ХИЛИЙН БҮСЭД МӨРДӨГДӨХ ДҮРЭМ ЖУРМЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ

Монгол Улсад төмөр замаар нэвтэрч буй зорчигч, жуулчдыг олон улсын галт тэргэнд Монгол Улсын төрийн тусгай чиглэлийн байгууллагууд салбар тус бүрийн хууль, тогтоомжийн хүрээнд шалгадаг. Олон улсын галт тэргээр зорчиж буй гадаад дотоодын иргэд мөрдөгдөх дүрэм журам, хууль тогтоомжийн талаар мэдээлэлгүй байдгаас зорчигчийн эрх зөрчигдөх асуудлууд гардаг байна.

Тиймээс гадаад дотоодын жуулчдын аюулгүй, тав тухтай байдлыг хангах, мэдээлэл авах хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Олон улсын зорчигчдын суудлын галт тэрэгний үйлчлэгч нарт Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгөх сургалтыг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Сургалтаар олон улсын галт тэргээр зорчиж буй зорчигчдын зайлшгүй мэдэж байх зүйлс, зорчигч тээвэрлэгч төмөр замын ажилтнуудад тавигдах шаардлага, тээвэрлэгч зорчигчид ямар шаардлагыг хангуулсан байх болон нийтлэг гардаг зөрчил, дутагдлын талаар Хил Хамгаалах Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас холбогдох мэргэжилтнүүд сургалтыг явуулна.

Цаашид сургалтаар өгсөн мэдээллүүдийг нэгтгэж, зорчигчдын гарын авлага болгон монгол болон гадаад хэлээр хэвлүүлж, Олон улсын зорчигчийн галт тэргэнд байрлуулах аж гэж нийслэлийн аялал жуулчлалын газар мэдээллээ.

Эх сурвалж: www.tourism.ub.gov.mn