“150 МЯНГАН АЙЛ-ОРОН СУУЦ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

   Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасны дагуу Засгийн газраас “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр баталсан. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь төв, суурин газарт амьдардаг нийт өрхийн дийлэнх олонхын худалдан авах чадварт нийцсэн, Монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, инженерийн бүрэн хангамжтай орон сууцтай болох нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

   Хөтөлбөрийн зорилгыг дараах зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ:

  • Орон сууцны санхүүжилтийн тогтолцоо, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох,
  • Хот, суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөх замаар байгаль орчинд ээлтэй, ашиглалтын зардал багатай инженерийн дэд бүтцэд тохилог гэр, амины болон нийтийн орон сууцны хороолол болгон хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх,
  • Байгалийн нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал багатай, ногоон хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг дэмжих,
  • Төрийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгийн иргэдийн орон сууцны хангамж, нөхцөлийг сайжруулах.

Хөтөлбөрийг 5 жилийн хугацаанд дараах үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

  1. 1-р үе шат: 2019-2020 он,
  2. 2-р үе шат: 2021-2023 он.

  

   Эх сурвалж: Төрийн мэдээлэл сэтгүүл. 2019 оны 10 дугаар сарын 07 №38/1091/