ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ, АНХААРВАЛ ЗОХИХ ЗАРИМ АСУУДАЛ

Гэрээ нь талуудын чин хүсэл зориг, тэгш эрх, харилцан тэнцвэрт байдлын үндсэн дээр байгуулагддаг тэдгээрийн хоорондын харилцан хамаарал бүхий үйлдлийн дарааллыг тусгайлан зохицуулах зориулалттай баримт бичиг юм. Иймд талууд гэрээ байгуулахдаа тэгш эрхтэйгээр хүсэл зоригоо илэрхийлж, хуульд нийцүүлэн өөрсдөө журмаа чөлөөтэй тохиролцох боломжтой байдаг.

Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 24-р бүлэг буюу 281-286 дугаар зүйлд тусгагдсан байдаг.

1.      Зээлийн гэрээний үндсэн шинж:

·         Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг онцлогтой;

·         Мөнгө буюу төрлийн шинжтэй эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно;

·         Зээлийн гэрээнд талууд хүү төлөхөөр тохиролцож болно.

 

2.      Зээлийн гэрээнд тусгах шаардлагатай заалт:

Иргэний хуульд заасан гэрээний үндсэн шаардлага тавигдахаас гадна

·         Зээлийн хэмжээ;

·         Хүү тооцохоор тохирсон бол хүүгийн хэмжээ;

·         Гэрээний хугацаа /Эргэн төлөх хугацаа/;

·         Хариуцлага /Алданги, торгууль гэх мэт/.

 

3.      Зээлийн гэрээний хүү, зээл олгохоос татгалзах:

·         Зээлийн гэрээний хүүг талууд харилцан тохиролцож тогтооно. Хэрэв хүүгийн хэмжээ нь Зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой байхаар бол зээлдэгчийн хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болдог;

·         Хүү төлөхөөр тогтоосон зээлийн гэрээг заавал бичгээр байгуулах ба гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд Зээлдэгч Зээлдүүлэгчээс хүү авах эрхээ алддаг;

·         Зээл авах гэж байгаа этгээдийн эд хөрөнгийн байдал доройтсоны улмаас зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл бий болохоор байвал зээл олгохоор амласан этгээд зээл олгохоос татгалзах эрхтэй.

4.      Зээлийн гэрээний хугацаа:

·         Зээлийн гэрээнд зээл буцаан төлөх хугацаа тогтоогоогүй бол Зээлдүүлэгч зээлийг буцаан төлөхийг шаардсанаас хойш нэг сарын дотор Зээлдэгч үүргээ биелүүлнэ;

·         Зээлийн гэрээгээр хүү тогтоосон бол гагцхүү талууд урьдчилан тохирсон буюу зээлдүүлэгч зөвшөөрсөн тохиолдолд зээлийг хүүгийн хамт гэрээний хугацаанаас өмнө буцаан өгч болно. Харин зээлийн гэрээгээр хүү тогтоогоогүй бол зээлдэгч гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлийг буцаан өгөх эрхтэй.

5.      Зээлийн гэрээ байгуулсанд тооцох:

·         Зээлдүүлэгч мөнгө буюу эд хөрөнгийг Зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох ба талууд шаардлагатай гэж үзсэн тохиолдолд зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлж болно;

·         Зээлийг бэлэн мөнгөөр Зээлдэгчид шилжүүлэх тохиолдолд “Мөнгө хүлээлцсэн тухай баримт” үйлдэж, талуудын гарын үсгээр баталгаажуулах нь зээлийн гэрээнээс учирч болох эрсдэл, маргаанаас сэргийлэх давуу талтай.

6.      Зээлийн гэрээ байгуулах хэлбэр:

·         Зээлийн гэрээг бичгээр байгуулна. Иргэд хоорондын энгийн зээлийн гэрээг амаар байгуулж болох боловч маргаан үүссэн тохиолдолд талуудын хоорондын асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл учрах нь бий;

·         Амаар байгуулсан гэрээний зохицуулалтыг нотлох боломжгүй байхаас гадна хүү, алданги тооцох боломжгүй.