Түгээмэл асуулт хариулт

Хөдөлмөрийн харилцаа

Гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг ямар тохиолдолд түдгэлзүүлдэг вэ?

Тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан, зуучлах үйлчилгээний журмыг зөрчсөн, зургаан сарын хугацаанд тайлан ирүүлээгүй, эсхүл хуурамч тайлан ирүүлсэн, эсхүл үйл ажиллагаа явуулаагүй эдгээр тохиолдолд Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь Ажилгүйдлийн даатгалын сангаас ямар төрлийн тэтгэмж, хөнгөлөлтийг авч болох вэ?

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь Ажилгүйдлийн даатгалын сангаас дараах тэтгэмж, хөнгөлөлтийг хувь тэнцүүлэн авч болно. Үүнд: 1. Ажилгүйдлийн тэтгэмж; 2. Шимтгэлийн хөнгөлөлт. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль 2 дугаар зүйл

Ямар ажил, үйлчилгээ албадан хөдөлмөрлүүлэхэд хамаарахгүй бэ?

Дараах ажил, үйлчилгээ албадан хөдөлмөрлүүлэхэд хамаарахгүй. Үүнд: - Суурь боловсрол эзэмших; - Хугацаат цэргийн албан хаагчийн хийж гүйцэтгэж байгаа цэргийн зориулалттай ажил, үйлчилгээ; - Тухайн нутаг дэвсгэр, хот, тосгон, суурин газрын оршин суугчийн хувьд хийх тохижилт, цэвэрлэгээний хөнгөн ажил; - Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл ял эдлэх явцад төрийн байгууллага, албан хаагчийн удирдлага, хяналтын доор хийж гүйцэтгэх ажил, үйлчилгээ. Ялтныг аливаа хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагад ажиллуулах, тэдний мэдэлд шилжүүлэхийг хориглоно; - Улс орныг батлан хамгаалах, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгэх, гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг нэн даруй арилгахтай холбоотой ажил, үйлчилгээ. Хэрэв хүнийг албадан хөдөлмөрлүүлсэн, албадан хөдөлмөрлүүлэхэд зуучилсан, зохион байгуулсан хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Хөдөлмөрийн тухай хууль 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг
[Цааш унших...]
Гэр бүлийн эрх зүй

Гадаад улсын иргэн үрчлэн авсан хүүхэд хэдэн нас хүрээд Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт гаргаж болох вэ?

Гадаадын иргэн эхнэр, нөхрийн үрчлэн авсан Монгол Улсын харьяат 16 насанд хүрсэн хүүхдийг тэдний хүсэлтээр Монгол Улсын харьяатаас гарахыг зөвшөөрч болно.

Эцэг нь гадаад улсын иргэн юм. Бидний дундаас төрсөн хүүхэд аль улсын иргэн болох вэ?

Эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төрсөн тэдний хүүхэд Монгол Улсын харьяат байна. Хэрэв хүүхэд гадаад улсын нутаг дэвсгэр дээр төрсөн бол хүүхдийн иргэний харьяаллыг эцэг, эхийн харилцан бичгээр, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ.

Гэрээслэгч бүх эд хөрөнгөө хууль ёсны өвлөгч биш этгээдэд гэрээслэн үлдээсэн тохиолдолд хууль ёсны өвлөгчдөд өв өвлүүлэх боломжтой юу?

Гэрээслэгч бүх эд хөрөнгөө хууль ёсны өмчлөгч бус этгээдэд гэрээслэх тохиолдолд өвлүүлэгчийн насанд хүрээгүй буюу хөдөлмөрийн чадваргүй, түүнчлэн түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй нөхөр /эхнэр/, төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, хууль ёсны бусад өвлөгчдөд хуульд зааснаар өвлүүлбэл зохих хөрөнгийн хоёрны нэгээс багагүй хэсгийг заавал өвлүүлнэ. Ийнхүү заавал өвлүүлэх хэсгийн хэмжээг тодорхойлохдоо хуваарьт болон дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн өвлүүлэгчид оногдох хэсгийг оролцуулан тооцно.
[Цааш унших...]
Компанийн эрх зүй

Хэрхэн компанийг нэгтгэх хэлбэрээр өөрчлөн байгуулах вэ?

Компанийг нэгтгэх хэлбэрээр өөрчлөн байгуулж байгаа тохиолдолд нэгдэж байгаа компанийг улсын бүртгэлээс хассанаар, хэрэв нэгтгэсэн компанийн дүрэмд өөрчлөлт орсон бол түүнийг улсын бүртгэлд бүртгэснээр тэдгээрийг өөрчлөн байгуулагдсанд тооцно. Эх сурвалж: Компанийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэг

Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан шийдвэрийг хувьцаа эзэмшигч эсэргүүцэж байгаа тохиолдолд шүүхэд гомдол гаргах эрх үүсэх үү?

