Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/262 дугаар тушаалаар “Төрөлжсөн сургалт зохион байгуулах журам”-ыг хавсралтаар баталсан билээ. Ерөнхий боловсролын сургууль дунд ангиас эхлэн доор дурдсан чиглэлээр суралцагчийн авьяас, чадварыг хөгжүүлэх төрөлжсөн сургалт зохион байгуулж болно: 1. Монгол хэл, үндэсний бичиг; 2. Монголын түүх, соёл, гүн ухаан; 3. Ажил мэргэжлийн чиг баримжаа; 4. Хими; 5. Биологи; 6. Физик; 7. Газар зүй; 8. Математик; 9. Техник-технологи; 10. Дизайн технологи; 11. Мэдээллийн технологи; 12. Урлаг; 13. Спорт; 14. Гадаад хэл. Төрөлжсөн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө нь доор дурдсан шаардлага хангасан байна: • Тухайн чиглэлийн төрөлжсөн сургалтын цагийн хэмжээ нь долоо хоногт дөрвөн цагаас хэтрэхгүй байх; • Сургалтын төлөвлөгөөг ерөнхий боловсролын сургалтын төлөвлөгөөний бүтцээр, мөн долоо хоногт дөрвөн цагаас хэтрэхгүй байх; • Сургалтын хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн бүтцээр, сургалтын төлөвлөгөөнд үндэслэх; • Төрөлжсөн сургалтын хөтөлбөрийн агуулгыг ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгыг өргөсгөн гүнзгийрүүлж, мэргэшлийн суурь хэсгийн агуулга хүртэлх түвшингээр тогтоох; • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 10.1-д заасан үзэл баримтлалын холбогдох заалтыг үндэслэх; • Сургалтын хөтөлбөрийг эрх бүхий байгууллагаас баталсан, хүчин төгөлдөр мөрдөж буй ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр боловсруулах аргачлал, удирдамжид үндэслэх.