Нэг. Япон улсын Өмгөөлөгчийн тухай хууль Япон улсын “Өмгөөлөгчийн тухай хууль” 1949 оны 06 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан ба сүүлд 2015 оны 09 сарын 11 өдөр нэмэлт, өөрчлөлт орсон байна. Хуулиар: 1.өмгөөлөгчийн эрхэм зорилго ба ажил 2.өмгөөлөгчид тавих шаардлага 3.өмгөөлөгчийн бүртгэл 4.өмгөөлөгчийн эрх, үүрэг, өмгөөлөгчийн хуулийн этгээд 5.өмгөөлөгчдийн холбоо 6.Японы Өмгөөлөгчдийн Нэгдсэн Холбоо 7.өмгөөлөгчийн эрхийн зөвлөл 8.сахилгын шийтгэл 9.хууль зүйн туслалцааны үйл ажиллагаа явуулахад хяналт тавих 10.хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага гэсэн 10 бүлэг харилцааг 92 зүйлээр зохицуулжээ. Өмгөөлөгчийн тухай хуулийн бүтэц Их хурал (37 дугаар зүйл ) Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч (35 дугаар зүйл) Өмгөөлөгчийн эрхийн зөвлөл (51 дүгээр зүйл) Хоёр. Өмгөөлөгч Өмгөөлөгчийн тухай хуульд зааснаар “өмгөөлөгч” гэж хууль зүйн мэргэжлийн дадлагажигчийн сургалтыг дүүргэсэн [1] этгээдийг ойлгоно. Харин хяналтын шатны шүүгчээр ажиллаж байсан бол энэ шаардлагыг үл харгалзан, өмгөөлөгч болох эрхтэй байна [2] . “Хуульч” [3] гэсэн нэр томьёо Өмгөөлөгчийн тухай хууль болон бусад холбогдох хуульд шууд тусгагдаагүй. Хуульч гэх ойлголтод “хуульчийн сонгон шалгаруулалт” [4] -д тэнцсэн этгээд хамаарахаар байна. Хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэнээр шүүгч, прокурор эсвэл өмгөөлөгч болох эхний шалгуур хангагдана гэсэн үг юм. Өмгөөлөгчийн явуулах үйл ажиллагаа нь зохигчид болон бусад холбогдох этгээдийн гаргасан хүсэлт эсвэл эрх бүхий албан байгууллагын даалгавраар шүүхэд үүссэн хэрэг, шүүхийн бус аргаар шийдвэрлэгдэх хэрэг, тухайн захиргааны байгууллага болон дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргасан хэрэгтэй хамааралтай үйл ажиллагаа болон бусад хууль зүйн мэргэжлийн ерөнхий үйл ажиллагаа байна [5] . Үүнээс гадна өмгөөлөгч нь патентын өмгөөллийн болон татварын нягтлан бодогчийн үйл ажиллагаа явуулж болно гэж хуульд заажээ [6] . Өмгөөлөгч болохын тулд Японы Өмгөөлөгчдийн Нэгдсэн Холбооны өмгөөлөгчийн бүртгэлд заавал бүртгэгдсэн байна. [7] Ингэхдээ Японы Өмгөөлөгчдийн Нэгдсэн Холбоонд шинээр бүртгүүлэх хүсэлтээ өөрийн харьяа өмгөөлөгчдийн холбоогоор дамжуулан гаргадаг. Өмгөөлөгч болон өмгөөлөгчийн хуулийн этгээдээс бусад аливаа этгээд хөлс, орлого олох зорилгоор шүүхийн болон шүүхийн бус аргаар шийдвэрлэх хэрэг, маргаанд нэхэмжлэл, гомдол гаргах, захиргааны журмаар гаргасан гомдол, бусад эрх зүйн ерөнхий маргаанд шинжээч, төлөөлөл, арбитрч эсвэл эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, бусад хууль зүйн туслалцаа үзүүлэх эсвэл эдгээр ажиллагааны зуучлалыг явуулах үйл ажиллагааг эрхлэн явуулж болохгүй [8] . Мөн өмгөөлөгч эсхүл өмгөөлөгчийн хуулийн этгээдийн эрхгүй этгээд өмгөөлөгч эсвэл өмгөөлөгчийн хуулийн этгээдийн нэр ашиглах эсвэл бичиглэл хийх, ашиг олох зорилгоор хууль