ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЛАА

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.

Зээлийн хэлэлцээрийн хүрээнд барилга болон барилга нураалтын хатуу хог хаягдлыг зөв зохистойгоор булж устгах, дахин боловсруулах шийдлүүдийг нэвтрүүлэх, түүнчлэн хатуу хог хаягдлын салбарт нэгдсэн тариф, удирдлагын зохицуулалтыг бий болгоход чиглэсэн “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн үйл ажиллагааг санхүүжүүлэхээр болжээ.

           Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас тус төслийг хэрэгжүүлэхэд 4.5 сая еврогийн буцалтгүй тусламж, 9.7 сая ам.долларын зээлийн хөрөнгийг Монгол Улсын Засгийн газарт олгоно. Зээлийг 15 жилийн хугацаатай авч байгаа бөгөөд эхний 3 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Зээлийн жилийн хүү LIBOR+1% бөгөөд энэ нь нэн хөнгөлттэй зээлийн ангилалд хамаарч байна.