НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТӨЛБӨРИЙГ ТӨЛӨХ, ХУВААРИЛАХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ

   Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 5 дугаар Тогтоолоор Нөөц ашигласны төлбөр болон тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журмыг баталжээ. Уг журам нь долоон хэсэг, хорин нэгэн заалтаас бүрдэх бөгөөд журмаар газрын тосны нөөц ашигласны төлбөр болон тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахаар зорьжээ.

Уг журмаар газрын тосны нөөц ашигласны төлбөрийн хэмжээг тооцох, ногдуулах, төлөх, газрын тосны нөөц ашигласны төлбөр болон хайгуул, ашиглалтын талбайн тусгай зөвшөөрлийн төлбөрийг төрийн сангийн данснаас аймаг нийслэлийн төсөв болон сум дүүргийн төсөвт хуваарилах, газрын тосны нөөц ашигласны төлбөр болон хайгуул, ашиглалтын талбай тусгай зөвшөөрлийн төлбөрийг зарцуулахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулжээ.

   Гэрээлэгчийн олборлож худалдахаар хэмжсэн болон ашигласан газрын тосны хэмжээ, үнэ, нөөц ашигласны төлбөр болон тусгай зөвшөөрлийн төлбөрийг холбогдох хууль тогтоомжийн дагуу үнэн зөв тооцож, тайлагнан төсөвт төлсөн байдалд Газрын тосны газар болон холбогдох хяналт шалгалтын байгууллага хяналт тавина. Газрын тосны нөөц ашигласны төлбөр болон тусгай зөвшөөрлийн төлбөрийн хуваарилалт, зарцуулалтад Сангийн яам, холбогдох шатны төсвийн ерөнхийлөн захирагч болон хяналт шалгалтын байгууллага хяналт тавихаар заажээ. Харин нөөц ашигласны төлбөр болон тусгай зөвшөөрлийн төлбөрийн зөрүүтэй холбоотой маргааныг холбогдох хууль тогтоомж болон бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу шийдвэрлэхээр зохицуулсан байна.

Нөөц ашигласны төлбөр болон тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журмын дэлгэрэнгүйг Төрийн мэдээлэл сэтгүүлийн 2018 ны 3 дугаар сарын 26-ны өдрийн №12 /1017/ тоот дугаараас үзнэ үү.