зүйн зөвлөгөө, бусад хууль зүйн туслалцааг үзүүлдэг тухай илэрхийлэх, ийнхүү бичиглэл хийхийг хориглодог байна. Гурав. Мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага (Өмгөөлөгчдийн холбоо ба Нэгдсэн Барын Холбоо) Зорилго, зарчим. Япон улсын нийт өмгөөлөгчдийг хамарсан мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага нь Японы Өмгөөлөгчдийн Нэгдсэн Холбоо ( Japan Federation of Bar Associations ) юм. Японы Өмгөөлөгчдийн Нэгдсэн Холбоо нь Үндсэн хууль батлагдсантай холбогдуулан Дэлхийн 2-р дайнаас хойш шүүх тогтолцооны шинэтгэл явагдах явцад батлагдсан “Өмгөөлөгчийн тухай хууль”-д үндэслэн 1949 оны 09 дүгээр сарын 01 өдөр байгуулагдсан хуулийн этгээд юм. Тус холбооны зорилго нь өмгөөлөгч болон өмгөөлөгчийн хуулийн этгээдийн эрхэм зорилгоо хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, өмгөөлөгчийн нэр хүндийг өргөж, үйл ажиллагааг сайжруулан хөгжүүлэхийн төлөө өмгөөлөгч болон өмгөөлөгчийн хуулийн этгээдийн удирдлагад өгөх, зөвлөмж харилцаа холбоо, хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг явуулах [9] явдал юм. Чиг үүрэг. Японы Өмгөөлөгчдийн Нэгдсэн Холбоо нь гишүүдийн бүртгэл, түүний хяналт; өмгөөлөгчид ногдуулах сахилгын шийтгэл зэрэг өмгөөлөгчтэй холбоотой үйл ажиллагааг явуулахаас гадна өмгөөлөгч, өмгөөлөгчийн хуулийн этгээд, гадаад улсын өмгөөлөгч, өмгөөлөгчдийн холбоо зэрэгт холбогдолтой журам, дүрмийг баталдаг. Өмгөөлөгч нь хүний үндсэн эрхийг хамгаалж, нийгэмд шударга ёсыг тогтоох эрхэм зорилготой [10] бөгөөд тус холбоо нь өмгөөлөгчийн энэхүү эрхэм зорилгын дор хүний эрхийг хамгаалахтай холбоотой төрөл бүрийн үйл ажиллагаа, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой судалгаа, эрдэм шинжилгээний ажил, санал, дүгнэлт гаргах, хэрэглэгчдийг хамгаалах үйл ажиллагаа, байгалийн гамшиг, байгаль орчинтой холбоотой асуудлаар явуулах үйл ажиллагаа, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг сайжруулах үйл ажиллагаа, шүүхийн шинэтгэлийн хөдөлгөөн зэрэг үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог байна. [11] Гишүүнчлэл. Японы Өмгөөлөгчдийн Нэгдсэн Холбоо нь дараах заавал гишүүнчлэлтэй [12] : – Орон нутгийн өмгөөлөгчдийн холбоод (Орон даяар нийт 52 өмгөөлөгчдийн холбоод) – Нийт өмгөөлөгч – Өмгөөлөгчийн хуулийн этгээд. Харин гадаад улсын өмгөөлөгч нь гадаад улсын тусгай гишүүнээр холбоонд бүртгүүлдэг байна. Дөрөв. Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийн тулд Японы Өмгөөлөгчдийн Нэгдсэн Холбооны өмгөөлөгчийн бүртгэлд харьяа өмгөөлөгчдийн холбоогоороо дамжуулан бүртгэгдсэн байна. [13] Ийнхүү бүртгүүлэхийн тулд хууль зүйн мэргэжлийн дадлагажигчийн сургалтыг дүүргэсэн байх шаардлагыг хангасан байх шаардлагатай. Хууль зүйн мэргэжлийн дадлагажигчийн сургалтад хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн тохиолдолд хамрагддаг. Тав. Хууль зүйн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагын