Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.11.17)-ийн хуралдаан 10.36 цагт 60.0 хувийн ирцтэй эхэллээ. Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг нарын есөн гишүүнээс 2025 оны тавдугаар сард өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурал 2026 оны 10 дугаар сарын 16-нд баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дараа нь хэлэлцэв.
Тогтоолын төсөлд, хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг боловсруулж өргөн мэдүүлэх, хуулийг олон нийтэд таниулах, мэдээлэл, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг Эрүүл мэндийн болон Боловсролын яам, холбогдох бусад байгууллагатай хамтран байгуулах, мөн хуульд заасан тамхин бүтээгдэхүүнд онцгой албан татварын тэмдэг олгож, хэрэглэхэд бэлтгэх, бүртгэх, тамхин бүтээгдэхүүний хүрээг өргөжүүлсэн талаар олон нийтийг мэдээллээр хангах, цахим худалдаа, хүргэлтийн үйлчилгээ, онлайн сурталчилгаа, борлуулалтын хянах, хуулийн хэрэгжилтэд бэлтгэх хугацаа, хариуцах эзэнг тодорхой заасан төлөвлөгөө гарган ажиллахыг Засгийн газарт даалгахаар заажээ.
Түүнчлэн салбар дундын ажлын хэсэг байгуулж, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, тамхин бүтээгдэхүүний сав баглаа боодлын өөрчлөлт, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн захиалгын мөчлөг, хууль ёсоор импортолж, татвар төлсөн барааны үлдэгдэлд үүсэх нөлөөллийг тооцож, шилжилтийн үеийн зохицуулалтыг судлан холбогдох арга хэмжээ авах, хуулийн 6.7.14 дэх заалт тамхины далд худалдааг нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүлж байгаа эсэхийг судалж 2027 оны 1 дүгээр улиралд, хуулийн хэрэгжилтийг 2028 оны нэгдүгээр сард багтаан Улсын Их Хуралд танилцуулахыг үүрэг болгосон байна.
Ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэнгийн гаргасан тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 77.0 хувь нь дэмжлээ.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Гранд оффис төв, 2-р давхар