ЯПОНЫ КАЗИНОГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТОЙМ

   2016 оны 12 сарын 15-нд батлагдсан Япон улсын Казиногийн тухай хуулийн албан ёсны нэршил нь “Тусгай зориулалтын нэгдсэн амралтын бүсийн хэрэгжилтийг дэмжих тухай хууль” бөгөөд уг хууль нь казиногийн байгууламжуудыг хууль ёсны болгох зорилготой болно.

   Казиног хуульчлах тухай хэлэлцүүлэг анх 2006 онд Чөлөөт ардчилсан нам (Liberal Democratic Party – LDP)-ын “Казиногийн үйл ажиллагааг нэвтрүүлэх тухай Япон улсын суурь бодлого” гэх тайланг танилцуулснаар эхэлсэн байдаг. Улмаар 2016 онд Ерөнхий сайд Шинзо Абэ, Сангийн сайд Таро Асо зэрэг LDP, сөрөг намын хэсэг гишүүд нийлж “Олон улсын аялал жуулчлалыг дэмжих нэгдэл”-ийг үүсгэж казиногийн үйл ажиллагааг хуульчлах хуулийн төслийг санаачлан парламентэд оруулж ирсэн. Тус төсөлд багахан хэмжээний өөрчлөлт орж эцсийн байдлаар батлагдсан. Энэхүү Казиногийн тухай хууль нь шууд казиногийн үйл ажиллагааг зөвшөөрч, хууль ёсны болгоогүй байна. Харин 2 үе шат бүхий хууль тогтоомжийг батлах байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн. Нэгдүгээрт: Нэгдсэн амралтын цогцолборын хөгжүүлэлтийг хэрэгжүүлэх хууль тогтоожийг бий болгох; Хоёрдугаарт: Нэгдсэн амралтын цогцолборын үйл ажиллагааг бодитоор хэрэгжүүлж эхлэх хууль тогтоомжийг батлах. Тус Казиногийн тухай хууль зөвхөн эхний үе шатанд төвлөрч зохицуулсан бөгөөд Япон улсад казиног нэвтрүүлэх суурь бодлого, процессыг зохицуулсан 23 зүйл заалтаас бүрдсэн. Тиймээс казиногийн үйл ажиллагааг бодитоор явуулахын тулд дараа дараагийн хууль тогтоомж шаардлагатай байна.

Японы Казиногийн тухай хууль нь зөвхөн “Газарт суурилсан казино”-г (Land Based Casino) зөвшөөрөхөөр зохицуулсан

   Тус хуулийн 1-р зүйлд “Тусгай нэгдсэн амралтын цогцолборыг бүтээн байгуулах хөгжүүлэх нь аялал жуулчлал болон орон нутгийн эдийн засагт хувь нэмэр оруулахын сацуу санхүүгийн өсөлтийг дэмжих учир энэхүү хуулиар Тусгай нэгдсэн амралтын цогцолборыг бүтээн байгуулах хөгжүүлэх тухай үндсэн бодлого, зарчим, бусад холбоо бүхий асуудлыг зохицуулах, энэхүү харилцааг “Тусгай нэгдсэн амралтын цогцолборыг бүтээн байгуулах хөгжүүлэх нэгдсэн удирдах байгууллага”-ыг байгуулж, хариуцуулах” гэж заасан.

   Дээр дурьдсанчлан уг Казиногийн тухай хууль нь казиногийн үйл ажиллагааг хаана явуулж болох, жуулчдыг хаашаа татах, улмаар аялал жуулчлалыг хэрхэн дэмжих, хөгжүүлэх тухай бодлогын чиглэлийг гаргаж байгаа юм. Мөн онлайн казиног зохицуулаагүй буюу хүлээн зөвшөөрөөгүй байгааг анхаарах хэрэгтэй. Гэвч онлайн казино ирээдүйд өөр тусгай хууль тогтоомжоор хуульчлагдах боломжтой юм.

Казиногийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд (Хувийн хэвшил болон гадаадын казиногийн үйл ажиллагаа явуулдаг этгээд )

   Уг хуулийн 2-р зүйлийн 1-д Тусгай нэгдсэн амралтын цогцолбор нь “казиногийн байгууламж болон бусад байгууламжуудыг хувийн хэвшил байгуулж, үйл ажиллагаа явуулж болно” хэмээн хувийн хэвшилд казиногийн үйл ажиллагаа явуулах хаалгыг нээж өгсөн. Харин нөгөө талд уг хуулиар төрийн байгууллагыг казиногийн байгууламж байгуулж, үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдэд оруулаагүй байна.

   Казиногийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдийг зөвхөн Японд бүртгэлтэй хуулийн этгээдээр хязгаарлаагүй тул гадаадын казиногийн үйл ажиллагаа явуулдаг этгээд ч оролцох боломж нээлттэй болно. Гэвч тухайн Тусгай нэгдсэн амралтын цогцолбор нь “орон нутгийн онцлог, шинж чанарыг тусгаж, орон нутгийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, казиногийн байгууламжийн зохистой үйл ажиллагааг явуулах нийгмийг бий болгоход түлхэц болох хувийн секторын инновацийн ололт, амжилтыг ашиглана”(3-р зүйл) мөн “төр Тусгай нэгдсэн амралтын цогцолборын бүсийг олон улсын түвшинд өрсөлдөхүйц, анхаарал татам, орон нутгийн онцлогийг багтаасан аялал жуулчлалын төв болгоход шаардлагатай арга хэмжээг авах үүрэгтэй” хэмээн заасан.(6-р зүйл)

   Дээрх зохицуулалтуудаас үзвэл гадаадын казиногийн үйл ажиллагаа явуулдаг этгээд Японы зах зээлд оролцох, үйл ажиллагаа эрхлэх шалгаруулалтад оролцохыг хүсвэл Японы засгийн газарт эдийн засаг, санхүүгийн талаас ч тэр орон нутгийн онцлогийг хүлээн авч ойлгосон, орон нутгийн хэрэгцээнд тохирсон бизнесийн төлөвлөгөө, саналыг гаргах шаардлагатай хэмээн таамаглагдаж байна. Иймээс гадны аж ахуй нэгжид тулгарах нэг хүндрэл нь өөрийн орны соёл, онцлогоос тэс өөр газар болох Япон улсын орон нутгийн онцлог, хэрэгцээг таньж мэдэх, түүнд тохирсон хүсэлт, төлөвлөгөөг гаргах явдал юм.

Олон шатлал бүхий сонгон шалгаруулах процесс

   Казиногийн тухай хуулийн 2-р зүйлийн 2-т Тусгай нэгдсэн амралтын цогцолборын бүс нь “Тусгай нэгдсэн амралтын цогцолборын бүс байгуулж болох тухай хариуцаж буй яамны сайдаас зөвшөөрөгдсөн бүс байх” шаардлагатай бөгөөд мөн “орон нутгийн засаг захиргааны хүсэлт” бас их чухал үндэслэл болно. Өөрөөр хэлбэл, юуны өмнө 2 үндсэн шатлал бүхий сонгон шалгаруулах процесс байгаа юм. Нэгдүгээрт: Тухайн Тусгай нэгдсэн амралтын цогцолборын бүс хаана баригдах тухай хариуцаж буй яамны сайдын зөвшөөрөл; Хоёрдугаарт: Тухайн үйл ажиллагаа явуулах орон нутгийн засаг захиргааны сонголт юм.

   Хуульд энэхүү 2 процессын аль нь урьдчилан явагдах талаар тодорхой заагаагүй байна. Гэвч казиногийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж буй гадаадын этгээд эхлээд орон нутгийн засаг захиргаанд таалагдах санал, төлөвлөгөөг тавьж, улмаар тухайн орон нутгийн засаг захиргаа холбогдох яамны сайдад тухайн төлөвлөгөөг хэрэгжүүлэх тухай хүсэлтийг тавих байх хэмээн таамаглагдаж байна. Холбогдох яамны сайд тухайн орон нутгийн хүсэлтэнд үндэслэн тухайн бүс нутаг Тусгай нэгдсэн амралтын цогцолборын бүс байгуулахад зохимжтой эсэх талаар шийдэж, хүсэлтийг зөвшөөрөх эсэхээ шийдэх болно.

   Дүгнээд үзвэл Япон улсын казиног бүрэн хуульчлах тухай хэлэлцүүлэг эрт шатандаа байгаа боловч энэхүү Казиногийн тухай хууль нь гарцаагүй шаардлагатай болоод зайлшгүй хууль тогтоомжийн нэг болох нь тодорхой юм. Тиймээс Тусгай нэгдсэн амралтын цогцолборын бүс бүрэн хэрэгжиж үйл ажиллагаа явагдахад цаашид олон төрлийн хууль тогтоох арга хэмжээнүүд хүлээгдэж байгаа.

https://fortunedotcom.files.wordpress.com/2016/12/gettyimages-200325572-001.jpg