МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТАЛААР СОНСЛОО
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТАЛААР СОНСЛОО
Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд 03 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо. Сонгуулийн Ерөнхий хорооны даргын мэдээлснээр Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 113 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмж хэрэглэхийг зөвшөөрсөн. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороо, түүний дэргэдэх Мэдээллийн технологийн төв Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд хэрэглэх сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгслийн бэлэн байдлыг хангаж ажиллаж байгаа. Тухайлбал сонгуулийн автоматжуулсан системийн иж бүрдэлд хамаарах 9 төрлийн багц тоног төхөөрөмжид техникийн үзлэг, үйлчилгээг өнгөрсөн оны сүүлчээр бүрэн хийж, гүйцэтгэсэн. Манай улсын хувьд 2223 байршилд үүрэн холбооны сүлжээ бий. Тэдгээр байршлаас санал хураалтын дүнг түргэн шуурхай дамжуулах зорилгоор дэд бүтцийн бэлтгэл, судалгааг үргэлжлүүлж байгааг дурдсан байна. Түүнчлэн сонгууль зохион байгуулахтай холбогдуулан www.e-election.mn буюу “Сонгуулийн мэдээллийн цахим систем”-ийг шинээр ашиглалтад оруулсан. Уг систем нь тоног төхөөрөмж ашиглалтыг цахимаар бүртгэж, хөтлөхөөс гадна бүх шатны сонгуулийн хороодод цахим сургалт явуулах, сонгуулийн үед үүсэж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, бүртгэлийн ажлыг цахим хэлбэрт оруулж, мэдээллийн нэгдсэн санг бий болгосон нь сонгуулийн үйл ажиллагааг илүү боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой юм. Харин Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан: Улсын бүртгэлийн ерөнхий газар, сонгогчдын бүртгэлийн тоног төхөөрөмжийг 2013 оны 11 дүгээр сараас хойш шинэчлээгүй байсныг 2023 онд шинэчилсэн. Техникийн шинэчлэлийг хийснээр цахим сонгууль явуулах нөхцөл бүрдсэн гэж хэлж болно. Сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой үүсдэг гомдол, саналыг харгалзан үзэж, бэлтгэлээ хангаж байгаа. Үүнд иргэний бүртгэл, мэдээллийг цахим системд алдаа мадаггүй байлгаж, хаягжуулалтыг холбогдох байгууллагуудтай хамтран сэргээн сайжруулсан. Иргэдэд мэдээлэл өгөх, сургалт, судалгааны ажилд онцгойлон анхаарч ажиллаж байна. Сонгогчдын бүртгэлийг боловсронгуй, ил тод байлгах үүднээс www.check.burtgel.gov.mn цахим талбарыг нээн ажиллуулж эхэлсэн. Иргэд тус талбарт нэвтэрч, өөрийн байнга оршин суудаг хаяг дээрх өөрийн болон бусад хүний мэдээллийг шалгах боломжтой. Хэрвээ тухайн хаягт өөр хүмүүс бүртгэгдсэн, мэдээлэл зөрчилтэй тохиолдолд хүсэлт гаргаж, шалгуулна. Цөөнгүй хүний гомдлыг хүлээн авч шалган зөрчлийг арилгуулсан хэмээв. Ийнхүү холбогдох байгууллагуудын мэдээллийг сонссоны дараа мэдээлэлтэй холбогдуулан Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүн, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Ж.Батсуурь нар асуулт асууж, хариулт авав. Сонгуулийг шударга явуулахын тулд иргэдийг мэдээллээр хангах, ялангуяа сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой зар, сурталчилгааг олон нийтэд түлхүү хүргэх шаардлагатайг онцолсноор хуралдаан өндөрлөв.
2024-03-22

6

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26