ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ ГАЗАР АШИГЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ

   Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох талаар Монгол Улсын Байгаль орчны сайдын /хуучнаар/ 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 218 дугаар тушаалаар зохицуулсан.

   Уг тушаалд Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хэрэгжүүлэх төслийг доорх шалгуураар хянан үзэж газар ашиглах зөвшөөрөл олгохоор зохицуулжээ.

1. Төсөл  хэрэгжүүлэгч уг төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадвартайг нотолсон эрх бүхий байгууллагын  баталгаа

2. Татварын болон  банкны  өргүй гэдгийг баталсан баримт бичиг

3. Тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөний чиглэл, зорилгод тохирсон эсэх

4. Гэрчилгээний үнэ, тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал эрхлэх эрхийн бичиг олгосны хураамж төлбөр баримт  

   Дээрх шаардлагыг хангаагүй тохиолдолд зөвшөөрөл олгохоос татгалзсан шалтгаан, үндэслэлийг тодорхой бичсэн албан тоотыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ажлын 15 хоногийн дотор явуулна. Харин шалгуурыг бүрэн хангасан тохиолдолд  байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгүүлнэ.

   Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэсэн Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага төсөлдөө "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай" хуульд заасан хугацаанд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэнэ.

   Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно.

   Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, БО-ны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна.

   Харин Тусгай хамгаалалттай газар нутагт  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ашиглахаар санал гаргаж буй газрууд давхацсан тохиолдолд төслүүдэд нь хяналт шинжилгээ хийж байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар авах арга хэмжээний зардал, үр өгөөжийн байдал зэргийг харгалзан сонголт хийнэ.

   Эх сурвалж: Монгол Улсын Байгаль орчны сайдын /хуучнаар/ 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 218 дугаар тушаал