хэлбэр, зохион байгуулалт Өмгөөлөгчийн тухай хуульд зааснаар өмгөөлөгч нь дараах 2 хэлбэрээр хууль зүйн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж болно: Өмгөөлөгч ажлын газар [14] Өмгөөлөгчийн ажил хэргээ явуулах газрыг “Өмгөөлөгчийн ажлын газар” [15] гэнэ. Өмгөөлөгч нь өөрийн болон бусдын нэрээр 2 буюу түүнээс дээш өмгөөлөгчийн ажлын газар байгуулж болохгүй. Харин бусад өмгөөлөгчийн байгуулсан өмгөөлөгчийн ажлын газарт ажиллаж болно. Өмгөөлөгч нь өмгөөлөгчийн ажлын газар байгуулсан эсвэл оршин байгаа газрыг нь өөрчилсөн бол харьяа Өмгөөлөгчдийн холбоо болон Японы Өмгөөлөгчдийн Нэгдсэн Холбоонд бүртгүүлэх үүрэгтэй. Өмгөөлөгчийн хуулийн этгээд Өмгөөлөгч нь энэ бүлэгт заасны дагуу өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааг явуулах зорилготой хуулийн этгээдийг үүсгэн байгуулж болно. Энэ талаар Өмгөөлөгчийн тухай хуулийн 2001 оны нэмэлт, өөрчлөлт оруулахад анх тусгагдсан ба 2002 оны 04 дүгээр сарын 01 өдрөөс өмгөөлөгчид нь хуулийн этгээд байгуулан үйл ажиллагаагаа явуулах болсон. Өмгөөлөгчийн хуулийн этгээд нь тухайн нэрэндээ “Өмгөөллийн хуулийн этгээд” гэсэн үгийг заавал хэрэглэнэ. [16] Өмгөөллийн хуулийн этгээдийн эд хөрөнгө нь тухайн хариуцлагыг хүлээхэд хүрэлцэхээргүй бол ажилтан тус бүр хамтран хариуцлага хүлээнэ. [17] Өөрөөр хэлбэл бүрэн хариуцлагатай нөхөрлөл байна. Зургаа. Гадаад хуульчийн статус, түүнд тавигдах шаардлага Өмгөөлөгчийн тухай хуульд гадаад хуульчийн статус, түүнд тавигдах шаардлагын тухай зохицуулалт байхгүй. Энэ талаар “Гадаад улсын өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааны талаар авах тусгай зохицуулалтын тухай хууль” [18] гэж бие даасан хуулиар зохицуулсан байна. Энэ хуулийн зорилго нь гадаад улсын өмгөөлөгчийн эрхтэй этгээд Япон улсад гадаад улсын хуультай холбоотой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах үүдийг нээхийн сацуу тухайн үйл ажиллагааг тусгайлан зохицуулснаар гадаад болон дотоодын эрх зүйн харилцааны тогтвортой байдлыг хангаж, гадаад улс дахь Япон улсын хуультай холбоотой мэргэжлийн үйл ажиллагааны зохицуулалтаар хангуулах явдал [19] юм. Тус хуульд гадаад улсын хуульч, гадаад улсын хуулийн өмгөөлөгчийн хуулийн этгээд зэрэг нэр томьёоны тодорхойлолт, гадаад улсын өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, гадаад улсын өмгөөлөгчийн бүртгэл, үйл ажиллагаа, гадаад улсын өмгөөлөгчийн хуулийн этгээд, хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага зэрэг 8 бүлэг харилцааг зохицуулсан байдаг. Тус хуульд зааснаар гадаад улсын өмгөөлөгч нь зөвхөн тухайн өмгөөлөгчийн эрхийг олгосон улсын хууль дээр хууль зүйн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж болно. [20] Харин дараах үйл ажиллагаанд энэхүү хязгаарлалт хамаарахгүй: 1. Япон улсын шүүх, прокурор бусад эрх бүхий байгууллагын процесс ажиллагаанд төлөөлөх, тэдгээр байгууллагад гаргах албан бичиг