Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар бүлэгт Хүүхэд үрчлэх талаарх эрх зүйн харилцааг зохицуулсан байдаг. Харин Гадаадын иргэн Монгол улсын харьяат хүүхэд үрчлэн авахтай холбоотой харилцааг Гэр бүлийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-58.10 дахь заалтууд, Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай олон улсын конвенц, Хууль зүй дотоод хэргийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2001 оны 100/32 дугаар тушаалаар баталсан “Гадаадын иргэнд Монгол улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх журам” зэрэг баримт бичгүүдээр зохицуулж байна. Та дараахь материалыг бүрдүүлэн хүүхдийн оршин суугаа газрын ЗДТГ-т хандаж хүсэлтээ гаргана. Үрчлүүлэгч талын бүрдүүлэх материал: Хүүхдийн төрсний гэрчилгээ Төрсний гэрчилгээний лавлагаа Баг, хорооны засаг даргаар цохуулж нотариатаар батлуулсан эцэг, эх/ асран хамгаалагчийн өргөдөл Эцэг, эхийн иргэний үнэмлэх /нотариатаар батлуулсан байх/ 7 нас хүрсэн бол хүүхдийн өөрийнх нь зөвшөөрөл Хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад байгаа бол тухайн хүүхдийн байгууллагын зөвшөөрөл /хүүхэд үрчлэх, үрчлүүлэх эрх бүхий асран хүмүүжүүлэх байгууллагад хамаарна/ Үрчлэн авагч талын бүрдүүлэх материал: Өргөдөл /нотариатаар батлуулсан байх/ Гэрлэлтийн гэрчилгээ /нотариатаар батлуулсан байх/ Эцэг, эхийн иргэний үнэмлэх /нотариатаар батлуулсан байх/ Эрүүл мэндийн хуудас /сүрьеэ, ДОХ, сэтгэц, арьс өнгөний өвчинтэй эсэх талаарх эмнэлгийн тодорхойлолт/ Цагдаагийн ерөнхий газрын буюу орон нутгийн цагдаагийн байгууллагын тодорхойлолт Эцэг, эх болох хүмүүсийн зан байдал, өрхийн орлогыг тодорхойлсон албан байгууллага буюу оршин суугаа баг хорооны тодорхойлолт Дараахь тохиолдолд хүүхэд үрчилж авахыг хориглоно: 60-аас дээш настай /хэрвээ хүүхэд бүтэн өнчин бол энэ насны хязгаарыг харгалзахгүйгээр төрөл садны хүнд үрчлүүлнэ/ Эцэг, эх байх эрхээ хасуулсан, хязгаарлуулсан буюу хасуулж, хязгаарлуулж байсан Урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн Ашиг хонжоо олох зорилготой Сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг Эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа хүн Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой гэр бүл Бүрдүүлсэн материалыг хүлээн авснаас хойш ажлын 30 хоногийн дотор шийдвэрлэж иргэнд хариу мэдэгдэж бичиг баримтыг олгоно.