Бусад

Улсын дээд шүүхийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хяналтын гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгоно.
Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т зааснаар Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө. Эх сурвалж: Монгол Улсын Үндсэн хууль /1992/
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь газар эзэмших тухай хүсэлтээ цахим систем болон төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системээр дамжуулан гаргана. -Иргэн нь газар эзэмших тухай хүсэлтдээ дараах зүйлсийг тусгана: • овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний бүртгэлийн дугаар; • эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг; • газар эзэмших зориулалт, хугацаа. -Аж ахуйн нэгж, байгууллага нь газар эзэмших хүсэлтдээ дараах зүйлсийг тусгана: • аж ахуйн нэгж, байгууллагын оноосон нэр, харьяалал, хаяг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; • тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг; • газар эзэмших зориулалт, хугацаа. Газар эзэмших хүсэлт болон түүнд хавсаргасан баримтыг газрын асуудал эрхэлсэн байгууллага нягтлан хянаж шаардлага хангаагүй тохиолдолд хүсэлт гаргагчид мэдэгдэж үндэслэлийг тайлбарлана. Хүсэлтэд хавсаргасан баримтууд шаардлага хангаагүй тохиолдолд хүсэлтийг хүлээж авсан бүртгэлээс хасах эрсдэлттэй юм. Эх сурвалж: Газрын тухай хууль /2002.06.07/ 32 дугаар зүйл
Зөвшөөрлийн тухай хуульд эрх бүхий этгээд хуульд заасан хугацаанд зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрлийг анх олгосон хугацаагаар сунгасанд тооцохоор заасан. Зөвшөөрлийг сунгасанд тооцсон шийдвэрийг эрх бүхий этгээд зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдлийг шийдвэрлэх хугацаа дууссанаас хойш ажлын хоёр өдрийн дотор гаргана. Харин зөвшөөрөл сунгуулах тухай хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй, хариу өгөөгүй нь тухайн албан тушаалтанд хариуцлага тооцох үндэслэл болно. Эх сурвалж: Зөвшөөрлийн тухай хууль
Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгахаар хуульчилсан. /ЭХХШтХ-ийн 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023-7-03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан. Уг аргачлалын 3.3-д “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу “гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж заасан. Иймд дээр дурдсан аргачлалын дагуу шүүхээс тогтооно.
Урьдчилсан тэмдэглэл хийгдсэний дараа хийх бүртгэл нь урьдчилсан тэмдэглэлээр эрхээ хамгаалуулсан этгээдийн шаардах эрхийг дуусгавар болгох буюу хохироохгүй бол түүнд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй ба урьдчилсан тэмдэглэлийг эрх эзэмшигчийг тогтоох зорилгоор, үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигчийн зөвшөөрлөөр хийж болно. Эх сурвалж: Иргэний хуулийн 185.3, 185.4
Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, тухайн жилийн төсвийн төслийг батлахдаа түншлэлийн зорилт, арга хэмжээг хэлэлцэж, хамт батлах; Түншлэлийн төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх тайлан мэдээллийг нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлантай хамт хэлэлцэх, хэрэгжилтэд хяналт тавих, чиглэл өгөх.
Төр, хувийн хэвшлийн түншлэл" гэж хувийн хэвшлийн түншлэгч нь төрийн түншлэгчтэй байгуулсан түншлэлийн гэрээний дагуу нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээг олон нийтэд, төрийн түншлэгчид урт хугацаанд үзүүлэх, түншлэгч талууд эрсдэлийг оновчтой хуваарилах, түншлэлийн төлбөрийг түншлэлийн төрлөөс хамаарч санхүүжүүлэн хэрэгжүүлэх замаар төслийг урт хугацаанд тогтвортой, үр ашигтай хэрэгжүүлэх хамтын ажиллагааг ойлгоно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар бүртгэж, хадгална.
Хөрөнгө, орлогын мэдүүлгийг дараах байгууллага, албан тушаалтан хуульд заасан хугацаанд бүртгэж, хадгална. Үүнд: - Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, түүнчлэн Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас томилогддог албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар; - Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо; - Үндсэн хуулийн цэцийн гишүүн болон бүх шатны шүүхийн шүүгчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл; - Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба; - бусад албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг түүнийг томилсон, эсхүл удирдах эрх бүхий албан тушаалтан.
Монгол Улсын дээд шүүхэд өргөдөл, гомдол гаргахдаа амаар, бичгээр болон цахим хэлбэрээр гаргана.
Эрүү, Иргэн, Захиргааны хэрэг маргаантай холбоотой буюу давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байгаа бол гомдлоо тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхээр дамжуулан гаргана.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлд зааснаар хойшуулшгүй тохиолдолд мөрдөн шалгах ажиллагааг явуулж болох ба явуулахаас өмнө мөрдөгч нь прокурорт даруй мэдэгдэж, ажиллагаа дууссанаас хойш 24 цагийн дотор тухайн ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэлийг нотлох баримт, тайлбарыг бичгээр прокурорт хүргүүлэх бөгөөд прокурор нь хүлээн авснаас хойш 24 цагийн дотор мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох эсэхийг шийдвэрлэнэ.
Онцгой ажиллагааны журмаар эрэн сурвалжлуулахад нэхэмжлэл, маргаантай холбоотой нотлох баримтууд, тус хаягт оршин суудаггүй гэсэн тухайн Засаг даргын тодорхойлолтыг хавсарган улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтын хамт өөрийн харьяалах шүүхэд нэхэмжлэлээ гаргана.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80.1.6 дахь заалтад “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хариуцагчийг эрэн сурвалжлах шаардлага бий болсон тохиолдолд шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар түдгэлзүүлнэ” гэж заасны дагуу Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж хариуцагчийг эрэн сурвалжлуулж болно. Мөн Онцгой ажиллагааны журмаар эрэн сурвалжлуулж болно.
Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахыг хориглоно. /Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль 35.2 дахь хэсэг/
Аливаа этгээд сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж илт худал мэдээлллийг тараасан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон бол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэхээр заасан. 14.8 дугаар зүйл. Сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах 1.Сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж, илт худал мэдээлэл тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. 2.Энэ гэмт хэргийг төрийн албан хаагч, сонгуулийн хорооны албан тушаалтан, ажилтан үйлдсэн бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасаж нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
14 хоногийн дотор, хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 сарын дотор өргөдлөө гаргана. /Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 30 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэг/
Нийслэл Улаанбаатар хотод өмчийн хэлбэрээс үл хамааран нийтийн хэрэгцээний авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах харилцааг Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журмаар зохицуулна.
Аливаа хүн, хуулийн этгээд нь нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд тараасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Эх сурвалж: Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг/
Аливаа хүн сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж, илт худал мэдээлэл тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. Уг гэмт хэргийг төрийн албан хаагч, сонгуулийн хорооны албан тушаалтан, ажилтан үйлдсэн бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасаж нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Эх сурвалж: Эрүүгийн хуулийн 14.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг/
Хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолын талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлд зохицуулсан бөгөөд үүнд: - Хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид 7 хоногийн дотор гардуулна. Мөн тухайн шийдвэрт гомдол гаргах журмыг заана. - Хэрэв төрийн нууцтай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид тогтоолыг гардуулахгүйгээр танилцуулж болно. Прокурорын шийдвэрийг авах хүсэлт гаргасан бусад оролцогчид тухайн шийдвэрийг 7 хоногийн дотор ирж гардан авахыг прокурор мэдэгдэнэ.Харин заасан хугацаанд прокурорын шийдвэрийг гардаж аваагүй бол шуудангийн хаягийн дагуу хүргүүлнэ.
Энэ талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлд заасан байдаг бөгөөд прокурор дараахь 6 үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно үүнд: 1. Гэмт хэргийн шинжгүй; 2. Тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон; 3. Тухайн гэмт хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүх, прокурорын шийдвэр хүчин төгөлдөр байгаа; 4. Сэжигтэн, яллагдагч нас барсан; 5. Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан; 6. Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулсан боловч яллагдагчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй бол эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгож, хавтаст хэргийн материалыг хэрэг бүртгэлтэд буцаана. Мөн хэд хэдэн хүн яллагдагчаар татагдсан тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол хүчингүй болгох үндэслэл нь нийт яллагдагчид хамаарахгүй байвал тухайн яллагдагч, эсхүл яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох, эсхүл тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгоно. Хэрэв нэгтгэн шалгаж байгаа хэд хэдэн гэмт хэргийн аль нэг нь нотлогдохгүй байвал прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухайн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тусгаарлан хавтаст хэргийн материалыг хэрэг бүртгэлтэд буцаана. Харин гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй. Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосныг хохирогч, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрч гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулна.
Авто зам, замын байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах, техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно. Ингэхдээ, авто зам, замын байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах, техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд Зөвшөөрлийн тухай хуульд заасан шаардлагаас гадна мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлагыг тавих бөгөөд энэхүү журмыг авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Авто зам, замын байгууламж болон авто тээврийн хөдөлгөөнд аюул учирч болох нөхцөл байдал үүссэн, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон, авто замд засвар хийх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд авто замыг түр хугацаагаар хааж болно. Ийм тохиолдолд авто зам, замын байгууламжийг хаах, замын чиглэл өөрчлөх журмыг авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна.
7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана.
Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 39.1-т “Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно.” гэж заасан. Иймд сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгох өдөр буюу 2024-06-10-ны өдрөөс эхлүүлж, 2024-06-26-ны өдрийн 00:00 цаг гэхэд зогсоосон байх ёстой.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасны дагуу санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглоно: 1. Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах; 2. соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах; 3. Гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллуулах.
Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасны дагуу шаардах эрхтэй. Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна. Өөрөөр хэлбэл иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна. Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ.
Хэрэв нэхэмжлэгч төлбөрийн чадваргүй болох нь түүний тайлбар, бусад нотлох баримтаар тогтоогдсон буюу хуульд заасан бусад үндэслэл байвал түүнийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлнө. Харин зохигчийн эд хөрөнгийн болон бусад байдлыг харгалзан шүүхийн шийдвэрээр улсын тэмдэгтийн хураамж төлөх хэмжээг багасгах буюу хугацааг хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлүүлж болно. /ИХШХШтХ-ийн 58-р зүйлийн 58.3, 58.4/
Хэрэв иргэний шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бол улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн хэмжээгээр нэхэмжлэгчид шүүгчийн захирамжаар буцаан олгоно. /ИХШХШтХ-ийн 59-р зүйлийн 59.1/
Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болно.
Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг мөрдөгч, эсхүл прокурорт гаргаж болно.
Төрийн архивт - үндэсний төв архив; - төрөлжсөн архив; - тусгай архив; - аймаг, нийслэлийн архив зэрэг хамаардаг болно.
Архив нь төрийн, байгууллагын, хувь хүний гэсэн төрөлтэй байна.
Шүүхэд нэхэмжлэл гаргасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг төлөх бөгөөд шүүхээс шийдвэрлэхэд хангасан үнийн дүнгийн хэмжээгээр хувьчилж тооцон хариуцагчаас гаргуулж шийдвэртээ тусгадаг.
Зөрчил үйлдсэн хүнд шүүх баривчлах шийтгэлийг Зөрчлийн тухай хуульд заасан тохиолдолд оногдуулах ба жирэмсэн эмэгтэй, арван дөрөв хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг, эх, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, баривчлах шийтгэл эдлүүлэхэд саад болохуйц өвчтэй хүнд оногдуулахгүй байхаар заасан. /Зөрчлийн тухай хуулийн 3.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг/
Зөрчлийн тухай хуульд зааснаар жолооч согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна. /Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг/
Зөвшөөрлийн тухай хуульд эрх бүхий этгээд хуульд заасан хугацаанд зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрлийг анх олгосон хугацаагаар сунгасанд тооцохоор заасан. Зөвшөөрлийг сунгасанд тооцсон шийдвэрийг эрх бүхий этгээд зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдлийг шийдвэрлэх хугацаа дууссанаас хойш ажлын хоёр өдрийн дотор гаргана. Харин зөвшөөрөл сунгуулах тухай хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй, хариу өгөөгүй нь тухайн албан тушаалтанд хариуцлага тооцох үндэслэл болно. Эх сурвалж: Зөвшөөрлийн тухай хууль
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Тайлбар: “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгох ба спиртийн агууламж нь дээрх хэмжээнээс бага байх тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулна. (Эх сурвалж: Эрүүгийн хууль, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2023.12.07-ны өдрийн хууль)
Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 14.7 дугаар зүйл (Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих)-ийн 5 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэж заасан. (Эх сурвалж: Зөрчлийн тухай хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2023.12.07-ны өдрийн хууль)
Шийдвэр гүйцэтгэх харьяаллыг дараах байдлаар тодорхойлно: 1. Төлбөр төлөгч-иргэнд холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түүний оршин суугаа, эсхүл түүний эд хөрөнгө буюу эд хөрөнгийн дийлэнх хэсэг байгаа нутаг дэвсгэрийг харьяалах тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ. 2. Төлбөр төлөгч-хуулийн этгээдэд холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага болон түүний эд хөрөнгө байгаа нутаг дэвсгэрийг харьяалах тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ.
Шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна. Шүүх хуралдаанд оролцсон бичгээр үйлдэх хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна. Энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно.
Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, хохирогч оролцох тухай хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан бол оролцуулна. Шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргаагүй тохиолдолд давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч ирээгүй нь хэрэг хянан шийдвэрлэхэд саад болохгүй юм. Эх сурвалж: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль
Давж заалдах шатны шүүх нь хэргийн материал хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд Ерөнхий шүүгч хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан 30 хүртэл хоногоор сунгаж болно. Эх сурвалж: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2022.05.04-ний өдрийн шийдвэрээр Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023.01.01-ний өдрөөс эхлэн нэг цагт 3273 төгрөг 81 мөнгө буюу сард 550,000 төгрөг болгосон. Тэгвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлбэл гэмт хэргийн улмаас нас барсан хүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээ 82,500,000 төгрөг болж байна. Харин Үндэсний статистикийн хорооны Статистикийн мэдээллийн нэгдсэн сангаас шүүж үзэхэд Хүн амын дундаж наслалтын 2022 оны статистик үзүүлэлтээр Улаанбаатар хотод амьдарч буй эрэгтэй хүний дундаж наслалт 67,1 байна. Тиймээс Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар нас барсан “А”-ын нас, хүн амын дундаж наслалтын зөрүү нь 8,1 байх ба уг зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 2,750,000 төгрөгөөр үржүүлэхэд гэмт хэргийн улмаас нас барсан хүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээ 22,275,000 төгрөг болж байна. Иймд шүүхээс гэмт хэргийн улмаас нас барсан хохирогч “А”-ын гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийг 82,500,000 төгрөгөөр тогтоох нь түүнд ашигтай байна. (Эх сурвалж: -Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэг - Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2022.05.04-ний өдрийн шийдвэр -Үндэсний статистикийн хорооны Статистикийн мэдээллийн нэгдсэн сан)
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ” гэж заасан байна. Иймд мөрдөгч нь дахин шинжилгээ хийлгэх шийдвэрийг өөрөө бие дааж гаргаж болно. (Эх сурвалж: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг)
Газрын тухай хуулийн 30.1-т зааснаар газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна. Газар эзэмшигч нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно.
Гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 0,1 га-гаас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болно. Мөн багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна. Хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тарих талбай нь хувийн гэр, орон сууцны хашааны газрын зэргэлдээ, эсхүл уг зориулалтаар тусгайлан тогтоогдсон газарт байж болно. Тиймээс газар эзэмших эрх авах гэж буй аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба болон сумын Газрын даамалд хандан газар эзэмших хүсэлт, холбогдох баримтыг гаргаж шийдвэрлүүлнэ.
Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана.
Мөрдөн байцаалт явуулж дууссан хэргийн материалыг прокурор 14 хоногийн дотор хянах ба зайлшгүй тохиолдолд зохих дээд шатны прокурор энэ хугацааг тухай бүр 14 хоногоор нэмж сунгаж болно. Прокурор хэргийг хянаж үзээд дараах шийдвэрүүдийн аль нэгийг гаргана. Үүнд: 1. Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх; 2. Эрүүгийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх; 3. Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах; 4. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах; 5. Хэргийг хэрэгсэхгүй болгох; 6. Нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах; 7. Эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх. Прокурор мөрдөн байцаалт явуулж дууссан хэргийг хянаад гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх бүрэн боломжтой бөгөөд прокурорын эрх хэмжээний асуудалд хамаарах юм.
Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно. Дээр дурдсан аргаар тогтоосон хэмжээ нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн болон нөхөн төлбөрийн дээд хязгаар буюу “100 хувь” болно. (Эх сурвалж: * Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, * Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023.07.31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.5 дахь заалт * УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдааны 2023.07.03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачла”-ын 3.3, 3.4 дэх заалт)
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж болно: 1.шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; 2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; 1.3.хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; 1.4.эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой. (Эх сурвалж: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг)
Үүргийн хувьд шүүгч, прокурорыг дуудсан цагт ирэх үүрэгтэй. Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, өөрт илэрхий болсон хэргийн талаарх мэдээллийг задруулахгүй байх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам сахих, хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийн хохирогч гэнэ. Прокурор, мөрдөгч, шүүгч шийдвэр гаргаж хохирогчоор тогтоодог. Хохирогч ямар эрхтэй вэ? • Өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх хууль зүйн туслалцаа авах • Хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулах • Мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах • Шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох шүүх хуралдаанд даргалагчийн зөвшөөрлөөр шүүгдэгч гэрч шинжээчид асуулт тавих • Шүүх прокурор мөрдөгчийн ажиллагаа шийдвэрт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргах • Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан мөрдөн байцаалт дууссан бол хавтас хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлт гаргах • Гэмт хэргийн улмаас үүссэн хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах • Шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолын хувийг авах • Эх хэлээрээ болон мэддэг хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч хэлмэрч авах • Өөрийн болон гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.
Газрын тухай хуулийн 6.1-т зааснаар газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана. Иймд 18 насанд хүрээгүй тохиолдолд газар эзэмших боломжгүй байна.
Газрын тухай хуулийн 31.1-т зааснаар “Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна.” гэж заасан. Иймд Солонгос булсад бүртгэлтэй компани Монгол улсад газар эзэмших боломжгүй байна.
Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй.
Сууц өмчлөгчдийн холбоог хуульд заасан дараах үндэслэлээр татан буулгана. 1. Cууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар тухайн орон сууцны байшингийн бүх сууц нэг этгээдийн өмчлөлд шилжсэн тохиолдолд татан буулгана. 2. Мөн Иргэний хуулийн 144 дүгээр зүйлийн 144.1-д зааснаар Орон сууц болон бусад эд хөрөнгийн дийлэнх хэсэг нь устаж, гэмтсэн тохиолдолд эвдрэл хохирлыг даатгалаар буюу бусад аргаар арилгах боломжгүй бол сууц өмчлөгчид холбоог татан буулгаж болно. Харин СӨХ-г дээр зааснаас өөр үндэслэлээр татан буулгахыг хориглодог байна.
Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол, прокурор эсэргүүцэл бичиж болно. Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна.
Зөрлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5-т “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж заасан.
Энэ тохиолдолд хуулиар захиалагчийн эрхийг хамгаалах боломжтой. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31.2-т “Барьж дуусаагүй барилгын эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг барилгад хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд /захиалагч/ нь урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно.” гэж заасан. Урьдчилсан тэмдэглэл хийлгэх хүсэлтийг дуусаагүй барилгын өмчлөгч болон захиалагч хамтран гаргах бөгөөд уг хүсэлтээ улсын бүртгэлийн байгууллагад гаргана. Ийнхүү урьдчилсан тэмдэглэл хийлгэхийн тулд тухайн баригдаж байгаа барилга нь улсын бүртгэлд бүртгэгдэж, барьж дуусаагүй барилгын гэрчилгээ гарсан байх шаардлага тавигдана.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцон, тодорхой ажил зохион байгуулж, үр дүнд хүрсэн хүн, хуулийн этгээдийг жилд нэгээс доошгүй удаа шалгаруулж, дараах хэлбэрээр урамшуулна. Үүнд: 1.мөнгөн шагнал олгох; 2.үнэ бүхий зүйл дурсгах; 3.салбар, байгууллагын шагналд тодорхойлох; 4.төрийн дээд одон медаль, Засгийн газрын шагналд нэр дэвшүүлэх зэргээр тус тус урамшуулна гэж Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон хүн, хуулийн этгээдийг урамшуулах журамд заасан байна.
Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журмаар Хуш модны самрыг 10 дугаар сарын 20-оос дараа оны 2 дугаар сарын 01-ний хооронд түүж бэлтгэнэ гэж заасан байна.
“Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн 31.1-т заасны дагуу өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлснээр, газар өмчлөх эрхээсээ татгалзсанаар, газар өмчлөгч иргэн Монгол улсын харъяатаас гарснаар, хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр тус тус дуусгавар болно.
Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно.
Газрын жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлнө. Дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно.
Дараах этгээд нас барагчийг нас барсны бүртгэлд бүртгүүлнэ: 1. нас барагчийн 18 нас хүрсэн гэр бүлийн гишүүн, эсхүл эцэг, эх, эсхүл төрөл садангийн хүний аль нэг; 2. ажиллаж, суралцаж, эмчлүүлж, сувилуулж, цэргийн алба хааж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, эсхүл хорих байгууллагад ял эдэлж байсан бол тухайн байгууллагын захиргааны, цогцос олдсон тохиолдолд шүүх шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан; 3. Монгол Улсын иргэн гадаад улсын нутаг дэвсгэрт нас барсан бол Монгол Улсын болон гадаад улсын иргэн, хуулийн этгээд. /Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 13.2 дах зүйл./
Дараах баримт бичгийг бүрдүүлж, улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өөрийн биеэр бүртгүүлнэ: 1. өргөдөл; 2. иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ; 3. эмнэлгийн байгууллагаас хүйс өөрчлөгдсөнийг нотолсон баримт бичиг. Мөн дараах баримт бичгийн аль тохирохыг хавсаргана: 1. гэрлэлт дуусгавар болсон тухай эрх бүхий байгууллагын шийдвэр; 2. хүүхдийн эцэг /эх/-ийн нэрийн бүртгэлд өөрчлөлт оруулах бол эцэг /эх/-ийн өргөдөл; 3. хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх /Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1, 14.2 дах зүйл./
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлд нүүрэлдүүлж мэдүүлэг авах зохицуулалтыг заасан бөгөөд яллагдагчаас бусад хүний мэдүүлэгт ноцтой зөрөө байвал хоёр хүний хооронд нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно. Хэрвээ яллагдагч нүүрэлдүүлж мэдүүлэг авах хүсэлт гаргасан тохиолдолд гэрч, хохирогч, бусад яллагдагч зөвшөөрөх эсэхийг мөрдөгч тодруулж асуусны дараа зөвшөөрсөн бол нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.3 дугаар зүйлийн 1-д зааснаар мөрдөгч орон байр, бусад газарт нэгжлэг хийхдээ прокурорын зөвшөөрлөөр тухайн газарт нэвтрэх ёстой. Шаардлагатай бол түгжээтэй зүйлийг нээх, хана, тааз болон шалыг салгах, задлах зэрэг ажиллагааг явуулж болно.
Хариуцагч нь хаяг дээр оршин суудаггүй нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын харьяалах шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргаж хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоолгоно.
Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ял, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарна. /Эрүүгийн хуулийн 6.4, 6.6 дугаар зүйл/
Эрүүгийн хуульд зааснаар их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 50,000,000 төгрөг түүнээс дээш хэмжээг гэж заасан. /Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1/
Хүний биед шинжилгээ хийхдээ шинжилгээ хийлгэх этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хангасан орчин, нөхцөлд хийх бөгөөд шилжилгээ хийх зайлшгүй тохиолдолд Шүүх шинжилгээний тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасныг үндэслэн шинжилгээг шинжилгээний болон эрүүл мэндийн байгууллага, албадан саатуулах, баривчлах, цагдан хорих байр, хорих ангид боломжит нөхцөлд хийж болно.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/152 дугаар тушаалаар батлагдсан Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавих нийтлэг шаардлагын 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар Хичээлийн хоцрогдол арилгах, гэрийн даалгавар хийхэд дэмжлэг үзүүлэх, уншиж, бичих чадварыг сайжруулах зорилгоор сургалтын үйл ажиллагаа явуулах үйлчилгээний өрөө, тасалгаа нь барилга байгууламжийн 3 хүртэлх давхарт байрласан байна. Тиймээс нийтийн эзэмшлийн орон сууцны 3-аас дээш давхарт сургалтын үйл ажиллагаа явуулахыг хориглох бөгөөд зоорийн давхарт буюу /В1 давхар/ өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхийг мөн адил хориглоно.
Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэний дараа сэжигтнийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, уг тогтоолыг танилцуулахыг мөрдөгчид даалгана. Хүндэтгэн үзэх шалтгаанаар ирэх боломжгүй тухайгаа мэдэгдэх хуудас хүлээн авсан сэжигтэн мөрдөгчид даруй мэдэгдэж, энэ тухай баримтаа ирүүлсэн бол яллагдагчаар татах тогтоол танилцуулах хугацааг прокурор 24 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж болно. (Эх сурвалж: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг)
Мөрдөгч нь яллагдагчаас бусад хүний мэдүүлэгт ноцтой зөрөө байвал хоёр хүний хооронд нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно. Харин яллагдагч нь гэрч, хохирогч, бусад яллагдагчтай нүүрэлдэж мэдүүлэг өгөх хүсэлт гаргавал гэрч, хохирогч, бусад яллагдагч зөвшөөрсөн тохиолдолд нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно. (Эх сурвалж: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг)
Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан танхайрах зөрчил бөгөөд хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмших хүсэлтийг Монгол Улсын иргэн улсын бүртгэлийн байгууллагад, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд тусгай зөвшөөрөл эзэмшигчид бичгээр гаргана.
Тоон гарын үсгийн гэрчилгээг Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд 5 жил, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнд түүний оршин суух хугацаагаар, эсхүл 3 жилээс дээш хугацаагаар оршин суух бол 3 жилийн хугацаагаар олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т заасны дагуу Харьяаллын дагуу шилжүүлэх, шинээр нотлох баримт гаргуулах, хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг хэрэгжүүлсэн, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан, шүүгчээс татгалзан гарсан, мөнгөн торгууль оногдуулсан, нэхэмжлэлийг буцаасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн, хэргийг хэрэгсэхгүй болгосон, шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон буюу өөрчилсөн захирамжуудад захирамж гарснаас хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байна.
Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний гаргасан бүх шийдвэр нь захирамж хэлбэрээр гарах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т заасны дагуу захирамж гарснаас хойш 10 хоногийн дотор гомдол гаргаж болно
Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан 7-14 хүртэлх насны хүүхдийн учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана. /Иргэний хуулийн 503-р зүйл/
Арван найман насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авахын өмнө түүнд хэргийн талаар мэдэх бүх зүйлээ үнэн зөв мэдүүлэхийн чухлыг тайлбарлана. Харин 16 насанд хүрээгүй гэрч, хохирогчид санаатайгаар худал мэдүүлэг өгөх хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулахгүй. /ЭХХШтХ-ийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагч яллах дүгнэлтийг гардаж авахаас татгалзвал энэ тухай тэмдэглэл үйлдэнэ. Шаардлагатай бол дуу-дүрсний бичлэгээр баримтжуулж хэргийг шүүхэд шилжүүлэхээр заасан байгаа. Өөрөөр хэлбэл яллах дүгнэлтийг гардаж аваагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зогсоох үндэслэл болохгүй юм. /ЭХХШтХ-ийн 32.10 дугаар зүйлийн 7 дах хэсэг/
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.5.9-д зааснаар боловсролын болон мэргэжлийн сургалт явуулах зөвшөөрөлтэй хувь хүн, хуулийн этгээдийн эрхлэн гүйцэтгэж байгаа дүрэмд нь заасан боловсрол, мэргэжил олгох үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө. Тиймээс тухайн боловсролын болон мэргэжлийн сургалтын байгууллага нь албан татварын буцаан олголтгүй, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан баримтыг олгоно.
Ан агнах зориулалтын галт зэвсэг нь иргэний зориулалттай галт зэсвгийн ангилалд хамаарна. Тиймээс иргэний зориулалттай галт зэвсэг худалдаж авсан, улсын хилээр оруулсан иргэн ажлын 10 өдрийн дотор галт зэвсгээ байнга оршин суугаа газрын нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ Галт зэвсгийн тухай хуулийн 12.1, 12.2-т заасан баримт бичгийг бүрдүүлнэ
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн: - 2 дахь хэсэгт “Хугацааг тоолж эхэлсэн минут, цаг, хоногийг хугацаа тоолоход оруулахгүй”, - 4 дэх хэсэгт “Хугацааг хоногоор тоолоход уг хугацаа нь сүүлийн хоногийн 24 цагт дуусна”, - 6 дахь хэсэгт “... Хэрэв хугацааны төгсгөл ажлын бус өдөр тохиолдвол хугацааны сүүлийн өдрийг түүний дараагийн ажлын эхний өдрөөр тоолно” гэж тус тус заасан байна. Жишээ нь: Эрүүгийн хэргийн хохирогч А нь уг хэрэгт хяналт тавьж буй прокурорт дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан боловч прокурор уг хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэрийг 2022.11.16-ны өдөр гаргаж мөн өдөртөө түүнд мэдэгдсэн байна. Энэ тохиолдолд хохирогч А нь прокурорын шийдвэрийн талаарх гомдлыг дээд шатны буюу тухайн дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурорт 2022.11.19-ний өдрийн ажлын цагт багтаан гаргах ёстой боловч хугацааны төгсгөл ажлын бус өдөр буюу Бямба гарагт таарч байгаа учраас хугацааны сүүлийн өдрийг түүний дараагийн ажлын эхний өдөр буюу 2022.11.21-ний өдрөөр тооцон уг өдрийн ажлын цагт багтаан гомдлоо гаргах боломжтой юм. (Эх сурвалж: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйл, 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг)
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оролцогч нь мөрдөгчийн шийдвэр, ажиллагааны талаарх гомдлыг уг эрүүгийн хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт, прокурорын шийдвэр, ажиллагааны талаарх гомдлыг тухайн нэгжийн дээд шатны прокурорт шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор гаргана. Тодруулбал Нийслэлийн аль нэг дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын шийдвэр, ажиллагааны талаарх гомдлыг тухайн дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурорт, Монгол Улсын аль нэг аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын шийдвэр, ажиллагааны талаарх гомдлыг тухайн аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорт тус тус гаргана.
Байгууллага дараах мэдээллийг нууцалж болохгүй. Үүнд: 1/ тухайн байгууллагын явуулж буй үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, ашиглаж буй техник, технологийн хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх буюу үзүүлж байгаа нөлөөллийг илтгэн харуулах мэдээлэл; 2/ тухайн байгууллагын мэдэлд байгаа бөгөөд хадгалалт, хамгаалалтын горим нь зөрчигдсөн тохиолдолд хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул учруулж болзошгүй бүх төрлийн хорт, цацраг идэвхт бодисын хор хөнөөлийг тодорхойлсон мэдээлэл; 3/ гэмт хэргийн тухай болон нийтэд мэдээлэхээр хуульд заасан бусад мэдээлэл зэрэг орно.
Байгууллагын нууцыг дараах байдлаар хамгаална. Үүнд: 1.Байгууллагын нууц нь тухайн байгууллагын хамгаалалтад байна. Байгууллага нь нууцаа хамгаалах журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрөө тогтоож мөрдөнө. 2.Байгууллагын нууцыг хариуцаж байгаа, эсхүл түүнтэй албан үүрэг, мэргэжлийн үйл ажиллагааны дагуу танилцсан, олж мэдсэн этгээд уул нууцыг чанд хадгалах үүрэгтэй. 3.Байгууллага нь эрхэлж буй үйл ажиллагааныхаа дагуу олж мэдсэн хүний эмзэг мэдээллийг байгууллагын нууцын нэг адил хамгаална.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээний үндсэн зорилго нь шүүхээс гарах шийдвэр баталгаатай биелэгдэх нөхцөл байдлыг урьдчилан бэлтгэх буюу хэрэв нэхэмжлэл хангагдсан тохиолдолд төлбөрийг тухайн хөрөнгөөс гаргуулах боломжийг олгосон зохицуулалт юм.
Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ. Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогддог. /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37-р зүйл/
Хуульд зааснаар яллагдагч мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй. Яллагдагч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм.
ЭХХШтХ-ийн 30.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Мөрдөгч гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авч хянаж үзсэн даруй, эсхүл 5 хоногт багтаан хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааг явуулж хэрэг бүртгэлтийн хэрэг нээх эсэх шийдвэрийг гаргана. Шийдвэр гарсан бол энэ тухай гомдол гаргагчид дариу мэдэгдэнэ.
Хохирогч нь эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл прокурорын тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор дээд шатны прокурорт буюу Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурорт гомдол гаргах эрхтэй. /Эх сурвалж: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч, яллагдагчийг мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулахаар дуудан ирүүлж болно. Мөрдөгчийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй нь албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Мөрдөгч нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч, яллагдагчаас мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах зайлшгүй шаардлагатай бол прокурорын мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлнэ” гэж тус тус заасан. Тиймээс мөрдөгч нь иргэн А-г прокурорын мэдэгдэх хуудсаар дуудаагүй тул түүнд албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх боломжгүй.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Цэцийн гишүүнийг цэцийн зөвшөөрөлгүйгээр /түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд/ баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл шүүхийн журмаар түүнд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлийг хураан авахыг хориглоно.”
Цэцийн гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг энэ тухай эрх бүхий байгууллагын санал, шийдвэрийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор Цэц хэлэлцэж шийдвэрлэнэ.
Статистикийн тухай хуулийн 13.1-д зааснаар Үндэсний статистикийн хорооны даргыг Монгол Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилдог.
Статистикийн тухай хуулийн 11.1-д зааснаар статистикийн байгууллага нь улс, бүс нутаг, аймаг, нийслэлийн эдийн засаг, хүн ам, нийгэм, байгаль орчны талаарх статистикийн мэдээллээр төр, иргэн, аж ахуйн нэгж, байгуулагад адил тэгш үйлчилдэг төрийн байгууллага мөн юм.
Хойшлуулашгүй эсхүл тухайн хүн хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд шөнийн цагаар мэдүүлэг авахыг хориглоно. “Хойшлуулшгүй тохиолдол” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.26 -д зааснаар “хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах, сэжигтэн, яллагдагч оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн баримт устгах, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдэх бодит аюул байгааг” ойлгоно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд “Гэр бүлийн гишүүн гэж” Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасныг ойлгоно гэж томъёолсон. Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т зааснаар “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгохоор заасан байна.
Арбитрын тухай хуульд зааснаар арбитрын ажиллагааны оролцогч талууд нь маргааны харьяаллын талаар гомдол гаргах бол нэхэмжлэлд хариу тайлбар гаргахаасаа өмнө уг гомдлоо тухайн арбитрын бүрэлдэхүүнд гаргаж шийдвэрлүүлнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэлд тайлбар гаргасан тохиолдолд маргааны харяаллыг хүлээн зөвшөөрсөн гэж тооцох хууль зүйн үр дагавартай.
Арбитрын шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргах боломжтой. Шүүх арбитрын шийдвэрийг бүхэлд нь хянахгүй бөгөөд зөвхөн Арбитрын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.3 дахь хэсэгт заасан арбитрын хэлэлцээр хүчин төгөлдөр бус байсан, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан, арбитрын ажиллагаан дахь талуудын оролцоог хангаагүй, арбитрын харьяаллын маргаан биш, Монгол Улсын нийтлэг ашиг сонирхлыг зөрчсөн гэсэн үндэслэлийн хүрээнд хянана. Дээрх нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд шүүх арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгох ба энэ нь арбитрын ажиллагааг сэргээн явуулах үндэслэл болно.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 30 хоногт багтаан явуулах бөгөөд талуудын хүсэлтээр энэ хугацааг нэг удаа сунгаж болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасны дагуу эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул 70 200 төгрөг төлнө.
Өвлүүлэгч нас барсан өдрөөс, түүнчлэн иргэнийг нас барсан гэж зарласан өдрөөс өв нээгдэнэ.
Нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эхийг ойлгоно.
Ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах шаардлага, бүртгэх журамд зааснаар 3 жилийн хугацаатайгаар гэрчилгээ олгох юм байна.
