САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 210 ДУГААР ТОГТООЛООР “БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИСТОЙ ХАРЬЦААНЫ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ ТООЦОЖ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЖЭЭ

   Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 210 дугаар тогтоолоор “Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журмыг шинэчлэн баталсан байна.

  Энэхүү “Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журмын зорилго нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны эрсдэлийг урьдчилан тооцох, үнэлэх, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Хорооноос тогтоож, түүний биелэлтэд хяналт тавихад оршино.

   Банк бус санхүүгийн байгууллага нь өөрийн үйл ажиллагааны эрсдэлийг үнэлэх, хяналт тавин удирдах зорилгоор Хорооноос тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтээс гадна бусад хэм хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн боловсруулж, дотооддоо мөрдүүлж болно.

  Банк бус санхүүгийн байгууллага нь дараах зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллана.

1. Өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт;

2. Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт;

3. Актив хөрөнгийн төвлөрлийн үзүүлэлт;

4. Гадаад валютын ханшийн эрсдэлийн үзүүлэлт;

5. бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн үзүүлэлт;

6. үндсэн хөрөнгийн үзүүлэлт.

   Мөн энэхүү журмын гуравдугаар зүйлээр Өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтийн зохистой харьцааг, дөрөвдүгээр зүйлээр Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааг, тавдугаар зүйлээр Актив хөрөнгийн төвлөрлийн үзүүлэлтийн зохистой харьцааг, зургаадугаар  зүйлээр Гадаад валютын ханшийн эрсдэлийн зохистой харьцааг, долдугаар зүйлээр бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн үзүүлэлтийн зохистой харьцааг наймдугаар үндсэн хөрөнгийн зохистой харьцааг тус тус нарийвчлан зохицуулсан байна.

   Банк бус санхүүгийн байгууллага нь дараах зохистой харьцааны тайланг:

1. Өөрийн хөрөнгө, нийт эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцааны тайлан;

2. Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын тайлан;

3. Гадаад валютын ханшийн эрсдэлийн тайлан;

4. Активын эрсдэлийн сангийн хүрэлцээ, хангамжийн судалгааны тайлан;

5. 40 том зээлдэгчид олгосон зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгийн тайлан,

6. Хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтанд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгийн тайлан;

7. Ипотекийн зээлийн тайлан;

8. Үнэт цаасны төвлөрлийн тайлан;

9. Банк, санхүүгийн байгууллага, төсөл хөтөлбөр, бусад эх үүсвэрээс татсан зээлийн тайлан,

10. Өрийн бичгийн тайлан;

11. хөрөнгө, эх үүсвэрийн эргэн төлөгдөх хугацааны тайлан;

12. тэнцлийн гадуур бүртгэлтэй хүлээж болзошгүй үүрэг, төлбөрийн баталгааны судалгааны тайлан;

13. зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн нэгдсэн тайланг улирал бүр гаргаж, дараа улирлын эхний сарын 10-ны өдрийн дотор Хороонд бичгээр болон цахимаар ирүүлнэ.

  Банк бус санхүүгийн байгууллага нь дараах мэдээг:

1. Зээл олголт, эргэн төлөлт, зээлийн зориулалт, хүүгийн судалгааны мэдээ;         

2. Итгэлцлийн үйлчилгээний төвлөрлийн мэдээ ;

3. Цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээний мэдээ;

4. Сар тутмын валют арилжааны мэдээг сар бүр гаргаж, дараа сарын 10-ны өдрийн дотор Хороонд цахимаар ирүүлнэ.

   Эдгээр тайлан мэдээг санхүүгийн тайлангийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгож, өссөн дүнгээр тайлагнана.

   Эх сурвалж: https://www.legalinfo.mn/annex/details/9962?lawid=14566