ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ӨРГӨН БАРЬЛАА
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ӨРГӨН БАРЬЛАА
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай”, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай” хуулиудын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. “Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслөөр эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаатай холбогдох харилцаанд Зэвсэгт хүчний анги, байгууллагын болон хилийн отрядын эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт ажилладаг энгийн эмч, ажилтан, алба хаагч нарын нэг удаагийн мөнгөн тэтгэмж, төрөөс мэргэжил дээшлүүлэх боломжийг хангахтай холбогдсон эрх зүйн зохицуулалтууд туссан байна. “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн хүрээнд Европын холбооны стандарт шаардлагыг хангах, хатуу хог хаягдлыг булшлах цэг болон барилгын хог хаягдлыг дахин боловсруулах байгууламжийг барихаар төлөвлөж байгаа юм байна. Мөн хатуу хог хаягдлын салбарт нэгдсэн тариф нэвтрүүлэх, барилга болон барилга нураалтын хог хаягдлын менежментийн зохицуулалтыг бий болгох ажлууд хийгдэх ажээ. Манай Улс БНХАУ-тай “БНМАУ, БНХАУ-ын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”, “Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай Монгол Улс БНХАУ-ын хоорондын гэрээ”, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон БНХАУ-ын хоорондын гэрээ” байгуулжээ. Гэвч эдгээр гэрээ нь засаг захиргааны онцгой бүс болох Хонконг, Макаод үйлчилдэггүй байна. Тиймээс монгол иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж, гэмт хэрэгт холбогдох болсон Хонконг, Макао зэрэг засаг захиргааны онцгой бүсүүдтэй тусгайлсан гэрээ хэлэлцээр байгуулахаар Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэж, хэлэлцээрийн төслийг 2017 оны тавдугаар сарын 11-ний өдөр Макаод үзэглэн, 2017 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр гарын үсэг зурсан байна. Уг хэлэлцээрийг Талууд соёрхон баталж, батламж жуух бичгээ солилцсоноор хүчин төгөлдөр болох юм. Энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор эрүүгийн хэргийн талаарх хоёр улсын хамтын ажиллагаа бэхжиж, ялтан шилжүүлэх ажиллагааг хурдан шуурхай хэрэгжүүлэх, Макаод ял эдэлж буй Монгол Улсын иргэд эх орондоо шилжин ирж ял эдлэх эрх зүйн орчин бүрдэх юм. Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
2018-07-23

2

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26