ЗЭЭЛИЙН ХҮҮНИЙ ХУВИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ "Зээлийн хүүний хувийн дээд хэмжээг тогтоох тухай" хуулийн төсөл санаачилж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна. Хуулийн гол зорилго нь банк болон банк бус санхүүгийн байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд олгох зээлийн хүүний хувийн зохистой дээд хэмжээг тогтоох, Төв банк бодлогын хүүг, арилжааны банк зээлийн хүүний хувь хэмжээг хуулиар тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр тогтоох, хуулиар тогтоосон зээлийн хүүний хувийн дээд хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих зэрэг юм. Энэхүү хуулийн төсөлд зааснаар банкнаас иргэн, хуулийн этгээдэд олгох зээлийн хүүний дээд хэмжээ нь жилийн 18 хүртэл хувь, банк бус санхүүгийн байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд олгох зээлийн хүүний дээд хэмжээ нь жилийн 35 хувь хүртэл байхаар хуульчлах юм байна. Энэхүү хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, хуулийн төсөлд санал өгөхийг хүсвэл  Улсын Их Хурлын www.parliament.mn  вэбсайтад хандах боломжтой.