Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаан 13.53 цагт 53.1 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрллээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг Байнгын хорооны дарга Б.Жавхлан танилцуулаад, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явууллаа.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Т.Мөнхсайхан нарын УИХ-ын таван гишүүнээс 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Засгийн газраас 2026 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Засгийн газраас мөн өдөр өргөн мэдүүлсэн Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төсөл /Улаанбаатар хотноо 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлт/-ийг хэлэлцэхийг дэмжлээ.
Дараа нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв. Хуулийн төслийг Ж.Золжаргал нарын УИХ-ын 19 гишүүн 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Дээрх хуулийн 28-31 дүгээр зүйлд иргэд нутгийн өөрөө удирдах байгууллагад санал гаргаж, шийдвэрлүүлэх эрх зүйн зохицуулалтыг тодорхойлж өгсөн. Бодит байдал дээр хэрэгжилт хангалтгүй байгаа тул цахимаар нийтийн өргөдөл санаачлах өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан хэмээн тодотгов.
Хуулийн төсөлд одоо хэрэгжиж байгаа Улсын Их Хурлын тухай хуульд тусгасан цахим өргөдлийн зохицуулалтыг жишиг болгон баримталсан гэж хуулийн төсөл санаачлагч танилцуулсан юм.
Энэхүү хуулийн төсөл нь нийт 2 зүйл, 12 заалттай бөгөөд Монгол Улсын бүх засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд сонгуулийн эрх бүхий иргэдэд хамаарах аж.
Нийтийн өргөдөл нь цахим талбарт 30 хоног байршиж, нийслэл, дүүрэг, хороонд сонгуулийн насны хүн амын 3 хувь, аймаг, сум, багт 5 хувиас дээш тооны иргэд гарын үсэг зурсан тохиолдолд ИТХ, ИНХ хэлэлцэхээр тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар “Нийтийн өргөдлийг цахим системээр хүлээн авах үлгэрчилсэн журам”-ыг Засгийн газар баталж, цахим системийн техникийн шаардлага, тоон гарын үсэг, баталгаажуулалт, хэлэлцэх хугацаа болон ил тод байдлын механизмыг нарийвчлан зохицуулна хэмээн УИХ-ын гишүүн Ж.Золжаргал танилцуулсан юм.
УИХ-ын гишүүд асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Гранд оффис төв, 2-р давхар