Ажиллах хүч нийлүүлэгчид тавигдах шаардлага 1.Монгол Улсад бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байх; 2.Татварын байгууллагад бүртгэлтэй, татварын өргүй байх; 3.Нийгмийн даатгалын байгууллагад бүртгэлтэй, нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй байх; 4.Ажиллах хүч нийлүүлэгчийг үүсгэн байгуулагч болон удирдах ажилтан нь гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээгээгүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийн өргүй байх; 5.Ажиллах хүч нийлүүлэх хүчинтэй гэрээтэй эсхүл гэрээний загвартай байх; 6.Ажиллах хүч нийлүүлэгч байгууллага хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтантай байх эдгээр шаардлагад тавигдсан байдаг.
Шинээр баригдах барилгад хөрөнгө оруулахтай холбогдуулан дараах баримт бичгүүд болон эдгээртэй адилтгах бусад баримт бичгүүдтэй урьдчилан танилцах нь зүйтэй. Үүнд:  Газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрээ болон кадастрын зураг;  Барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, түүнд холбогдох баримт бичиг;  Барилгын эскиз зураг батлуулсан хувь, түүнд холбогдох баримт бичиг;  Техникийн нөхцөлүүд (Ус сувгийн удирдах газрын техникийн нөхцөл, Дулааны техникийн нөхцөл, Монголын цахилгаан холбооны техникийн нөхцөл, Улаанбаатар цахилгаан түгээх станцийн техникийн нөхцөл гэх мэт);  Барилгын зураг төсөл, экспертизээр батлуулсан хувь (Эскиз зураг, Барилга архитектурын зураг; Барилга бүтээцийн зураг; Гадна цахилгааны зураг; Дотор цахилгаан, гэрэлтүүлэг, холбоо дохиоллын зураг; Гадна, цэвэр бохир ус, халаалтын зураг; Дотор цэвэр бохир ус, халаалтын зураг; Агаар сэлгэлтийн зураг, Бусад дэд станц, байгууламжийн зураг; Эдийн засгийн тооцоо гэх мэт)  Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, түүнд холбогдох баримт бичиг зэрэг орно. Тухайн барилгын зориулалтыг анхааран зохих зөвшөөрлүүдэд уг зориулалтаар барилга барихыг зөвшөөрсөн эсэхийг шалгана уу.
Инновацийн тухай хуулийн 14.1-д зааснаар дараах гурван шаардлагыг тавьдаг байна. Үүнд: 1. Инновацийг бий болгох нэгдсэн зорилго бүхий саналыг агуулсан байх; 2. Хэрэгжүүлэх гэж байгаа төслийн бүтээгдэхүүн, үйлчилгээний давтагдаагүй байдал, эсхүл аж үйлдвэрийн оюуны өмчийн эрхийн баталгаажилтыг нотолсон байх; 3. Инновацийн төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон үр ашгийн тооцоог хийсэн байх.
Инновацийн тухай хуулийн 3.1.1-д зааснаар "инноваци" гэж шинэ мэдлэгийг баялаг болгон хувиргах үйл ажиллагааны үр дүнд бий болсон бүтээгдэхүүн, үйлчилгээ, маркетинг, зохион байгуулалтын арга, шийдлийг хэлнэ.
Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно. Яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргана.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлт, гомдлыг аль ч үед гаргаж болох бөгөөд мөрдөгчийн шийдвэр, ажиллагаанд гаргах гомдлыг хяналт тавьж байгаа прокурорт, хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр, ажиллагааны талаарх гомдлыг тухайн нэгжийн дээд шатны прокурорт шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор гаргана.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 24.7.1-т зааснаар дараах байршилд дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглосон. Үүнд: ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө. Энэ хуулийг 2022-05-01-ний өдрөөс дагаж мөрдөнө. Тиймээс хувцас солих өрөөнд камер буюу дүрсний бичлэг хийх төхөөрөмж байршуулахыг хориглоно.
"Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно.
“Орон байр” гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно.
Нийтийн зориулалттай орон сууцны байшинд барилгын төлөвлөлт, эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын норм зөрчсөн, мөн дор дурдсан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглоно: - химийн хорт бодистой харьцах; - ахуйн хэрэглээнд шаардагдахаас бусад тэсэрч дэлбэрэх, галд амархан шатдаг материал хадгалах, худалдах; - хурц үнэртэй материал, бодис хадгалах, худалдах; - цацраг идэвхт бодис, цахилгаан соронзон орон үүсгүүр, нянгийн амьд өсгөвөр, пестицид ашиглах; - даралтат сав, уурын тоног төхөөрөмж ашиглах;
Орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийхийг, мөн Орон сууцны байшингийн техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг тус тус хориглоно.
Тухайн орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газрыг хэлнэ.
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ.
Тоон гарын үсэг гэж дараах шаардлагыг хангасан цахим гарын үсгийг ойлгоно: - тоон гарын үсгийн хувийн түлхүүр ашиглан мэдээллийг шифрлэж хувиргалтад оруулж үүсгэсэн; - тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшигчийг тоон гарын үсгийн нийтийн түлхүүр ашиглан таних, шалгах боломжтой; - мэдээлэлд тоон гарын үсгийг хавсаргасан, эсхүл нэгтгэсний дараа мэдээлэлд өөрчлөлт оруулсан, мэдээллийн бүрэн бүтэн эсэхийг мэдэх боломжтой.
Цахим гарын үсэг гэж цахим мэдээлэлд гарын үсэг зурсан, цахим тамга хэрэглэсэн этгээдийг тодорхойлох зорилгоор мэдээлэлд хавсаргасан, эсхүл нэгтгэсэн цахим өгөгдлийг ойлгоно.
Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн гэдэг Үндэсний статистикийн хороо, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран баталсан аргачлалын дагуу өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхөөс сонгогдсон өрхийн гишүүнийг ойлгодог.
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн буюу ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан бол гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах хуулийн заалттай юм.
Орон сууцны тухай хуулийн 151.2-т “Сууц өмчлөгчид нь мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн орон сууцыг цаашид ашиглалтын шаардлага хангахгүй болсон талаарх шийдвэрийг хүлээн авмагц дахин төлөвлөлтөд оруулах тухай хүсэлтийг сууц өмчлөгчдийн олонхийн саналаар гаргаж, тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ.” гэж заасан. Харин Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 3.4, 3.5-д зааснаар орон сууцны барилгыг дахин төлөвлөлтөд оруулах тухай хүсэлтийг тухайн орон сууц өмчлөгчийн 80-аас доошгүй хувь дэмжсэн тохиолдолд СӨХ шийдвэрлэж болохоор байна.
“Оролцогч” гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг хэлнэ. /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.13 дахь заалт/ “Бусад оролцогч” гэж гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, хөндлөнгийн гэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг хэлнэ. /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт/
Ø Мэдүүлэг гаргана. Ø Өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг; Ø Газар өмчлөх эрх олгосон шийдвэр /Засаг даргын захирамж, хавсралтын хамт/ Ø Эзэмших эрхтэй газар бол Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ Ø Газрын мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зураг /эх хувь/ Ø Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт Ø Хувийн сууцны зураг төсөл /талбай, хэмжээ тусгах/ Ø Хувийн сууцны бүтэн харуулсан гэрэл зураг /А4 цаасан дээр нааж тайлбар бичих, нэг хашаанд 2 ба түүнээс дээш сууцтай бол нэг зурагт багтаах, 2 ба түүнээс дээш зэргэлдээ эд хөрөнгийг нэг мэдүүлгээр бүртгүүлэх тохиолдолд нэг кадастрт багтаан зургийг авч тайлбар бичих/ Ø Газрын мэдээллийн санд хаяггүй бол хувийн сууцанд эрх бүхий байгууллагаас олгосон дугаар, байршлын хаяг. Тэмдэгтийн хураамж: эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01 хувиар тооцож аймаг, дүүрэг тус бүхийн төрийн сангийн дансанд төлнө. Уг үйлчилгээг эд хөрөнгө оршин байгаа аймаг болон дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандан авах боломжтой. Анхаарах асуудал: Кадастрын зурагт бүртгүүлэх гэж буй үл хөдлөх эд хөрөнгө тусгагдсан байна. Газар өмчлөх шийдвэр, эзэмших гэрчилгээ, кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлтэд газрын хаяг, хэмжээ, зориулалт, нэгж талбарын дугаар, өмчлөгчийн овог, нэр, регистрийн дугаар зэрэг мэдээлэл зөрүүгүй байх ёстой.
Дараах хэлбэрээр тамхи сурталчлахыг хориглоно. Үүнд: - тамхи, тамхи ороодог цаас, тамхины шүүр, тамхи орооход хэрэглэгддэг төхөөрөмж, тамхины бусад дагалдах хэрэгсэл, тамхи үйлдвэрлэгчийн нэр, лого, тамхин бүтээгдэхүүн, түүний брэндийн нэр, барааны тэмдэг, тамхи үйлдвэрлэгчтэй холбоотой өнгө, өнгөний хослол, үг хэллэг, дизайн, зураг, дүрс, үнэр, дуу авиаг ашиглах, алдартай жүжигчин, тамирчин, урлаг, соёлын ажилтан зэрэг олон нийтийн дунд нэр хүнд бүхий хүнийг оролцуулах замаар тамхийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, кино, хувцасны загвар өмсөх үзүүлбэр, урлаг, спортын тоглолт, уралдаан, тэмцээн, гар утас, бусад шинэ технологи, ханын болон гудамжны самбар, зурагт хуудас, зар чимэглэл, зорчигчийн тийз ашиглах болон бусад биет байдлаар сурталчлах; -хүүхдэд тамхи татахыг зааж сургах, өөгшүүлэх; -хуулийн этгээдийг тамхи болон тамхины үйлдвэрийн нэрээр нэрлэх; -тамхи үйлдвэрлэгчээс эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, биеийн тамир, спортын болон бусад олон нийтийн арга хэмжээнд ивээн тэтгэгчээр оролцох, төрөл бүрийн хандив, тусламж, тэтгэлэг үзүүлэх; -эд бараа, хувцас, хэрэглээний зүйлд тамхи болон тамхины үйлдвэрийн зураг, нэр, тэмдэг хэрэглэх; -гадна хэлбэрээрээ тамхин бүтээгдэхүүнтэй ижил төстэй чихэр, тоглоом болон тамхин бус бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, үнэгүй бэлэг, бүтээгдэхүүний дээж тараах, аливаа хэлбэрийн сугалаа, уралдаан, тэмцээн, хямдрал, урамшуулал, хөнгөлөлт, тэтгэлэг үзүүлэх зэрэг бусад хэлбэрээр тамхи сурталчлах; -тамхи борлуулах аливаа цэгт тамхины нэр, үнэ, тамхин бүтээгдэхүүнийг биетээр дэлгэн тавихаас бусад хэлбэрээр мэдээлэл өгөх; -тамхины хайрцаг, сав, баглаа боодлын гадна болон дотор талд үндэсний стандартад зааснаас бусад, хэрэглэгчийн анхаарал татах аливаа нэмэлт дүрс, үг хэллэг зэрэг мэдээллийг агуулсан байх; -тамхи үйлдвэрлэгчийн брэнд өргөтгөх болон брэнд хуваалцах үйл ажиллагаа; -тамхины брэндийн дүрс, логог үзвэр, үйлчилгээний газрын орчинд байршуулах; -тамхи үйлдвэрлэгч өөрөө, эсхүл өөр байгууллага, этгээдээр дамжуулан бусдад санхүүгийн болон эд материалын хандив, тусламж үзүүлэх замаар тамхийг шууд, шууд бус хэлбэрээр сурталчлах; -тамхины талаар худал ташаа, төөрөгдүүлсэн, эсхүл буруу сэтгэгдэл төрүүлж болох бүх төрлийн сурталчилгаа зэрэг болно.
- Бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл; - Олон нийтийн үзвэр, үйлчилгээний газар; - Шатахуун түгээгүүрийн газар, шатах, тослох, тэсэрч, дэлбэрэх бодис, материалын үйлдвэр, түүний нөөцийн агуулах; - Зорчигч тээврийн буудал, зочид буудлын нийтийн танхим, тамхи татахыг хориглосон өрөө; - Нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газрын утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгээс бусад орчин; - Аж ахуйн нэгж, байгууллагын утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгээс бусад ажлын байрын дотоод орчин; - Агаарын хөлөг, зорчигч тээврийн галт тэрэг; - Цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, эмнэлэг, сувилал, тэдгээрийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, шат, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг газруудад утаат тамхи татахыг хориглоно.
