“ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ ГАЗАР АШИГЛАХ ЭРХ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОГЧИД БОЛОН ТӨСӨЛД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГЫГ ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ”-ЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
“ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ ГАЗАР АШИГЛАХ ЭРХ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОГЧИД БОЛОН ТӨСӨЛД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГЫГ ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ”-ЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү журам нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх авахад тавигдах шаардлагыг тогтооно.

Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутагт газар ашиглах эрхийг сонгон шалгаруулалтаар олгох бөгөөд оролцогч болон хэрэгжүүлэх төсөл нь журмаар тогтоосон нийтлэг шаардлагыг хангасан байна.

Оролцогчид тавигдах шаардлага

Сонгон шалгаруулалтад оролцогч нь:
• Тухайн тусгай хамгаалалттай газрын газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөнд тусгагдсан газарт хүсэлт гаргах;
• Монгол Улсын иргэн, эсхүл гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид хамаарахгүй хуулийн этгээд байх;
• Төслийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрээ тодорхойлсон байх;
• Татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр болон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өргүй байх;
• Аялал жуулчлал, байгаль орчны чиглэлийн мэргэжлийн боловсон хүчинтэй байх;
• Тухайн газрын онцлог, шинж чанараас шалтгаалсан нэмэлт шаардлагыг хангасан байх шаардлагатай.
Төсөлд тавигдах үндсэн шаардлага
Төсөл нь тухайн газрын зориулалт болон газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөнд нийцсэн, байгаль орчин, түүх соёлын дурсгал, ургамал, амьтан, тэдгээрийн амьдрах орчинд сөрөг нөлөөгүй байхаар төлөвлөгдсөн байна.

Мөн:
• Нийгэм, соёл, эдийн засгийн өгөөжтэй байх;
• Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг тусгай хамгаалалттай газрын дэглэм, горимд нийцүүлэн төлөвлөсөн байх;
• Аялал жуулчлалын даац, нөөцийн судалгаанд үндэслэсэн мэдээлэл, сурталчилгаа, бүтээгдэхүүн үйлчилгээтэй байх;
• Орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлт болон хамтын оролцоог дэмжсэн байх;
• Төслийг MNS ISO 21500:2017 стандартад нийцүүлэн боловсруулсан байх шаардлагатай.

Байгаль орчны шаардлага

Төсөлд хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, эрчим хүч болон байгалийн нөөцийн хэмнэлттэй шийдэл тусгасан байна. Үүнд сэргээгдэх эрчим хүч ашиглах, хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах менежмент хэрэгжүүлэх, ус хэмнэх болон хаягдал усыг цэвэршүүлэн дахин ашиглах боломж бүрдүүлэх зэрэг шаардлага хамаарна.

Мөн ургамал, ойн сэргэн ургах чадавх, нөөцийг нэмэгдүүлэх, мод бут тарих төлөвлөгөө болон ногоон байгууламжтай байхаар тусгасан байна.

Түүнчлэн төсөл хэрэгжүүлэгч нь ашиглахыг хүссэн газартаа байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ болон түүнд зарцуулах зардлын тооцоог багтаасан төлөвлөгөөтэй байна.

Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17437872020672

Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02
Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хяна …
2025-09-24
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдр …
2025-07-28