Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлага, зохион байгуулалт, засаглалыг сайжруулах, хяналтыг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахаар байх бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Хуулийн төслийн бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээг дараах байдлаар тусгана:
- Хуулийн төслийн нэгдүгээр бүлэг буюу нийтлэг үндэслэлд хуулийн төслийн зорилт, хуулийн үйлчлэх хүрээ, нэр томьёоны тодорхойлолт, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, төрийн болон орон нутгийн өмчийн компанийн төрөл, хэлбэр, төрийн өмчит компанийн талаар баримтлах үндсэн чиглэлийг тогтоосон;
- Хуулийн төслийн хоёрдугаар бүлэгт төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тусгасан;
- Хуулийн төслийн гуравдугаар бүлэгт төрийн болон орон нутгийн өмчит компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх, алтан хувьцаа гаргах нөхцөл, компанийн хөрөнгө оруулалтыг сайжруулах зорилгоор үнэт цаас гаргах, зээл авах, ногдол ашиг хуваарилах бодлоготой холбоотой зохицуулалтыг тусгасан;
- Хуулийн төслийн дөрөвдүгээр бүлэгт төрийн болон орон нутгийн өмчит компанийн хувьцаа эзэмшигч, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх, төрийн өмчит компанийн талаарх Засгийн газрын болон орон нутгийн өмчит компанийн талаарх аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх, төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын болон орон нутгийн өмчийн асуудал хариуцсан газрын чиг үүргийг тогтоосон;
- Хуулийн төслийн тавдугаар бүлэгт хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлагад тавигдах шаардлага, сонгон шалгаруулалт, хүлээх үүрэг хариуцлага, томилох, чөлөөлөх үндэслэл, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлагаар ажиллаж буй этгээдэд олгох цалин, урамшуулалтай холбогдох зохицуулалтыг тусгасан;
- Хуулийн төслийн зургаадугаар бүлэгт компанийн дотоод болон хөндлөнгийн хяналтын тогтолцоотой холбоотой харилцааг тусгасан;
- Хуулийн төслийн долоодугаар бүлэгт компанийн бизнес төлөвлөгөө болон төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын төлөвлөгөөг батлах, түүний гүйцэтгэлийг үнэлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан;
- Хуулийн төслийн наймдугаар бүлэгт компанийг өөрчлөн байгуулах, нэмэлт хувьцаа гаргаж, үнэт цаасны анхдагч зах зээлд нийтэд санал болгох, компанийг татан буулгах, татан буугдах үеийн эд хөрөнгийн зохицуулалттай холбоотой харилцааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн;
- Хуулийн төслийн есдүгээр бүлэгт компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, нөөц сан, мэдээллийн ил тод байдлыг хангахтай холбоотой журмыг тогтоосон;
- Хуулийн төслийн аравдугаар бүлэгт хууль хүчин төгөлдөр болох, хариуцлага хүлээлгэх болон шилжилтийн үеийн зохицуулалтыг тусгасан.
Түүнчлэн тус хуульд дараах онцлог зохицуулалтууд тусгагдсан байна. Үүнд:
- Төр 5 салбарт компани байгуулах бөгөөд компани эзэмших эрхийг УИХ батална. Үндэслэлгүйгээр компани байгуулахыг хориглов;
- Өгөөжгүй ТӨК-иудыг татан буулгаж, чиг үүрэг давхардсаныг нэгтгэж, ТӨҮГ-уудыг татан буулгаж, нийтийн үйлчилгээний байгууллага болгов;
- Мэргэшсэн ТУЗ-ийг бий болгох зорилгоор тавигдах шаардлагыг хуульчилж, нээлттэй сонгон шалгаруулж, улс төрөөс ангид мэргэшсэн удирдлагатай байхаар;
- Улс төрөөс ангид мэргэшсэн удирдлагатай боллоо.
- Хангалтгүй ажилласан захиралд хариуцлага тооцох, цалинг 53 %-иар бууруулах, сайн ажилласанд үр дүнгийн урамшуулал тооцож, гүйцэтгэлийг олон улсын жишигт нийцүүлж, гэрээний хэрэгжилтийг үнэлнэ. Хөндлөнгийн аудит хийх, зөрчлийн эрсдэл тогтмол тооцно;
- Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, оффисын түрээс байхгүй болж, дэлхийн шилдэг 12 компанитай хамтран ажиллаж, бүх мэдээллийг нээлттэй болголоо.
Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17438765124382