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн буюу ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан бол гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах хуулийн заалттай юм.
Зохиогчийн эрхийн бүтээл, хамаарах эрхийн объектыг зохиогч, зохиогчийн эрх болон хамаарах эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, гэрээ байгуулахгүйгээр ашиглах, гэрээний нөхцөл, журмыг зөрчих; зохиогчийн эрх болон хамаарах эрхийн зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг ашгийн зорилгоор үйлдвэрлэх, түгээх, тээвэрлэх; төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байх; зохиогч болон тоглогч уран бүтээлчийн амины эрхийг зөрчих; эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бүтээлийг олон нийтийн сүлжээнд байршуулах, интернетийн /цахим/ холбоос хийх, хөгжүүлэлт хийх зэрэг нь Зохиогчийн эрх болон хамаарах эрхийг зөрчсөнд тооцно.
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бүтээл ашиглах этгээд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа бол зохиогчийн эрхийн зөрчлийг арилгах арга хэмжээ авхуулахаар холбогдох байгууллагад хандах эрхтэй ба Оюуны өмчийн улсын байцаагч нь зохиогчийн эрх болон хамаарах эрх эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар яаралтай арга хэмжээ авах зорилгоор зөрчилтэй үйлдлийг зохиогчийн эрх болон хамаарах эрх эзэмшигчийн хүсэлтээр зогсоох, эсхүл үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн зогсоох арга хэмжээг нэн даруй авах эрхтэй
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг таны ямар байгууллагад ажиллаж байгаагаас үл хамааран шимтгэл төлсөн хугацааг тань харгалзан тогтооно. Энэ хуулийн 19¹ дүгээр зүйлийн 19¹.1-д зааснаар та тэтгэмжийн даатгалын шимтгэлээ жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд төлж байсан бөгөөд үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн тохиолдолд жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдан, эсхүл яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар дуудагдсан хүнийг “Сэжигтэн” гэнэ. /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг “Яллагдагч” гэнэ. /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 06 сараас 05 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 06 сараас 05 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан. Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тухайн хүнийг албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулахаар хуульчилсан. Тэгвэл дээрх хуулийн заалтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгжүүлэхдээ хулгайлах гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд “бага хэмжээний хохирол” буюу 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг /300,000 төгрөг/, түүнээс доош хэмжээний хохирол учруулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар, харин 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг /300,000 төгрөг/, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэж байна.
Зохиогчийн эрхийг өвлөхдөө: - Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг Иргэний хуульд заасан журмын дагуу өв залгамжилна. - Хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ. - Өв залгамжлагчийн бүтээл ашиглах онцгой эрхийн хугацаа зохиогч нас барсны дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 50 жилийн хугацаанд үйлчилнэ. - Зохиогчийн амины эрх өвлөгдөхгүй. - Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлагч буюу эрх залгамжлагч тухайн зохиогчийн бүтээлийг гуйвуулах, гажуудуулах байдлаар өөрчлөх, зохиогчийн нэр төрд хохирол учруулахуйц байдлаар ашиглахыг эсэргүүцэх эрхтэй. - Өв залгамжлагч нь тодорхойгүй, эсхүл өвлөгч нь өв залгамжлалаас татгалзсан тохиолдолд бүтээл ашиглах онцгой эрхийг оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эзэмшинэ.
Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхэд хуулбарлах, нийтэд түгээх, нийтэд дамжуулах, нийтэд тоглох, нийтэд дэлгэж үзүүлэх, түрээслүүлэх, үүсмэл бүтээл болгон өөрчлөх зэрэг эрхийг хамааруулна.
Байгаа. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “Тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана” гэж зааснаар тухайн тендер шалгаруулалтын ажиллагаа хийгдэж шалгарсан компанитай гэрээ байгуулагдсан тохиолдолд шууд шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой.
Үгүй. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.1-д “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т “Захиалагч техникийн тодорхойлолт бэлтгэхдээ тухайн тендер шалгаруулалтад оролцох сонирхолтой этгээдээс өрсөлдөөнийг хязгаарлахад хүргэж болох зөвлөгөө авахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргаж шийдвэрлүүлнэ” гэж заасны дагуу заавал урьдчилан шийдвэрлүүлэх журмаар холбогдох төрийн захиргааны байгууллагуудад хандана.
Иргэн өмчийн газраа зориулалтаар нь, тодорхой хугацаагаар сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр бусдад эзэмшүүлж, ашиглуулж болно. Харин өмчийн газраа гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх, барьцаалах зэргээр өмчлөл, эзэмшилд шилжүүлэхийг хориглодог.
Монгол Улсын иргэд дараах хэмжээгээр газрыг өмчлүүлнэ. Нийслэлд – 0.07 хүртэл га Аймгийн төвд – 0.35 хүртэл га Сумын төв, тосгонд – 0.5 хүртэл га Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагуух газарт /сумын төвөөс бусад/ - 0.07 хүртэл га
Иргэнд үнэ төлбөргүй өмчлүүлэх газар нь гэр бүлийн хэрэгцээний эсвэл аж ахуйн зориулалттай байна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1.4-т заасны дагуу Монгол Улсын иргэнд хуульд заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлдэг. Иргэн газар өмчлөх тухай өргөдлөө сум, дүүргийн Засаг дарга бичгээр гаргана.
Хуульд өөрөөр заагаагүй бол өмгөөлөгчийн хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд шаардлагатай лавлагаа, тодорхойлолт, баримт сэлтийг тухайн асуудлыг хариуцсан төрийн, төрийн бус байгууллагаас гаргуулан авах зорилго өмгөөлөгчийн хүсэлтийг ойлгоно. Хуульд өөрөөр заагаагүй бол өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авсан төрийн, төрийн бус байгууллага 14 хоногийн дотор бичгээр хариу өгнө. Хүсэлтэд заасан баримт сэлт, мэдээллийг цуглуулахад нэмэлт хугацаа шаардлагатай бол нэг удаа 14 хоногоор сунгаж болно.
Өмгөөлөгчөөс өөрийн үйлчлүүлэгчид үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцаа, тэдгээрийн харилцаатай холбоотой бүхий л баримт сэлт, мэдээлэл өмгөөллийн нууцад хамаарна.
Танай хотхоны оршин суугч нь дундын өмчлөлийн орон сууц, хотхоны ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох буюу СӨХ-ийн төлбөр төлөх үүрэгтэй. Хотхоны оршин суугч 6 сарын турш СӨХ-ийн төлбөрөө төлөөгүй, төлбөр төлөх талаар СӨХ-өөс тавьсан шаардлагыг сайн дураар биелүүлээгүй бол сууц өмчлөгчдийн холбоо өөрийн төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйл 100.1, 100.2-т нэхэмжэлэгч шүүх хуралдаанд ирээгүйгээс гарах холбогдлын талаар зохицуулсан байдаг. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд түүний эзгүйд шийдвэрүүлж болох талаар хүсэлтээ гаргасан бол эзгүйд нь шүүх хуралдааныг хийж болно. Харин нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаах бөгөөд нэхэмжлэлийг буцаасан тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.
Та нэхэмжлэл гаргасан болон гомдол гаргасан харьяа дүүргийн татварын хэлтэст хүсэлтээ өгөх бөгөөд хүсэлтэд иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, төлбөр төлсөн баримт, шүүгчийн захирамжийг эх хувиар хавсарган өгнө. Харин хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг төлбөр төлсөн баримт, шүүгчийн захирамжийг эх хувиар хавсарган өгнө.
Таны асуулт шүүх дэх хэргийн харьяаллыг тодруулсан асуулт байна. Энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д “Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана” гэж заасан тул улсын бүртгэлийн хаягаар бус тухайн компанийн одоо үйл ажиллагаа явуулж байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын шүүхэд нэхэмжлэлээ гаргах нь зүйтэй.
Сайн байна уу. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19.1.2-т заасны дагуу Монгол Улсын иргэнд нэг удаа үнэ төлбөргүйгээр өмчлүүлэх газрын байршлыг тогтоох асуудлыг дараах байдлаар шийдвэрлэнэ”, 1 дэх хэсэгт “нийслэлд бүртгэлтэй иргэн нийслэлд буюу аль ч аймаг, сумын газарт”, 2 дахь хэсэгт “нийслэлд бүртгэлтэй иргэдээс бусад иргэд нийслэлээс бусад аль ч аймаг, сумын газарт” гэж заасан байна. Үүний дагуу та нийслэлд бүртгэлтэй тохиолдолд орон нутагт газар өмчлөх эрхтэй.
Шүүхэд иргэний хэрэг маргаан үүсгэснээс хойш талууд хамтарч хүсэлт гаргасан, эсхүл шүүгч эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх нь зохистой гэж үзэж санал болгосныг талууд зөвшөөрсөн тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулж болно.
Газрын тухай хуулийн 30.1-т “Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна” гэж заасан байдаг.
Газрын тухай хуулийн 40.1.6-д заасны дагуу газар эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно.
Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдэн гэрчилгээ авсан өдрөөс эхлэн албан ёсоор суутган төлөгч болно.
Хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа бол борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг үүрэг үүсэх өдөр гэнэ.
-2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн бол -2021 оны 6 дугаар сарын 24-нйи өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн бол -2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн иргэн, хуулийн этгээдэд хамаарахаар хуульчилсан.
2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөлийн хуулийн 5.2 дугаар зүйлд Өршөөлд хамааруулахгүй гэмт хэргээс бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйл буюу Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн бол тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан.
Цэргийн албаны тухай хуулийн 7-р бүлэгт Цэргийн дүйцүүлэн хаах алба гэж тусад нь авч үзсэн нь бий. Цэргийн дүйцүүлэх алба нь биеэр дүйцүүлэх болон мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах гэсэн хоёр хэлбэртэй байна. Мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах Хэрэв 25 нас хүртлээ цэргийн алба хаагаагүй бол тухайн жилдээ цэрэгт явах, эсхүл мөнгө төлөх сонголт хийх арга л үлдэнэ. Мөнгөн төлбөрийг нэг жилд нэг цэргийн хэрэглэдэг зардлаар тооцдог бөгөөд Засгийн газрын тогтоолоор баталдаг. Иргэн цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр оруулан хаах, төлбөрөөс чөлөөлөх шийдвэрийг цэргийн штабын саналыг үндэслэн аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг дарга гаргана. Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаасан иргэнийг цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэнэ. Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзлыг хангасан, дараахь шалтгаанаар цэргийн жинхэнэ албаны татлагад ороогүй иргэнээр уг төлбөрийг нөхөн төлүүлнэ: - гадаадад хувиараа ажил, хөдөлмөр эрхэлж байсан, эсхүл цагаачлан амьдарч байгаад эх орондоо эргэж ирсэн; - иргэний шилжин суурьших хөдөлгөөний бүртгэл завсардсан. Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаахаас дараахь үндэслэлээр чөлөөлнө: - цэргийн жинхэнэ албанаас жил дараалан чөлөөлөгдөж хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн эрэгтэй; - эрүүл мэндээр тэнцэхгүйн улмаас тайван цагт цэргийн жинхэнэ алба хаахаас чөлөөлөгдсөн иргэн; - цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаасан иргэн. Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээ нь хуулийн дагуу цэргийн албанаас чөлөөлөгдсөн жилд харгалзуулан долоон жилд 14 хувь, зургаан жилд 28 хувь, таван жилд 32 хувь, дөрвөн жилд 46 хувь, гурван жилд 60 хувь, хоёр жилд 74 хувь, нэг жилд 88 хувь, чөлөөлөгдөж байгаагүй бол 100 хувь байна.
Зөрчлийн тухай хуулийн 5.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгж /нэгж нь 1000 төгрөгтэй тэнцүү/-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгж /нэгж нь 1000 төгрөгтэй тэнцүү/-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулдаг
Тусгай хамгаалалттай газар нутагт иргэнд газар эзэмшүүлдэггүй. Харин тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно. Газар ашиглах тухай хүсэлтийг хамгаалалтын захиргаанд, хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана.
Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгодог. Монгол Улсад байнга /183 хоногоос дээш хугацаагаар/ оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд газрыг зөвхөн гэр бүлийн хамтын хэрэгцээний нь зориулалтаар ашиглуулна. Газар ашиглуулах асуудлыг дуудлага худалдааны зарчмаар тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ.
