Иргэн, хуулийн этгээд нь хүний эрх, эрх чөлөө, үндэсний аюулгүй байдал, байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад мэдээллийг дараах байгууллагаас авах эрхтэй. Үүнд: – Улсын Их Хурлын Тамгын газар, – Ерөнхийлөгчийн Тамгын газар, – Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, – Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, – төрийн захиргааны төв болон бусад төрийн захиргааны байгууллага, – бүх шатны шүүх, прокурорын байгууллага; – Улсын Их Хурлаас байгуулдаг /Засгийн газраас бусад/ байгууллага; – нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ажлын алба, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд; – төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд; – Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллага; – олон нийтийн радио, телевизийн байгууллага зэрэг орно. Эдгээр байгууллагаас авах мэдээллийн агуулгын хүрээг тоочвол: -тухайн байгууллагын эзэмшилд байгаа бүх төрлийн мэдээ, баримт бичиг, гэрээ, контракттай холбоотой мэдээлэл; – тухайн байгууллагын эзэмшилд байгаа эд зүйлтэй холбоотой мэдээлэл; – тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээлэл орно. Эх сурвалж: Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиас