“Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам” батлагдав.

“Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам” батлагдав.

 

2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Монгол улсын Эрүүл мэнд, Спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан А/138, А/131 дугаар тушаалын хавсралтаар “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам” батлагдан гарсан байна.

Өмнө нь уг харилцааг Хууль зүйн сайдын 1999 оны 73 дугаар тушаалын 1-р хавсралтаар батлагдсан “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-аар зохицуулагдаж байсан хэдий боловч тус журмын 26 дугаар хэсгийн “б”-д “жолооч согтуу байгаа хангалттай үндэслэл байвал жолоочийг тээврийн хэрэгслийн бүхээгнээс гарч шалгуулах шаардлага тавина” гэсэн ерөнхий зохицуулалтаас өөр журамласан зүйл байгаагүй болно.

Харин шинэ батлагдсан журмаар тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж, тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулсан байх бөгөөд ямар шинж тэмдэг илэрсэн үед хэрхэн шалгах, ямар багаж ашиглаж болох, жолооч шалгуулахаас татгалзсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх зэрэг ажиллагааг нэг бүрчлэн тодорхой заажээ.

Тухайлбал, согтууруулах ундааны зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зориулалтын багаж ашиглаж хувь хэмжээг тодорхойлох болон цусан дахь агууламжаар, эсхүл шүүх эмчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай эсэхийг зориулалтын тандах багаж ашиглан тандалт хийж болох бөгөөд дараах тохиолдолд согтуурал шалгах багажаар шалгаж, тогтооно. Үүнд:

- согтууруулах ундааны зүйл үнэртэх;

- тандагч  багажаар шалгахад согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй мэдээлэл гарсан;

- тодорхой нөхцөл байдалд тохирохгүй зан үйлдэл /хэл яриа ээдрэх, гацаж түгдрэх зэргээр ойлгогдохгүй байх болон бусдын яриаг ойлгохгүй байх гэх мэт/ гаргах;

- согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг өөрөө хүлээн зөвшөөрсөн.

Харин гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтоох юм байна.