Дор дурдсан арга, зэвсэг хэрэгслээр агнуурын амьтан агнах, барихыг хориглоно. Үүнд: 1. Химийн болон тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглах; 2. Агнуурын амьтны жим дээр нүх ухах, буу сойх, занга, сааль тавих; 3. Туурайтан амьтныг агнахад цасанд умбуулах, мөсөнд халтиргах, хясаа, эрэг, ганга руу нисгэх, хавх тавих; 4. Тарвагыг нүхэнд нь утах, ус цутгах, хавх, урхи тавих, нохойгоор зориудаар бариулах; 5. Агнуурын амьтныг агаарын болон авто тээврийн хэрэгслээр хөөх, гэрэлтүүлэх; 6. Загас барихад буу, бамбар, цахилгаан гүйдэл, хаалт, хашилга, гувчуур хэрэглэх; 7. Ахуйн хэрэгцээнд загас барихад тор хэрэглэх; 8. Ан агнах зориулалтын бус буу, сумаар; 9. Гол, мөрөнд бүх төрлийн завиар загасчлах. (Aмьтны тухай хуулийн 10)
Нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болно. (Амьтны тухай хуулийн 7.2) Төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлөөр ховор амьтныг дараах тохиолдолд агнаж, барьж болно. Үүнд: 1. Cудалгаа, шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар; 2. Монгол Улсын болон гадаадын иргэн тусгай төлбөр төлсөн; 3. Тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор агнаж, барьж болно. Харин бусад зориулалтаар нэн ховор амьтныг агнаж бэлтгэсэн арьс, яс, бусад түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно. Иргэн ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад эрхийн бичиг, иргэн, хуулийн этгээд тусгай зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад тусгай зөвшөөрөл тус тус авч, үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад гэрээ байгуулна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жилээс доош хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно.Энэхүү хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргах ёстой.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд шүүхэд гаргах нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн талаар тодорхой тусгасан байдаг. Үүнд: 1. нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа; 2. нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар; 3. хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар; 4. нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт; 5. нэхэмжлэлийн үнэ; 6. хавсаргасан баримт бичгийн жагсаалт. Түүнчлэн нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, хэрэв нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан бол итгэмжлэлийг мөн хавсаргах бөгөөд нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор хувилж өгнө.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана. Харин хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана. Түүнчлэн хариуцагчийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байвал нэхэмжлэлийг эд хөрөнгө нь байгаа газрын шүүхэд гаргаж болно.
Албан журмын эсхүл сайн дурын даатгуулагч байхаас үл хамааран хуульд заасан тэтгэмж төлсөн байх шаардлагыг хангасан жирэмсэн эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүснэ. Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн байх шаардлагатай. Хуульд орсон өөрчлөлтөөр сайн дурын даатгуулагч жирэмсэн эхэд тэтгэмжийг 100 хувиар бодож 4 сарын хугацаанд олгоно.
ИХШХШтХуульд Нэхэмжлэгч хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар сольж болно гэж заасан. Тиймээс Та энэ тухай хүсэлтээ нотлох баримтын хамт шүүхэд гарган өгч болно. Харин нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай Таны хүсэлтийг зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй. Өөрөөр хэлбэл, зөвхөн нэхэмжлэгч зөвшөөрсөн тохиолдолд хариуцагчийг солих боломжтой гэсэн үг юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1-т “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож...” хэмээн зохицуулсан байна.
Нийгмийн халамжийн тэтгэвэрийг нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй дараах иргэнд сар бүр олгоно. Үүнд: 1. эрэгтэй 60, эмэгтэй 55 болон түүнээс дээш настай иргэн; 2. насанд хүрсэн одой иргэн; 3. хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн; 4. тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд; 5. 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэг.
Ахмад настны тухай хуульд зааснаар ахмад настны эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр төрөөс дараахь дэмжлэг үзүүлнэ. Үүнд: • сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв нь ахмад настанд зориулж насжилтаас үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, сургалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулах; • эмчилгээ, сувилгаа зайлшгүй шаардлагатай ахмад настанд эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд амарч сувилуулах тохиолдолд тээврийн хэрэгслийн нэг талын зардал, эрхийн бичгийн үнийн 50 хувийг, хүндэт донор ахмад настанд 100 хувийг жилд нэг удаа нөхөн олгох; • нийслэлээс 1000 километр ба түүнээс хол алслагдсан газарт байнга оршин суудаг ахмад настан аймгийн эрүүл мэндийн байгууллагын эмнэлэг хяналтын комиссын шийдвэрээр нийслэлд эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх тохиолдолд төрөлжсөн мэргэшлийн болон нэгдсэн эмнэлэг тухайн ахмад настанд дараалал харгалзахгүй үйлчилж, унааны нэг талын зардлыг жилд нэг удаа нөхөн олгох; • сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв нь хэвтрийн болон архаг өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй ахмад настныг байнгын хяналтад авч, асран сувилах тусламж үзүүлэх явуулын үйлчилгээг ахмад эмч болон сувилагч, тусгайлан бэлтгэсэн сайн дурын ажилтныг оролцуулан зохион байгуулах; • гэрээр асруулж байгаа байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй ахмад настанд Нийгмийн халамжийн тухай хуулийн зааснаар онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тусламж олгох; • ахмад настны эрүүл мэндийг хамгаалах зорилгоор аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт ахмад настны кабинет, сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төвд ахмад настны эмч, эсхүл ахмад настны эрүүл мэндийн чиглэлээр мэргэжил, ур чадвар эзэмшсэн эмч ажиллуулах. Мөн ахмад настанд хөнгөлөлттэй үнээр эм олгох бөгөөд хөнгөлөлттэй үнээр олгох эмийн нэр төрөл, хөнгөлөлтийн хэмжээг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар зохицуулна.
Монгол Улсын Иргэний хуулийн 498, 499 дүгээр зүйлд заасны дагуу автобусны компаниас эмчилгээний төлбөрийг нэхэмжлэх боломжтой юм. Учир нь жолооч нь тухайн автобусны баазтай хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг бөгөөд тухайн автобус нь автобус баазын эзэмшлийн автобус тул та автобусны компаниас зардлыг нэхэмжлэх боломжтой байна.
Монгол Улсын Иргэний хуулийн 552.1 дэх хэсэгт зааснаар өвлөх харилцааг өвлүүлэгч хамгийн сүүлд нутаг дэвсгэр дээр нь байнга амьдран сууж байсан улсын хуулиар зохицуулах боловч үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 552.4 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгийг өвлүүлэх, гэрээслэх, түүнийг өөрчлөхөд Монгол Улсын хуулийг хэрэглэх юм.
Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийг 60 хоногийн дотор, уг зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлтийг 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.
Гэр бүлийн шалтгаанаар, цагаачлах, хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулах, суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх болон хувийн бусад зорилгоор хүсэлт гарган авч болно.
Хувь хүний орлогын албан татварын хуулийн 23.4-д “Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна” гэж заасан. Энэхүү хууль нь 2020-01-01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Иймд 2019 онд гэрчилгээгээ авсан бол тус хуулийн үйлчлэлд хамаарахгүй буюу 6 сая төгрөгийн буцаалт авах боломжгүй байна. Харин 2020-01-01-ний өдрөөс өмнө үйлчилж байсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу 3 сая төгрөгийн татварын буцаалт авах боломжтой.
Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1-т “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Засгийн газар энэ хуулийн 11.1-д заасан шаардлагад нийцүүлэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гээд 7.1.8-т “өмчийн хэлбэр үл харгалзан бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар теле, цахим хэлбэрт шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, сургалтын төлбөрийг хөнгөлөх, дараагийн төлбөрт шилжүүлэх журам батлах” гэж заасан байна. Энэхүү журмаар төлбөрийг хөнгөлөх, дараагийн төлбөрт шилжүүлэх талаар харилцааг зохицуулах бөгөөд өнөөдрийн байдлаар тус журам эцэслэн батлагдаагүй байна.
Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-т зааснаар Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 500,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 5,000,000 төгрөгөөр торгоно.
Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан, олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн, ерөнхий захирал, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч, эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг ойлгоно.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд талуудын хүсэлт болон эвлэрүүлэн зуучлагчийн санаачилгаар дараах үндэслэлээр эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг дуусгавар болохоор зохицуулсан. Үүнд: 1. Аль нэг тал эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоогүй; 2. Уулзалт, ярилцлага удаа дараа хангалттай үр дүнд хүрээгүй, цаашид үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой болсон буюу эвлэрүүлэн зуучлал амжилтгүй болсон; 3. Талууд эвлэрүүлэн зуучлалаар маргаанаа шийдвэрлүүлэх талаар идэвх санаачилгагүй хандсан; 4. Талууд эвлэрүүлэн зуучлалыг дуусгавар болгох хүсэлт гаргасан; 5. Эвлэрүүлэн зуучлалын хугацаа дууссан, цаашид сунгах боломжгүй болсон; 6. Эвлэрүүлэн зуучлагчийг талууд татгалзсанаар уг ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 30 хоногт багтаан явуулах бөгөөд талуудын хүсэлтээр энэ хугацааг нэг удаа сунгаж болно.
УИХ-аас 2020-01-17-ны өдөр баталсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг нэмж хуульчилсан. Уг хуулийн 15 дугаар зүйлийн 15.21.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр байна. Тиймээс энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан бичиг баримтыг бүрдүүлж, тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтээ холбогдох журмын дагуу гаргана.
- Уг өр төлбөрийг би үүсгээгүй тул хариуцахгүй гэсэн таны татгалзал үндэслэлгүй байна. Учир нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна.” гэж заасан. Тиймээс та уг орон сууцыг өмчлөгчийн хувьд холбогдох өр төлбөрийг хариуцах үүрэгтэй.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт дараахь төрлийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно. Үүнд: - хар тамхи, хуульд өөрөөр заагаагүй бол мансууруулах бодис үйлдвэрлэх, импортлох, худалдах; - садар самуун явдлыг зохион байгуулах, түүнийг аливаа хэлбэрээр сурталчлах, дэмжих; - казиногийн үйл ажиллагаа эрхлэх; - олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагаа.
Үнэлгээний хэлэлцээрийн дагуу гаалийн үнэ нь хэлцлийн үнэд үндэслэх ёстой. Гэхдээ хэлцлийн үнийн аргыг дараахь тохиолдолд хэрэглэнэ. Үүнд:  Гаалийн байгууллага мэдүүлсэн үнийг үнэн зөв, бодит гэж үзсэн,  Үнэлгээний нөхцөл шаардлагуудыг хангасан,  Үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримтууд нь тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн, бодит мэдээлэлд тулгуурласан байх зэрэг болно.
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд зааснаар дараах бүтээлийг зохиогчийн эрхээр хамгаална: • шинжлэх ухаан, утга зохиолын бичмэл буюу аман бүх төрлийн бүтээл, түүнчлэн компьютерын программ; • хөгжмийн урлагийн үгтэй болон үггүй бүх төрлийн бүтээл; • дүрслэх урлагийн бүх төрлийн бүтээл; • чимэглэх болон хавсарга урлаг, тайз чимэглэлийн бүтээл; • архитектурын бүтээл, уран баримал, уран барилга; • бүжгийн урлагийн бүх төрлийн бүтээл, уран нугаралт, пантомим; • жүжиг, хөгжимт жүжиг, тайзны урлагийн бүх төрлийн бүтээл; • гэрэл зургийн болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан бүх төрлийн бүтээл; • дуу авиа бүхий дүрст бүтээл; • үүсмэл бүтээл; • материалыг нь сонгон түүвэрлэх, байршуулах зэргээр бүтээлч хөдөлмөрийн үр дүнд бий болсон, өөрийн бүтэц агуулгаараа оюуны бүтээлд тооцогдох тайлбар толь, лавлах, зохиолын цоморлиг, өгөгдөхүүн-мэдээллийн сангийн бусад эмхэтгэлүүд; • ардын урлагийн бүтээлд тулгуурлан туурвисан үүсмэл бүтээл.
