаг.

Энэ процесст хяналт тавьдаг ажлын хэсэгт Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Стандартчилал Хэмжилзүйн Газар, Сангийн Яам, Татварын Ерөнхий газрын албаны хүмүүс багтдаг бөгөөд сугалаа явагдаж буй газар хяналт тавьж ажиллаж байгаа.

-Сугалааг бөмбөлөг үлээх зарчмаар явуулах нь хэр баталгаатай, шударга байдаг вэ?

-Манай сугалаанд ашиглагддаг бөмбөлөгний жингийн зөрүү хамгийн ихдээ 0.03-0.06 грамм байдаг. Маш бага жингийн зөрүүтэй учраас бөмбөлөгийг тааруулах боломжгүй.

-Бөмбөлөг үлээж сугалааны дугаар гарсны дараа програмын аргаар сугалаа тааруулах боломж байгаа юу?

-Тийм боломж байхгүй. Есдүгээр сарын 17-ны өдрийн сугалааны тохирол дээр жишээ авч тайлбарлая. Бид наймдугаар сарын 1-нээс 30-ны хооронд хэвлэгдэж, есдүгээр сарын 16-ны 23 цаг 59 секунд хүртэл бүртгэгдсэн баримтуудын дунд сугалаа явуулсан.  

Хэвлэгдэж, баталгаажсан төлбөрийн баримтуудын тухай датаг бид сугалаа болохоос өмнө гаргаж, телевиз дээр аваачаад азтануудыг тодруулдаг. Хамгийн сүүлийн сугалаанд 13 сая орчим бүртгэгдсэн төлбөрийн баримт оролцсон. Бид телевиз дээр азтан тодруулсны дараа шууд зарладаг.

Тиймээс сугалааны дугаар гарсны дараа програм дээр нэмэлт үйлдэл хийж, сугалаа тохируулна гэсэн ойлголт байхгүй.

-НӨАТ-ын урамшууллын систем манай улсын эдийн засгийн чухал мэдээллүүдийг агуулж буй. Гадаад болон дотоодоос мэдээлэл хулгайлагдахын эсрэг, системийн аюулгүй байдлын тал дээр хэрхэн ажилладаг вэ?

-Мэдээллийн аюулгүй байдлыг манай Гааль татвар, санхүүгийн Мэдээлэл технологийн төв сайн хангаж ажилладаг. Ebarimt систем рүү гадаадаас хандалт авдаггүй. Зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс хандах боломжтой.

Манай сервер Үндэсний Дата Төв (ҮДТ)-ийн дэд бүтцийг ашигладаг тул байгалийн гамшиг, цахилгаан тасалдал, хулгай зэрэг эрсдлээс бүрэн хамгаалагдсан. Үндэсний Дата Төв нь байнгын улсын тусгай хамгаалалтанд байдаг обьект юм.  Өгөгдөл хадгалж буй сервер компьютер бүр нөөц сервертэй. Аль нэг сервер, компьютер ажиллахгүй тохиолдолд нөөц сервер компьютер ажлыг үргэлжлүүлэхээр зохицуулагдсан байдаг

Одоогийн байдлаар Ebarimt.mn-ийг хакердсан асуудал гараагүй байна.

Системийн аюулгүй байдал дээр ялангуяа дата баазыг хамгаалах асуудал дээр бид маш сайн анхаардаг. Манай төв дээр аюулгүй байдлын чиглэлээр мэргэжлийн баг ажиллаж байгаа. Тиймээс хэрэглэгчид системийн аюулгүй байдлын талаар санаа амар байж болно.

-Нэг хүн сугалаанд олон удаа хожсон тохиолдол бий юу?

-Тийм тохиолдол бий. Энэ нь дэлгүүр, худалдааны төвүүдэд хэрэглэгчдийн үлдээсэн төлбөрийн баримтыг их хэмжээгээр бүртгүүлснээс болсон. Гэхдээ эдгээр хүмүүсийг Татварын Ерөнхий Газрын Эрсдлийн удирдлагын газартай хамтран хянаж байдаг.

Иргэд худалдан авалт хийж байгаа байгууллагуудаас төлбөрийн баримтаа заавал нэхэж авах хэрэгтэй. Үгүй бол таны төлбөрийн баримтыг ашиглаж сугалаанд оролцох магадлалтай.

-НӨАТ-ын систем хэрэгжиж эхэлснээс хойш нийт хэдэн азтан хэчнээн төгрөг хожсон бэ?

-Иргэдийн дунд НӨАТ-ын сугалаанд цөөхөн хүн хождог, эсвэл хамаатан садных нь хүмүүс их хождог гэх мэт буруу ойлголтууд бас бий. Манай сугалаанд 2016 онд иргэд 86,154 ширхэг төлбөрийн баримтаар оролцож, нийт 3.5 тэрбум төгрөгийг сугалааны хонжвор хэлбэрээр буцааж авсан байна.

2017 оны эхний есөн сарын байдлаар 79,701 ширхэг төлбөрийн баримтаар 2.9 тэрбум төгрөгийн сугалааны хонжворыг иргэд авчээ.

Сугалааны тохирол нь тухайн сард  баталгаажсан төлбөрийн баримтаас хамаарч сугалааны азтан хэд байх вэ гэдэг нь тодорхойлогдоно. Жишээ нь 2017 оны есдүгээр сарын 17-нд болсон сугалааны тохиролд 13 сая төлбөрийн баримт оролцож 13,181 азтан тодорсон байна.

Сар бүр үндсэн тохирлоор энэ хэмжээний азтанууд 20 мянгаас 100 сая хүртэлх төгрөг хождог. Супер сугалаанд ч хожих боломж хүн бүрт нээлттэй байгаа. Иргэд төлбөрийн баримтаа идэвхтэй бүртгүүлсэнээр сугалаанд хожих магадлал өснө.

Ebarimt.mn цахим системд давхардсан тоогоор 1.2 сая гаруй данс одоогоор бүртгэлтэй байна. Монгол Улсын өрх бүрт дор хаяж нэг данс бий.

Өнгөрсөн онд 497 мянган иргэн 35.5 тэрбум төгрөгийг НӨАТ-ын 20 хувийн буцаалтыг урамшуулал хэлбэрээр авсан байна. Энэ онд одоогийн байдлаар 600 гаруй мянган иргэн 40 гаран тэрбум төгрөгийн  НӨАТ-ын буцаан олголт авахаар байна. Иймд та бүхэн баримтаа идэвхтэй бүртгүүлж, сугалаанд оролцон ирэх онд төлсөн НӨАТ-ынхаа 20 хүртэл хувийн буцаан олголтыг аваарай.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Эх сурвалж: ikon.mn