ИННОВАЦИЙН ТАЛААРХ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ

    УИХ-аас 2012-05-22-ны өдөр Инновацийн тухай хуулийг батлан, 2012-07-05-ны өдрөөс дагаж мөрдөж байна. Тус хуулиар инновацийн үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, төрийн дэмжлэг, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулан эзэмших, ашиглах, эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулждаг. Мөн инновацийн тухай хууль тогтоомжид  Монгол Улсын Үндсэн хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай, Дээд боловсролын тухай, Компанийн тухай, Патентын тухай, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт орно.
   Инновацийн тухай хуулиар дараах нэр томьёог тайлбарлажээ. Үүнд:

- “инноваци” гэж шинэ мэдлэгийг баялаг болгон хувиргах цогц үйл явцыг;

- “шинэ мэдлэг” гэж шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ашиглаж болохуйц, эрхийн хамгаалалт хийгдсэн оюуны бүтээлийг;

- “инновацийн үйл ажиллагаа” гэж шинэ санаа, шинэ мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, технологи, ажил, үйлчилгээг бий болгож зах зээлд нийлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг;

- “инновацийн бүтээгдэхүүн” гэж энэ хуулиар тогтоосон шаардлага, нөхцөлийг хангасан, зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, үйлчилгээнээс техник, эдийн засгийн үзүүлэлт, шинжлэх ухааны багтаамж, нэмүү өртөг бий болгох болон өрсөлдөх чадвараар илүү инновацийн үйл ажиллагааны үр дүнг;

- “инновацийн төсөл” гэж санхүүжилтийн шаардлага, зохион байгуулалтын нөхцөлд нийцүүлэн инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх цогц үйл ажиллагааг тодорхой цаг хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг ойлгоно.

Инновацийн үйл ажиллагааны удирдлагын тогтолцоог Засгийн газар, яам, агентлаг, шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл, нутгийн захиргааны байгууллага бүрдүүлэх ба дараах зарчмыг баримтлан ажиллана:

§  Үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх инновацийн үйл ажиллагаа явуулахгүй байх;

§  Инновацийн төсөл нь инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлд нийцсэн, шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн дэвшилтэт ололтыг ашигласан байх;

§  Инновацийн үйл ажиллагаа нь эдийн засаг, нийгмийн өндөр үр ашигтай байх;

§  Инновацийн үйл ажиллагааны төрийн дэмжлэг нь ил тод, шударга, нээлттэй байх;

§  Инновацийн үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тэгш эрхтэй, чөлөөтэй оролцох;

§  Инновацийн үйл ажиллагааны үндэслэл бүхий эрсдэлийг төр болон бусад санхүүжүүлэгч этгээд хүлээн зөвшөөрөх зэрэг болно.

Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (одоо Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан Спортын яам)-аас инновацийн төслийг хэрэгжүүлнэ. Ингэхдээ Засгийн газраас баталсан журмыг баримтлах ба 2014-09-18-ны өдөр баталсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам” үйлчилж байна.

Хэрэв та инновацийн төсөл боловсруулж байгаа бол дараах шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:

· Инновацийг бий болгох нэгдсэн зорилго бүхий саналыг агуулсан байх;

· Хэрэгжүүлэх гэж байгаа төслийн давтагдаагүй байдал болон оюуны өмчийн эрхийн батаалгаажилтыг нотолсон байх;

· Инновацийн төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон үр ашгийн тооцоог хийсэн байх.

Дээр дурдсан инновацийн үйл ажиллагааны зарчимд нийцэхгүй, шаардлага хангаагүй болон дараах инновацийн төсөлд дэмжлэг үзүүлэхгүй:

   §  Инновацийн үйл ажиллагааны санхүүжилт хүсэгч этгээд нь Монгол Улсаас өөр улсад бүртгэлтэй бол;

   §  Инновацийн үйл ажиллагааны санхүүжилт хүсэгч этгээд нь төсөв болон банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөртэй бол;

   §  Хуульд заасан бусад үндэслэл болно.

Мөн инновацийн бүтээгдэхүүнд шаардлага тавигдсан байна. Үүнд:

   o    Монгол Улсад шинээр үйлдвэрлэгдэж байгаа, эсхүл зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээтэй харьцуулахад өрсөлдөх чадвар, техник, эдийн засгийн үзүүлэлтээр илүү байх;

   o    импортыг орлох буюу экспортын нөөцийг өсгөхөд чиглэсэн байх;

   o    бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нь оюуны өмчийн эзэмшигч байх, эсхүл түүний эзэмшигчтэй лицензийн гэрээ байгуулсан байх зэрэг орно.