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд зааснаар зохиогчийн эрх үүсэх болон түүнийг хэрэгжүүлэхэд баталгаажуулалт шаардахгүй. Харин зохиогч хүсвэл өөрийн бүтээл, түүнтэй холбоотой бүтээл ашиглах онцгой эрхийг бусдад шилжүүлэх гэрээ, хэлцлийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад сайн дурын үндсэн дээр бүртгүүлж болдог.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг иргэн амаар эсхүл бичгээр гаргаж болно. Бичгээр гаргасан гомдол, мэдээлэлд гомдол гаргагч, эсхүл мэдээлэл өгсөн хүн гарын үсэг зурсан байна. Биечлэн эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан гаргасан гомдол мэдээллийг тэмдэглэл үйлдэж хүлээн авах ба түүнд тэмдэглэл үйлдсэн хүн гарын үсэг зурна.
Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 47.7-т “Орон нутгийн Хурлын төлөөлөгч сонгуульд нэр дэвших бол энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тойргийн сонгогчдодоо ажлын тайлангаа танилцуулах зорилгоор хийсэн уулзалт, энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ болон тараасан тайлан нь сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй.” гэж заасан тул нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө хийсэн ажлын тайлангаа сонгогчдодоо тарааж болно.
Монгол улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 48.4-т “Төрийн улс төрийн албан хаагч сонгуулийн сурталчилгаанд оролцож болно.” гэж зааснаас үзвэл зөвхөн улс төрийн албан хаагчийг сонгуулийн сурталчилгаанд оролцохыг зөвшөөрсөн байх тул бусад төрийн албан хаагчид сонгуулийн сурталчилгаанд оролцох боломжгүй юм.
2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д Албан татвар төлөгч үйл ажиллагаа эрхлээгүй тухай тайлан гаргасан жилийн дараагийн татварын жилээс эхлэн жилд нэг удаа дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд хүргүүлнэ гэж заасан байна.
Сонин хэвлэл, телевиз, радио, цахим сүлжээ ашиглаж, хүүхдийн хувийн нууцад халдсан бол эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Өөрөөр хэлбэл, хуулиар хамгаалагдсан хувь хүний нууц (хүүхдийн хувийн нууц мөн адил хамаарна)-ыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. Энэхүү үйлдлийг харилцаа холбоо, цахим хэрэгсэл ашиглаж, эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хүүхдийн зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийсэн тохиолдолд хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авна. (нэг нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэнэ) Хүүхдийг гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авна.
Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиар зохицуулна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь гэмт хэргийн тухай мэдээллийг судалсны үндсэн дээр гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хэлдэг. Хүүхэд гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргийн халдлагад өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч болно. Үүнд: - Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, сэрэмжлүүлэг тогтмол хийх; - Хүүхэд олноор цугларсан газруудад цагдаагийн хяналтыг эрчимжүүлэх; - Зам тээврийн осол, хэрэгт хүүхэд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах; - Гэмт хэрэг, архи, тамхины хор хөнөөлийг таниулах зурагт хуудас, сэрэмжлүүлэх хуудас хэвлүүлж сургуулиудад тараах; - Хүүхдийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хангалтгүй оролцдог засаг захиргааны нэгж, төрийн байгууллагын ажилтан, алба хаагчдыг татан оролцуулах; - Сургууль, цэцэрлэгийн орчинд үйлдэгдсэн зарим төрлийн гэмт хэрэг, зөрчлийг сургууль, цэцэрлэгийн байранд нэвтрэн орж үйлдэж байгаатай холбогдуулан харуул хамгаалалтыг сайжруулах, удирдлагын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх.
Хувь хүн өөрийн биеэр ирж хуульд заасны дагуу торгууль төлнө. Хэрэв хулгайд алдсан бол Цагдаагийн газрын бичиг авч ирж, холбогдох материал бүрдүүлэн дахин авах хүсэлтийг Гадаадын иргэн, харьяатын газарт өгнө.
Монгол улсад 30 хоногоос дээш хугацаагаар ирсэн гадаадын иргэн орж ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор Гадаадын иргэн, харьяатын газарт заавал бүртгүүлнэ.
Тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл, патент, зохиогчийн эрхтэй холбогдсон нэхэмжлэл; төсвийн байгууллагын нэхэмжлэл, төсөвт төлөх албан татвар, хураамж, төлбөр, торгууль, хүү, алдангийг төлүүлэх талаар гаргасан нэхэмжлэл; гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл; шүүхийн зардал төлөх хөрөнгөгүйн улмаас шүүхийн шийдвэр, магадлалаар шүүхийн зардал төлөхөөс чөлөөлөгдсөн иргэний нэхэмжлэл; гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл; цэргийн алба хаагчаас цэргийн үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гаргасан өргөдөл, нэхэмжлэл, хууль бусаар ял шийтгэсэн, эрүүгийн хариуцлагад татсан, таслан шийтгэх арга хэмжээ болгож цагдан хорьсон, баривчилсан, түр саатуулах арга хэмжээ авсны улмаас учирсан хохирлыг төлүүлэхээр гаргасан нэхэмжлэл, хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авсан тохиолдолд нөхөн олговор, үнийг төлүүлэхтэй холбогдон гаргасан нэхэмжлэл, Хүний эрхийн Үндэсний Комиссоос гаргасан нэхэмжлэл, төлбөрийн чадваргүй болсон банкинд томилогдсон банкны бүрэн эрхт төлөөлөгч, банкны эрх хүлээн авагчаас гаргасан нэхэмжлэл, захиргааны хэргийн шүүхэд хандаж нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээдийн гаргасан нэхэмжлэл, прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл, Монголбанкнаас гаргасан нэхэмжлэл зэрэгт Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө. Энэхүү Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж байгаа тухайгаа гаргаж буй нэхэмжлэл дээрээ дурдан, нэхэмжлэлээ гаргахад болно.
Улсын тэмдэгтийн хураамжийг буцаан авахад шүүхээс захирамж гарсан байх ёстой. Шүүх Улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох тухай захирамж гаргах бөгөөд дараах тохиолдлуудад Улсын тэмдэгтийн хураамжийг буцаан авна. Үүнд: Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан; Шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлээгүйгээс нэхэмжлэлийг буцаасан; Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан; Давж заалдах буюу хяналтын журмаар гомдол гаргасан этгээд шүүх хуралдаанаас өмнө түүнээсээ татгалзсан; Давж заалдах болон хяналтын шатны шүүх таны гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэж шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгосон буюу өөрчилсөн тохиолдолд гомдол гаргагчаас гомдол гаргахдаа төлсөн хэмжээгээр бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохоор захирамж гаргана. Мөн нэхэмжлэл гаргах гээд Улсын тэмдэгтийн хураамжаа төлчихсөн байтал хариуцагч нь нэхэмжилж байгаа шаардлагыг биелүүлсэн бол шүүхийн тамгын газарт захирамж гаргуулах хүсэлт гарган буцаан авах боломжтой.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгчийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлэх бөгөөд уг ажиллагааг эхлүүлснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мөн хугацаагаар түдгэлзэнэ.
Нийслэлийн нутаг дэвсгэрт соёл урлагийн үйлчилгээ буюу кино үзвэрийн үйлчилгээ эрхлэх аж ахуй нэгж, байгууллага нь Нийслэлийн соёл, урлагийн газраас зөвшөөрөл авна. Ингэхдээ Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаар тоот тогтоолоор баталсан “Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээний журам”-ыг баримтлах бөгөөд дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд: Ажил үйлчилгээ эрхлэхийг хүссэн аж ахуй нэгж байгууллагын хүсэлт албан бичгээр, Үйлчилгээний нэр, үйл ажиллагааны чиглэл, зорилго, бүтэц, ажиллах цагийн хуваарь, үнэ, зэргийг тусгасан дотоод журам, Аж ахуйн нэгж байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, удирдлагын цахим үнэмлэхийн хуулбар, Мэргэжлийн хяналтын газрын ажлын байрны тодорхойлолт, үйл ажиллагаа явуулж буй харьяа хорооны Засаг даргын тодорхойлолт “Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээний журам”-ыг http://nsug.ub.gov.mn/pdf/NITH-35.pdf -ээс харж болно.
Худал мэдүүлэг гаргасан тохиолдолд эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Харин хариуцлага нь ямар байх вэ гэдэг нь тухайн худал мэдүүлгийн агуулгаас хамаарна. Эрүүгийн хуулийн 21-р зүйлийн 21.2-т заасны дагуу “Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж 450,000-5,400,000 хүртэлх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн байгаа. /Цагдаад мэдүүлэг өгөх нь мөрдөн шалгах ажиллагааны үед хамаарч байгаа юм./ Харин “Гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн бол 5,400,000-27,000,000 хүртэлх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
Оролцогч хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй. Яллагдагч өөрийн гэм буруугүйг шүүхээр тогтоолгон цагаатгах шүүхийн шийдвэр гаргуулахаар хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээлгэж шалгуулахаар дээд шатны прокурорт гомдол гаргаж болно. /ЭХХШтХ-ийн 32.7 дугаар зүйл/
Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн мөрдөн байцаалтыг 14 хоног, хүнд гэмт хэргийн мөрдөн байцаалтыг 1 сарын дотор явуулж дуусган хавтаст хэргийн материалыг оролцогчид танилцуулна. Харин тухайн хэргийн ээдрээ төвөгтэй байдал, эсхүл ажиллагаа ихтэй, олон яллагдагчтай, эсхүл олон үйлдэлтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шаардлагатай тохиолдолд мөрдөн байцаалт явуулах хугацааг дараахь байдлаар сунгаж болно. Үүнд: - сум буюу сум дундын прокурорын газрын хяналтад байгаа хэрэгт сум буюу сум дундын ерөнхий прокурор 5 сар хүртэл, аймгийн ерөнхий прокурор 7 сар хүртэл; - аймгийнпрокурорын, дагнасан прокурорын газрын хяналтад байгаа хэрэгт аймгийн, дагнасан прокурорын газрын ерөнхий прокурор 16 сар хүртэл; - дүүргийн прокурорын газрын хяналтад байгаа хэрэгт дүүргийн ерөнхий прокурор 5 сар хүртэл, нийслэлийн ерөнхий прокурор 7 сар хүртэл; - нийслэлийн прокурорын газрын хяналтад байгаа хэрэгт нийслэлийн ерөнхий прокурор 16 сар хүртэл. - Мөрдөн байцаалтын хугацааг цаашид сунгах асуудлыг Улсын ерөнхий прокурор шийдвэрлэнэ. - Яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч мөрдөн байцаалтын хугацааг сунгасан хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй тухай гомдлыг дээд шатны прокурорт гаргана. /ЭХХШтХ-ийн 31.13 дугаар зүйл/
Барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлээгүй бол Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай дагуу барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр барьцаа баталгаажна.
Тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг дарга, чөлөөт бүсэд тухайн чөлөөт бүсийн захирагч олгоно.
Иргэн иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягаас өөр хаягт шилжин 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг байнга, 180 хоног ба түүнээс доош хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг түр оршин суух гэнэ. Байнга оршин суух хаягийг улсын бүртгэгч, түр оршин суух хаягийг тухайн сум хорооны иргэний улсын бүртгэгчид бүртгүүлнэ.
Анх удаа бүртгүүлэхэд: Төрсний гэрчилгээ, Эцэг, эх эсхүл харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх, харгалзан дэмжигчийг тогтоолгосон бол эрх бүхий этгээдийн шийдвэр, хүүхэд асрамжийн газар амьдарч байгаа бол тухайн байгууллагын тодорхойлолт. Монгол улсын харьяат болсон, иргэний харьяалалаа сэргээн тогтоолгосон иргэн эрх бүхий байгууллагаас олгосон тодорхойлолтыг бүрдүүлж өөрийн биеэр бүртгүүлнэ.
Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна. Газар эзэмшигч нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно.
Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна. Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хоногоор сунгаж болно.
Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 23-р зүйлийн 23.2-т зааснаар гадаадын иргэн олон улсын нислэгээр Монгол Улсын нутаг дэвсгэрээр визгүйгээр дамжин өнгөрч болно.
Тухайн орон сууцанд оршин суугч нь СӨХ-ны гишүүн байж, гэрээ байгуулдаг ба гэрээ байгуулсан эсэхээс үл шалтгаалан СӨХ-ны төлбөрөө төлөх ёстой. СӨХ-ны гишүүний хувьд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлдөг. СӨХ-д төлөх мөнгөн дүнг сууц өмчлөгчдийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж, СӨХ-ны дүрмээр тогтоодог. Сууц өмчлөгчид төлбөр төлж, үйлчилгээ авч байгаагийн хувьд ямар үндэслэлээр төлбөрийн хэмжээг тогтоосон, юунд зарцуулсан зэргийг хянах боломжтой юм.
