Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар дэд хороо хуралдлаа

Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар дэд хороо хуралдлаа

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр болсон. Тус хуралдаанд УИХ-ын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Батзориг, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн А.Сүхбат, Г.Мөнхцэцэг нарын гишүүд болон албаны төлөөлөл оролцсон.

Хуралдаанаар “Нийслэл хот болон томоохон суурин газрын агаарын бохирдлын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны мэдээлэл, мөн Агаарын бохирдол бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зарим аж ахуйн нэгжийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний танилцуулга гэсэн хоёр асуудлын хүрээнд ярилцсан байна.

Агаарын бохирдлын тусгамдсан асуудлууд, хэрэгжүүлэх арга хэмжээ сэдвээр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол илтгэл тавьсан бөгөөд тус илтгэлт дараах зүйлийг онцлон ярив.Үүнд:

"Улаанбаатар хот дэлхийн агаарын бохирдолтой 50 хотоос 47-д эрэмбэлэгдсэн нь харамсалтай тоо баримт байна. Иймээс холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж, "Цэвэр агаар сан"-г сэргээх, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог шинэчлэн байгуулж, агаарын бохирдлыг бууруулах стратеги, төлөвлөлтөө боловсронгуй болгох, орон нутаг, салбар хоорондын үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй, мөн гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай" гэжээ.

            Мөн Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан илтгэл тавьсан бөгөөд "Нийслэл хотын удирдлагууд агаарын бохирдлыг бие дааж шийдвэрлэх нөөц бололцоо байхгүй. Тиймээс тодорхой саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Үүнээс гадна Агаарын бохирдлыг бууруулах сантай болохыг хүссэн талаар онцлон ярьжээ.

УИХ-ын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Батзориг хэлэлцсэн асуудал, гишүүд, мэргэжилтнүүдийн гаргасан санал, зөвлөмжийг Ерөнхий сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хүргүүлэхээр болсон байна.