Манай улс энэ өвлийн ид хүйтэн, оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчийн дутагдлыг БНХАУ, ОХУ-аас авна.
Улсын цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадал нь 1836 МВт бол оргил ачааллын үед 1956 МВт хүрдэг. Эх үүсвэрийг дулааны цахилгаан станцуудаас 1411, салхинаас 30, уснаас 5, батерей хураагуураас 150 МВт хангаж байна. Дутаж буй 350 МВт-ыг хөршүүдээсээ авахаас аргагүйг Эрчим хүчний сайд Б.Найдалаа онцлоод, ОХУ-аас гадна БНХАУ-аас 80 МВт хүртэл эрчим хүч импортлох боломжтой гэрээ байгуулаад байгааг тодотголоо.
Цахилгаан станцуудын хувьд одоогоор 20 зуух засахаас 9-ийг нь, мөн 12 турбо генератор засахаас 8-ыг нь дуусгасан гээд эрчим хүчний салбар өвлийн бэлтгэлийнхээ 79 хувийг хангаад байна. ТЭЦ-III станцын турбо генератор өнгөрсөн жил эдвэрснийг засаж, энэ оны 12 дугаар сарын 15-нд, мөн удаахыг нь 2028 оны 2 сард ашиглалтад оруулах юм.
Сайд Б.Найдалаа, ашиглалтын хугацаа дууссан турбо генератор ашиглаж байсныг зогсоож, шинэчлэхээр 2028 оны төсөвт төсөвт 37 тэрбум төгрөг тусган, олон жил гацсан ажлыг эхлүүлж байна. Мөн ОХУ-тай хамтран ТЭЦ-III станцын өргөтгөл барих зураг төслийн гэрээг үзэглэсэн. Удахгүй гэрээ байгуулснаар ТЭЦ-III станцын хүчин чадал 300 МВт-аар нэмэгдэх боломжтой. Гэрээ байгуулахдаа бусад зүйлийг тохирч тодорхой болгоно гэв.
Түүнчлэн эрчим хүчний эх үүсвэрийг хангах зорилгоор Хөгжлийн банкны зээлээр ДЦС-IV-т шинэ зуух нэмэхээр төлөвлөжээ.
Дулааны эх үүсвэрийн тухайд хүчин чадлаасаа 50 хувиар илүү дулаан нийлүүлж, ачаалалтай ажиллаж байна. Иймд ДЦС-V, VI, VII, Амагалан-ДЦС-ын өргөтгөлийг нэмэхэд төр хувийн хэвшлийн түншлэлээр хамтарч ажиллахад анхаарч байгааг сайд тэмдэглэлээ.
Эх сурвалж: https://www.montsame.mn/mn/read/410278
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Гранд оффис төв, 2-р давхар