Тийм. Компанийн тухай хуулийн 62-р зүйлийн дагуу хувьцаа эзэмшигч шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Аж ахуйн нэгж гэж юуг хэлэх вэ?

"Аж ахуйн нэгж" гэж улсын бүртгэлд бүртгэгдэж, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани, нөхөрлөл, хоршоо, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, тэдгээртэй адилтгах орлогын албан татвар төлөх үүрэг бүхий хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээд болон үндсэн үйл ажиллагаа нь ашгийн бус боловч бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлж орлого олсон дотоод, гадаадын хуулийн этгээдийг хэлнэ. Эх сурвалж: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1
[Цааш унших...]
Захиргааны эрх зүй

Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу ямар нөхцөлийг хангасан этгээдэд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгодог вэ?

Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно. Эх сурвалж: Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг

Зөвшөөрлийн код гэж юу вэ? Хаанаас, хэрхэн тогтоох вэ?

Зөвшөөрлийн нэгдсэн бүртгэл хөтлөх, статистик мэдээг эрхлэн гаргах, лавлагаа өгөх, цахим хэлбэрээр зөвшөөрөл олгох зорилгоор зөвшөөрлийг кодолно. Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрлийн кодыг эдийн засгийн үйл ажиллагааны ангилал, барааны ангиллын жагсаалт болон үндэсний кодыг харгалзан тогтооно. Зөвшөөрлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйл

Тусгай зөвшөөрлийг хэдэн жилийн хугацаагаар олгох вэ?

Тусгай зөвшөөрлийг таван жилээс доошгүй, энгийн зөвшөөрлийг гурван жилээс доошгүй хугацаагаар олгох бөгөөд байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахаар олгосон зөвшөөрлийг хугацаатай олгоно. Байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахаар олгосон зөвшөөрлөөс бусад зөвшөөрлийг хуульд заасан тохиолдолд хугацаагүй олгож болно. Зөвшөөрлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйл
[Цааш унших...]
Гэрээний эрх зүй

Хөлслөгч 2 сарын туршид хөлсөө төлөөгүй бол хөлслүүлэгч гэрээг ямар хугцааанд дуусгавар болгох эрхтэй вэ?

Хөлслөгч дараалсан 3 сарын турш хөлс төлөөгүй нөхцөлд цуцлах эрхийг олгохоор хуульд заасан тул энэ хугацаа болохоос өмнө хөлслүүлэгч гэрээг цуцлах эрхгүй. Эх сурвалж: Иргэний хууль, https://legalinfo.mn/mn/detail/299

Зээлээр худалдах, худалдан авах гэрээ худалдах худалдан авах гэрээнээс ямар ялгаатай вэ?

Худалдан авагч үнийг шилжүүлэхээс өмнө худалдагч худалдаж буй хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлж, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа төлөх үүрэг хүлээдэг. Эх сурвалж: Иргэний хууль, https://legalinfo.mn/mn/detail/299

Хүүтэй мөнгө хүнд зээлүүсэн бөгөөд зээлийн гэрээ байгуулаагүй бол зээлүүлсэн мөнгө болон зээлийн хүүг шаардах эрхтэй юу?

Монгол Улсын Иргэний хуульд зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог. Мөн зээлийг хүүтэй олгох тохиолдод заавал бичгээр гэрээг хийнэ. Хэрэв бичгээр зээлийн гэрээг байгуулаагүй бол зээлдэгч нь хүү авах эрхээ алддаг байна. Тиймээс үндсэн зээлүүлсэн мөнгөө шаардах эрхтэй.
[Цааш унших...]
Бусад

Хүний биометрик мэдээлэл гэж юу вэ?

Хүний биометрик мэдээлэл гэдэгт тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, программ хангамжийн тусламжтайгаар хүнийг тодорхойлох боломжтой гарын хурууны хээ, нүдний солонгон бүрхэвч, нүүр царай, дуу хоолой, биеийн хөдөлгөөний онцлог шинж зэрэг хүний бие махбодтой холбоотой биеийн давхцахгүй өгөгдлийг хамааруулан ойлгоно. Эх сурвалж: Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэг

Хувь хүний генетик мэдээлэл гэж юуг ойлгох вэ?

Хүний генетик мэдээлэл гэдэгт биологийн сорьцын шинжилгээгээр тогтоосон хүний бие махбод, эрүүл мэнд, өвлөн авсан удамшлын шинж чанарыг илэрхийлсэн дахин давтагдашгүй мэдээллийг хамааруулан ойлгоно. Эх сурвалж: Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэг

Хяналтын шүүх хэргийг хэлэлцүүлэхээр тогтоол гарсан бол хэд хоногийн дотор шийдвэрлэх вэ?

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ. Эх сурвалж: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 174 дүгээр зүйлийн 173.1 дэх хэсэг
[Цааш унших...]