ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ШИНЭЧЛЭГДСЭН БАТЛАГДЛАА

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ШИНЭЧЛЭГДСЭН БАТЛАГДЛАА

 

    Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 07 дугаар сарын 8-ны өдөр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийг баталсан бөгөөд уг хууль 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм. Тус хууль нь анх 1996 онд батлагдсанаас хойш 1998 он, 2008 онуудад тус тус нэмэлт өөрчлөлтүүд орж байсан бөгөөд уг хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндсийг тодорхойлж, холбогдох харилцааг зохицуулахаар тусгажээ.

Хуульд замын хөдөлгөөнд оролцож буй дүрэм зөрчсөн явган зорчигч болон жолооч нарт хүлээлгэх торгуулийн хэмжээ, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үүрэг хариуцлага зэргийг нарийвчлан тусгаж өгсөн нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиас онцлог юм.

    Мөн хуулиар тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэдэг тогтолцоог бүхэлд нь шинэчилж, жолооч бэлтгэх сургалтыг мэргэжлийн боловсрол сургалтын түвшинд үнэлэн, сургалтын стандарт, хөтөлбөрийг Хөдөлмөрийн яаманд хариуцуулахаар тусгажээ.

    Тус хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын олон улсын жолоочийн үнэмлэхийг Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцид нийцүүлэн, жолоодох эрхийн үнэмлэхийг үндэслэн олгоно гэж хуульчилсан бөгөөд Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэх Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчлэхгүй юм.

    Мөн хуульд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхой болгож, Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын албыг байгуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн эмнэлгийн цогц арга хэмжээг хэрхэн авах, зам дээр хийгдсэн үзлэгийн болон шүүрт худгийн таг байхгүй алга болсон, эвдэрсэн, замын зорчих хэсгийн түвшинтэй нэг түвшин байрлуулагдаагүйгээс зам тээврийн осол хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн болон зам тээврийн осол хэрэг гарсан бол хариуцдаг аж ахуй нэгж байгууллагаар учирсан хохиролоо нөхөн төлүүлж зөрчлийг арилгуулан, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгргөөр торгох, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заажээ.

    Түүнчлэн тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн, замын хөдөлгөөнийг зохицуулах дохио зөрчсөн, хүн тээвэрлэх журам зөрчсөн, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн,тээврийн хэрэгсэл жолоодсон бол торгох, жолоодох эрхийг 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл оногдуулах бөгөөд хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д зааснаар жолоодох эрхийн үнэмлэхийг хүчингүй болгож, тасалбар бичиж өгөх, торгох шийтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хувь тэнцүүлэн тооцон оногдуулж байхаар хуульчилж өгсөн байна.