ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА

Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. Тус журмаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд заасан “Байгаль, нийгмийн ухааны шагнал”, “Технологийн дэвшлийн шагнал”, “Шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны шагнал” горилох бүтээлийг нэр дэвшүүлэх, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэх, хүлээн авах, шалгаруулах, шагнал олгохтой холбогдсон үйл ажиллагааг зохицуулна. “Байгаль, нийгмийн ухааны шагнал”-ыг 2 жил тутамд 2 хүртэл бүтээлд, “Технологийн дэвшлийн шагнал” болон “Шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны шагнал”-ыг 2 жил тутам 1 бүтээлд тус тус Засгийн газрын шийдвэрээр олгоно.

“Байгаль, нийгмийн ухааны шагнал”-ыг байгаль, нийгмийн хууль, юмс үзэгдлийн зүй тогтол, мөн чанарыг нээн илрүүлэх замаар шинэ мэдлэг бий болгож, тухайн салбар, шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэн, судлаачдын багт олгох бөгөөд доор дурдсан шаардлага хангасан байна:

  • зарчмын шинэ технологи, техник, багаж, тоног төхөөрөмж, материал, бодис бий болгох, ашиглах боломж бүрдүүлсэн, эсхүл урьд нь нээгдэж тайлбарлагдаагүй байгаль, нийгмийн шинэ үзэгдэл, зүй тогтлыг тодорхойлсон байх бөгөөд шинжлэх ухааны холбогдох салбарын Бага чуулганаар хэлэлцэн дэмжсэн байх;
  • техник, технологийн хөгжилд шинэ чиглэл нээсэн буюу Патентын тухай хуульд заасан шинэ бүтээлийн түвшин агуулсан байх;
  • шинжлэх ухааны холбогдох салбарын гадаад, дотоодын эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн байх;
  • олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн 2-оос доошгүй сэтгүүлд тухайн бүтээлийн сэдвээр эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн байх бөгөөд тухайн нэр дэвшигчийн бүтээлээс 100-аас доошгүй удаа эшлэл авсан байх;
  • үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, ашиглах замаар эдийн засаг, нийгэмд бодитой үр ашиг өгөх.

“Технологийн дэвшлийн шагнал”-ыг өндөр үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн, материал зохион бүтээж, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэн ашигласан иргэн, байгууллагад олгох бөгөөд доор дурдсан шаардлага хангасан байна:

  • олон улсын техник, технологийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд багтсан байх;
  • экологийн хувьд цэвэр, эдийн засгийн үр ашиг, нийгэмд үзүүлэх нөлөөлөл нь амьдрал дээр нотлогдсон байх;
  • үйлдвэрлэл, үйлчилгээний бүтээмж, чанарыг нэмэгдүүлсэн, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулсан байх;
  • бүтээгдэхүүн, технологи нь хууль тогтоомжийн дагуу оюуны өмчийн эрхийн хувьд баталгаажсан байх;
  • бүтээгдэхүүн, технологи нь олон улсын чанарын стандартын шаардлагыг хангасан, ижил төстэй бүтээгдэхүүн, технологитой харьцуулахад өрсөлдөх чадвараар давуу болох нь чанар, стандартын асуудал хариуцсан эрх бүхий байгууллага болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 2-оос доошгүй үйлдвэр, аж ахуйн нэгжийн тодорхойлолтоор тус тус тогтоогдсон байх;
  • тухайн технологийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний жилийн борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөгөөс багагүй болох нь үйлдвэр, аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлангаар баталгаажсан байх.

“Шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны шагнал”-ыг Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын иргэн, байгууллагад олгох бөгөөд доор дурдсан шаардлага хангасан байна:

  • Монгол Улсын иргэн, байгууллагад дэлхийн шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл болон өндөр технологийн ололтыг эзэмшүүлэх, шинжлэх ухааны нарийн мэргэшлийн хүний нөөц бэлтгэхэд онцгой хувь нэмэр оруулсан;
  • Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан;
  • Монгол Улсын эрдэм шинжилгээний байгууллагын сорилт туршилтын баазыг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан;
  • шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн болон нарийн мэргэшсэн 50-аас доошгүй мэргэжилтэнтэй байх;
  • 5-аас доошгүй төсөл хамтарч хэрэгжүүлсэн байх;
  • хамтарч хэвлүүлсэн эрдэм шинжилгээний 10-аас доошгүй бүтээлтэй байх;
  • оруулсан хөрөнгө оруулалт, хандив, тусламжийн хэмжээ нь 5.0 тэрбум төгрөгөөс дээш байх.

“Технологийн дэвшлийн шагнал” болон заасан шагналд нэр дэвшүүлэх бүтээлийн үр дүн нь уг бүтээлийг шагналд дэвшүүлэхээс нэг жилээс доошгүй хугацааны өмнө үйлдвэрлэлд (практикт) нэвтэрч бодитой үр дүн өгсөн байна.
“Шинжлэх ухаан, технологийн салбар”-ын шагналд нэр дэвшүүлэх тухай зарыг тухайн жилийн 1 дүгээр сард багтаан шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон албан ёсны цахим хуудсаар дамжуулан нийтэд зарлана.

Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналд доор дурдсан байгууллага нэр дэвшүүлэх эрхтэй байна. Үүнд:

  • төрийн байгууллага;
  • их, дээд сургууль;
  • Шинжлэх ухааны академи;
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд заасан улсын бүртгэлд бүртгүүлсэн эрдэм шинжилгээний байгууллагын эрдмийн зөвлөл;
  • өмчийн хэлбэрээс үл хамааран 50-аас дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагын хамт олны хурал.

Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17436587788492&showType=1

2026-10-01

0

Засгийн газрын 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолын хавсралтаар Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлаг …
2026-10-01
НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна. …
2026-10-01
Манай улс энэ өвлийн ид хүйтэн, оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчийн дутагдлыг БНХАУ, ОХУ-аас авна. …
2026-10-01
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар 2026 оны 08 дугаар сарын 20-н …
2026-10-01
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулган 09 дүгээр сарын 15-ны Төрийн ордны “Их Хуралдай” танхимд эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын …
2026-10-01