ХҮНИЙ ЭЦЭГ, ЭХ БАЙХ ЭРХИЙГ ДАРААХ ТОХИОЛДОЛД ХАСАХААР ЗОХИЦУУЛСАН БАЙНА

   Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд хүний эцэг, эх байх эрхийг дараах тохиолдолд  хасахаар зохицуулсан. Үүнд:

    -Эцэг, эх  байх эрхээ урвуулан ашигласан /хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр/, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан,

    -бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан,

    -хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн,

    -согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүн.

   Эцэг, эх байх эрх хасуулах тухай нэхэмжлэлийг эцэг буюу эх нь, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага тухайн эцэг, эхийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.

   Шүүх эцэг, эх байх эрх хассан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад явуулна.

   Эх сурвалж: www.legalinfo.mn