“ДУУСААГҮЙ БАРИЛГАД ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАР НОГДУУЛАХ ТУХАЙ” УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА
“ДУУСААГҮЙ БАРИЛГАД ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАР НОГДУУЛАХ ТУХАЙ” УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА

Нэг. Маргааны агуулга

“Ө” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 73 хувийн гүйцэтгэлтэй, баригдаж дуусаагүй барилгын өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлжээ. Улмаар Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс тус барилгад 2024 оны үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж, улирал тутам 13.4 сая, нийт 53.6 сая төгрөгийн татварын нэхэмжлэх үүсгэсэн байна.

“Ө” ХХК нь барилга бүрэн дуусаагүй, зориулалтын дагуу ашиглах боломжгүй байхад татвар ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин барилга 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 100 хувийн гүйцэтгэлтэй болж, өмчлөх эрхийн шинэ гэрчилгээ авсан байна.

Хоёр. Шүүхийн гол дүгнэлт

Улсын Дээд шүүх маргааныг шийдвэрлэхдээ Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10, Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтуудыг тайлбарлан хэрэглэжээ.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т тодорхойлсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулахаар, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т газар болон түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмсыг үл хөдлөх эд хөрөнгөд хамааруулахаар тус тус заасан. Харин Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэг нь барьж дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэх журмыг зохицуулсан болохоос түүнд татвар ногдуулах үндэслэлийг тогтоосон зохицуулалт биш гэж шүүх дүгнэсэн байна.

Мөн Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д татварыг зөвхөн хуульд заасан журмын дагуу бий болгож, тогтоох эрхийг хууль тогтоогчид хадгалуулсан бөгөөд тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т татварын харилцаанд тодорхой байх зарчим баримтлахаар заажээ. Энэ зарчмын дагуу татвар ногдуулах объект, үндэслэл болон татвар төлөх үүрэг нь хууль тогтоомжид тодорхой тусгагдсан байх шаардлагатай.

Шүүхээс Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд баригдаж дуусаагүй, ашиглалтад ороогүй, зориулалтын дагуу ашиглах боломжгүй барилгад татвар ногдуулах талаар тодорхой зохицуулалт байхгүйг тэмдэглэжээ. Иймд Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь үл хөдлөх эд хөрөнгийн ерөнхий ойлголт болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь бүртгэлийн зохицуулалтад үндэслэн татвар ногдуулах нь татварын тодорхой байх зарчимд нийцэхгүй гэж үзсэн байна.

Иймээс барилгын гүйцэтгэл 73 хувьтай, зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн гэх үндэслэлээр татвар ногдуулсан нь татварын хууль тогтоомжид нийцээгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт илт хууль бус байх үндэслэлд хамаарна гэж дүгнэжээ.

Харин барилга 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 100 хувийн гүйцэтгэлтэй болж, ашиглалтад орон зориулалтын дагуу ашиглах боломжтой болсон үеэс эхлэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан татвар ногдох үл хөдлөх эд хөрөнгийн шаардлагыг хангасан гэж үзсэн байна.

Гурав. Шүүхийн шийдэл

Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангажээ. Тодруулбал, барилга 100 хувийн гүйцэтгэлтэй болж, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан хүртэлх хугацаанд ногдуулсан татварын нэхэмжлэхүүдийг илт хууль бус болохыг тогтоож, түүнээс хойших хугацаанд хамаарах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

Дөрөв. Анхаарах зүйл, ач холбогдол

Энэхүү тогтоол нь татвар ногдуулахдаа хуульд заасан тодорхой үндэслэлийг баримтлах, хуулиар тогтоогоогүй татварын үүргийг зөвхөн улсын бүртгэлд бүртгэгдсэн нөхцөлөөр бий болгож болохгүйг тодотгосон ач холбогдолтой.
Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэхээс гадна тухайн барилгын гүйцэтгэл, зориулалтын дагуу ашиглах боломжтой болсон хугацааг харгалзан үзэх шаардлагатайг анхааруулж байна. Иймд татварын байгууллага татвар ногдуулахдаа тухайн хөрөнгийн эрх зүйн байдал, бодит нөхцөл болон татварын хууль тогтоомжид заасан үндэслэлийг нягтлан шалгах нь чухал юм.

Эх сурвалж: https://shuukh.mn/single_case/3485?id=3&court_cat=3

 

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1947 оны Хөдөлмөрийн хяналтын конвенц /№81/ нь аж үйлдвэр, худалдааны салбарт хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бүрд …
2026-11-05
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13