боловсруулах; 2. Эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцох, бага насны хүүхдийн холбогдсон хэрэгт байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулах, оргон зайлсан яллагдагчийг хүлээлгэн өгөх ажиллагаанд оролцох 3. Өмгөөлөгчийн эрх олгосон тухай улсаас бусад улсын хуулийг тайлбарлах эсвэл хэрэглэх талаар дүн шинжилгээ хийх, хууль зүйн санал дүгнэлтээ илэрхийлэх 4. Гадаад улсын шүүх эсвэл захиргааны байгууллагад албан бичиг илгээх 5. Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д заасан эрх зүйн актыг боловсруулах даалгаварт төлөөлөх 6. Япон улсад байрлах үл хөдлөх эд хөрөнгийн эрх эсвэл аж үйлдвэрийн өмч, уул уурхайн эрх, бусад төрийн байгууллагад бүртгүүлснээр үүсэх эрх, тэдгээр эрхтэй холбоотой эрхээ алдсан эсвэл өөрчлөх зорилготой хэрэгт төлөөлөх эсвэл албан бичиг боловсруулах. Долоо. Мэргэжлийн хариуцлага Мэргэжлийн хариуцлага тооцох үндэслэл. Өмгөөлөгч болон Өмгөөлөгчийн хуулийн этгээд нь Өмгөөлөгчийн тухай хууль, эсвэл харьяа өмгөөлөгчдийн холбоо, Японы Өмгөөлөгчдийн Нэгдсэн Холбооны дүрмийг зөрчих, харьяа өмгөөлөгчдийн холбооны нэр хүндэд хохирол учруулах, өмгөөлөгчдийн холбооны дэг журам эсвэл нэр хүндийг сэвтээх, ажил үүргээс гадуурх эсэхийг үл хамааран өмгөөлөгчийн эрхэм чанарыг алдахад хүргэх аливаа зүй бус үйлдэл гаргасан бол сахилгын шийтгэл хүлээдэг [21] . Тогтолцоо. Сахилгын шийтгэлийг тухайн өмгөөлөгч эсвэл өмгөөлөгчийн хуулийн этгээдийн харьяа өмгөөлөгчдийн холбооноос ногдуулна [22] . Өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчтэй холбоотой ирсэн гомдлыг хянах чиг үүрэг бүхий Дэг журмын хороо болон сахилгын шийтгэл ногдуулах эсэхийг хянан судлах чиг үүрэг бүхий Сахилгын хороо байдаг. Тухайн өмгөөлөгчийн харьяа өмгөөлөгчдийн холбооны Сахилгын хорооноос гаргасан шийтгэлд хамааралтай гомдлыг Японы Өмгөөлөгчдийн Нэгдсэн Холбооны Сахилгын хороонд гаргадаг. Өмгөөлөгчид ногдуулах сахилгын шийтгэл нь дараах 4 төрөлтэй [23] байна: 1. Сануулах; 2. Хоёр хүртэлх жилээр үйл ажиллагааг нь зогсоох; 3. Өмгөөлөгчдийн холбооны гишүүнээс гарахыг шаардах; 4. Өмгөөлөгчийн бүртгэлээс хасах. Харин өмгөөлөгчийн хуулийн этгээдэд ногдуулах сахилгын шийтгэл дараах 4 төрөлтэй байна: 1. Сануулах; 2. Хоёр хүртэлх жилээр өмгөөлөгчийн хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох эсвэл өмгөөлөгчийн ажлын газрын үйл ажиллагааг зогсоох; 3. Өмгөөлөгчдийн холбооны гишүүнчлэлээс гарахыг шаардах (тухайн өмгөөлөгчдийн холбооны нутаг дэвсгэрт зөвхөн салбар өмгөөлөгчийн ажлын газартай өмгөөллийн хуулийн этгээдэд хамаарна); 4. Өмгөөлөгчийн хуулийн этгээдийн бүртгэлээс хасах. (тухайн өмгөөлөгчдийн холбооны нутаг дэвсгэрт өмгөөлөгчийн төв ажлын газартай өмгөөллийн хуулийн этгээдэд хамаарна). Дүгнэлт Япон улсад Өмгөөлөгчийн тухай хууль анх 1949 оны 06 дугаар сарын 10 өдөр батлагдаж байсан ба 2015 оны 09 сарын 11 өдөр нэмэлт, өөрчлөлт орсон байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Япон улсын нийт өмгөөлөгчдийг хамарсан мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага нь Японы Өмгөөлөгчдийн Нэгдсэн Холбоо (Japan Federation of Bar Associations) юм. Тус холбоо анх 1949 онд байгуулагдах үед 5800 өмгөөлөгчид бүртгэлтэй байсан бол 2018 оны 03 сарын 31 өдрийн байдлаар 40,066 өмгөөлөгч, орон нутгийн нийт 52 өмгөөлөгчдийн холбоод болон өмгөөлөгчийн хуулийн этгээдийг нэгтгэжээ. [24] Чиг үүргийн тухайд, өмгөөлөгч, өмгөөлөгчийн хуулийн этгээд зэрэг гишүүдийн бүртгэл, түүний хяналт; өмгөөлөгчид ногдуулах сахилгын шийтгэл зэрэг өмгөөлөгчтэй холбоотой үйл ажиллагааг явуулахаас гадна өмгөөлөгч, өмгөөлөгчийн хуулийн этгээд, гадаад улсын өмгөөлөгч, өмгөөлөгчдийн холбоо зэрэгт холбогдолтой журам, дүрмийг батлах зэрэг үйл ажиллагааг явуулдаг байна. [1] Япон улсын “Өмгөөлөгчийн тухай хууль”-ийн 4 дүгээр зүйл. [2] Япон улсын “Өмгөөлөгчийн тухай хууль”-ийн 6 дугаар зүйл. [3] 「法曹」「法律家」-Хуульч [4] Япон улсын “Хуульчийн сонгон шалгаруулалт”-ын тухай хууль 1949 он [5] Япон улсын “Өмгөөлөгчийн тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг. [6] Япон улсын “Өмгөөлөгчийн тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг. [7] Япон улсын “Өмгөөлөгчийн тухай хууль”-ийн 8 дугаар зүйл. [8] Япон улсын “Өмгөөлөгчийн тухай хууль”-ийн 72 дугаар зүйл. Харин энэ хууль болон бусад хуульд өөрөөр заасан бол энэ хязгаарлалт хамаарахгүй. [9] Япон улсын “Өмгөөлөгчийн тухай хууль”-ийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэг. [10] Япон улсын “Өмгөөлөгчийн тухай хууль”-ийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг. [11] ЯӨНХ-ны албан ёсны веб хуудас http://www.nichibenren.or.jp/jfba_info/organization/about.html [12] Япон улсын “Өмгөөлөгчийн тухай хууль”-ийн 47 дугаар зүйл. [13] Япон улсын “Өмгөөлөгчийн тухай хууль”-ийн 8 дугаар зүйл. [14] Япон улсын “Өмгөөлөгчийн тухай хууль” 20 дугаар зүйл. [15] Япон улсын “Өмгөөлөгчийн тухай хууль” 20 дугаар зүйлийн 20.1. [16] Япон улсын “Өмгөөлөгчийн тухай хууль” 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэг. [17] Япон улсын “Өмгөөлөгчийн тухай хууль” 30 дугаар зүйлийн 30.15 дахь хэсэг. [18] 1986 оны 05 дугаар сарын 23 өдөр [19] Япон улсын “Гадаад улсын өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааны талаар авах тусгай зохицуулалтын тухай хууль” 1 дүгээр зүйл. [20] Япон улсын “Гадаад улсын өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааны талаар авах тусгай зохицуулалтын тухай хууль”-ийн 3 дугаар зүйл. [21] Япон улсын “Өмгөөлөгчийн тухай хууль” 56 дугаар зүйлийн 56.1. [22] Япон улсын “Өмгөөлөгчийн тухай хууль” 56 дугаар зүйлийн 56.2. [23] Япон улсын “Өмгөөлөгчийн тухай хууль” 57 дугаар зүйлийн 57.1. [24] ЯӨНХ-ны албан ёсны веб хуудас https://www.nichibenren.or.jp/library/ja/jfba_info/statistics/data/white_paper/2018/1-1-1_tokei_2018.pdf