Таны дээр дурдсан тохиолдолд та өвлүүлэгчийн төрсөн хүүхэд тул хууль ёсны өвлөгч гэж үзэн өвлүүлэгчийн эд хөрөнгөөс өвлөх эрхтэй. Өвлүүлэгчийн нас барсан, нас барсанд тооцсон өдрөөс эхлэн өв нээгдсэн гэж үзнэ. Өв нээгдсэн үеээс хойш өвийг хүлээн авах, хүлээн авахаас татгалзах тухайгаа 4 сарын дотор харьяа дүүргийн нотариат, нотариат байхгүй газар бол тухайн харьяа сумын засаг даргад мэдэгдээгүй бол өвийг хүлээн авсанд тооцно. Мөн хууль ёсны өвлөгч нь өв нээлгэх хүсэлтээ өв нээгдсэн газрын нотариатад гаргаж өвлөх эрхийн гэрчилгээ авна. Ийнхүү өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш 1 жилийн дараа олгоно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Дараахь баярын өдөр нийтээр амарна: 1.Шинэ жил: нэгдүгээр сарын 1; 2.Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3; 3.Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: гуравдугаар сарын 8; 4. Хүүхдийн баяр: зургадугаар сарын 1; 5.Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долдугаар сарын 11, 12, 13, 14, 15; 6.Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1;
Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй. Үүнд: 1. Иргэний хэргийн болон эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэсэн иргэний нэхэмжлэлийн талаархи шүүхийн шийдвэр, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гарч хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жил өнгөрсөн бол; 2. Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол .Монгол Улсын олон улсын гэрээнд заасан бол гадаад улсын шүүх, олон улсын шүүх, арбитрын шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жил өнгөрсөн бол; 3. Шүүхээр баталгаажуулсан цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/-ийн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал, нотариатчийн мэдэгдэх хуудас, арбитрын шийдвэр, шүүхээр баталгаажуулсан гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн зөвлөлийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жил өнгөрсөн бол; 4. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж гарч хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 жил өнгөрсөн бол шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсэхгүй. Төлбөр авагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас дээр дурдсан хугацааг хэтрүүлсэн нь тогтоогдвол хэтрүүлсэн хугацааг сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт шүүхэд гаргаж болно. Шүүгч уг хугацааг хэтэрснээс хойш 3 жилийн дотор нөхөн сэргээж болох бөгөөд хэтрүүлсэн хугацааг сэргээсэн тохиолдолд энэ тухай шийдвэр гарснаас хойш 6 сарын дотор гүйцэтгэх хуудас олгуулахаар шүүхэд хандана.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль 15 дугаар зүйлийн 15.7.9-д зааснаар Гадаадын хөрөнгө оруулалттай цэцэрлэг байгуулахад тусгай зөвшөөрөл авахаар зохицуулсан. Гадаадын хөрөнгө оруулалтай цэцэрлэг байгуулах зөвшөөрлийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас олгох бөгөөд цэцэрлэг нь зориулалтын барилга, байгууламж, техник хэрэгсэл, ном, сурах бичиг, багшлах боловсон хүчнээр хангагдсан байх шаардлага тавигддаг.
Мөрдөгч гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хянан үзээд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай бол гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жилээс доош хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно.Энэхүү хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргах ёстой.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн (ААНОАТТХ) 8 дугаар зүйлийн 8.2.2 дахь хэсэгт “хуулийн этгээд, түүний эцсийн эзэмшигч хувьцаа, хувь оролцоогоо бусдад шилжүүлэх замаар ... ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар олсон орлого”-ыг эрх борлуулсны орлогод хамааруулан татвар ногдуулахаар заасан байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д “эцсийн эзэмшигч” гэж өөрийн эзэмшиж буй хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийн үндсэн дээр хуулийн этгээдийн хяналт, удирдлага, хөрөнгийг шууд, эсхүл нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдийн хувьцаа, хувь оролцоогоор төлөөлүүлэн удирдан чиглүүлж буй дараахь этгээдийг ойлгоно. Үүнд: 1. хуулийн этгээдийн хамгийн их саналын эрхийг эзэмшдэг; 2. хуулийн этгээдийн хувьцааны тоо, эсхүл зах зээлийн нийт үнэлгээний хамгийн ихийг эзэмшдэг; 3. адилтгах бусад. Эндээс үзвэл “70 хувийн хувьцаа эзэмшигч” нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д тодорхойлсон “эцсийн эзэмшигч”-д тооцогдож байна. Иймд “70 хувийн хувьцаа эзэмшигч” нь ААНОАТТХ-ийн 17.2.7-д заасны дагуу эрх борлуулсны орлогоос 30 хувиар тооцон татвар төлөхөөр байна.
Газрыг газрын тухай хуульд заасан зориулалт, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээрээр Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлдэг. Газар эзэмших эрх олгосон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй юм. Үүнд: 1. Газар эзэмших эрх бүхий этгээд нь газрын тухай хууль хууль болон газар эзэмших эрхийн гэрээнд заасан нөхцөл, шаардлагыг удаа дараа зөрчсөн бол. 2. Эзэмшиж буй газраа хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол. 3. Газар эзэмших эрхийг бусад этгээдээс шилжүүлэн авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр газар эзэмших эрхийн гэрээ байгуулаагүй бол. 4. Газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бол. 5. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтаар эзэмших эрх бүхий газраа 2 жил дараалан ашиглаагүй бол. Газар эзэмших эрх олгосон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь дээр дурьдсан үндэслэл тогтоогдвол газар эзэмших эрхийн хүчингүй болгох тухай захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан этгээдэд мэдэгдэнэ.
“Газар” гэж газрын гадаргуу, түүний хөрс, ургамал болон орон зайн давхаргыг хэлэх бөгөөд бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрын зөвхөн Монгол Улсын иргэндгэр бүлийн хэрэгцээний, аж ахуйн, газар тариалангийн зориулалтаар өмчлүүлнэ. Гэр бүлийн хэрэгцээнд зориулан өмчлөх эрх олгох газрын хэмжээ нь Нийслэлд 0.07 га хүртэл, аймгийн төвд 0.35 га хүртэл, сумын төв, тосгонд 0.5 га хүртэл, нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагуух газарт 0.07 га хүртэл хэмжээтэй олгох бөгөөд нэг удаа үнэгүй өмчлүүлнэ. Газар тариалангийн зориулалтаар тариалангийн талбай болон атаршсан газарт өмчлөх эрх олгоно. Газар тариалангийн зориулалтаар өмчлүүлэх газрын хэмжээ нь газрын байршил, үржил шимээс хамааран тухай хүсэлт гаргасан иргэнд эзэмшүүлсэн газартай тэнцэх хэмжээтэй байна. Газар тариалангийн зориулалтаар газар өмчлөх эрх олгоход давуу эрхээр үнээр худалдах болон дуудлага худалдаагаар өмчлүүлнэ. Аж ахуйн зориулалтаар тухай иргэний хувийн хөрөнгөөр барьж байгуулсан, барьж байгаа буюу хувьчилж авсан, өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан барилга байгууламжид зориулан эзэмшүүлсэн газрын хэмжээгээр болон дуудлага худалдаагаар өмчлүүлнэ. Газрыг дараах журмаар өмчлүүлнэ. Үүнд: 1. Иргэн газар өмчлөх өргөдлийг сайн дурын үндсэн дээр харъяа сум, дүүргийн Засаг даргад гаргана. Өргөдөлд дараах материалыг хавсаргана. - Гэр бүлийн бүх гишүүдийн иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний эх хувь, хуулбар; - Хорооны Засаг даргын тодорхойлолт; - Хүсэлт гаргаж буй газрыг эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний хуулбар; - Кадастрын зураг. 2. Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга нь газар өмчилж авах тухай иргэний өргөдлийг хүлээн авч 3 сарын дотор хянан шийдвэрлэнэ. /Аймгийн төвийн сумын болон дүүргийн газар нутагт газар өмчлүүлэхшийдвэрийг аймгийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга гаргана. Бусад сумын нутаг дэвсгэрт газар өмчлүүлэх шийдвэрийн тухай сумын Засаг дарга гаргана./ 3. Иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргах эрхийн Засаг дарга өргөдлийг хянан шийдвэрлэн газар өмчлүүлэх тухай захирамж гаргана. 4. Засаг даргын захирамжийг үндэслэн улсын бүртгэлд бүртгэж газар өмчлөх эрхийг баталгаажуулна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэнийг мөнгөн шагнал олгох, үнэ бүхий зүйл дурсгах, хүндэт тэмдгээр шагнах, алдрыг нь мөнхжүүлэх, төр, засгийн шагналд тодорхойлох зэрэг хэлбэрээр, харин гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар тодорхой ажил зохиож, үр дүнд хүрсэн байгууллага, аж ахуйн нэгжийг нутгийн захиргааны болон цагдаагийн байгууллага мөнгөн шагнал олгох, үнэ бүхий зүйл дурсгах хэлбэрээр урамшуулахаар заажээ. Мөн хуульд байгууллага, аж ахуйн нэгжид олгох шагналыг Хууль зүйн сайд, сум дүүргийн Засаг дарга, Цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан олгохоор, түүнчлэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг хангахад идэвх зүтгэл гаргасан буюу гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход онцгой үүрэг гүйцэтгэсэн иргэнд хүндэт тэмдэг олгох, алдрыг нь мөнхжүүлэх, төрийн дээд ба Засгийн газрын шагналд тодорхойлох шийдвэрийг холбогдох төрийн бус байгууллагын саналыг харгалзан Хууль зүйн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга гаргахаар хуульчилж өгсөн байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар иргэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар дараахь үүрэг хүлээнэ. Үүнд: - бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, нийгмийн хэв журмыг гажуудуулахгүй байх; - оршин суугаа нутаг дэвсгэртээ нийгмийн хэв журам сахиулах талаар нутгийн захиргааны байгууллага, гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам сахиулах байгууллагаас хэрэгжүүлж байгаа зохион байгуулалттай арга хэмжээнд оролцох; - гэмт хэргийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээлэх. Мөн тус хуульд зааснаар иргэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар дор дурдсан эрх эдлэхээр заасан байна. - нийгмийн хэв журам сахихыг бусдаас шаардах; - гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд шаардлага тавих; - архидан согтуурч, нийгмийн хэв журмын зөрчил гаргаж байгаа этгээдийг эрүүлжүүлэх байргүй газар амь нас, эрүүл мэндэд нь хохирол учруулахгүйгээр эрүүлжүүлэх, үйлдлийг нь таслан зогсоох арга хэмжээ авах; - гэмт халдлагаас эд хөрөнгө, өөрийн буюу бусдын амь нас, эрүүл мэндийг хуулийн хүрээнд хамгаалах.
Зар сурталчилгааны тухай хуульд зааснаар үргэлжлэх хугацаа нь 20 минутаас дээшгүй нэвтрүүлгийн дундуур, мөн улс орны болон дэлхий дахины амьдралын цаг үеийн шинжтэй үйл явдлын талаархи тогтмол мэдээллийн дундуур зар сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглосон. Харин нэг удаагийн зар сурталчилгааны үргэлжлэх хугацааг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны 29 тоот тогтоолоор батлагдсан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын 7.27-д “...нэг цаг тутамд дамжуулах зар сурталчилгаа /реклам/ нь 15 минутаас хэтрэхгүй байна” гэж заасан.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-41.1.15-д тэтгэвэр тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл, патент, зохиогчийн эрхтэй холбогдсон нэхэмжлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл зэрэг нийт 15 төрлийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр хуульчилсан байна. Мөн нэхэмжлэгч төлбөрийн чадваргүй болох нь түүний тайлбар, бусад нотлох баримтаар тогтоогдсон буюу хуульд заасан бусад үндэслэл байвал түүнийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлж болно.
Улсын тэмдэгтийн хураамжийг буцаан авахад дараах баримтыг бүрдүүлэн тэмдэгтийн хураамж төлсөн харъяа дүүргийн татварын албанд хандана. Үүнд: - Албан бичиг буюу өргөдөл, - Улсын тэмдэгтийн хураамж буцаан олгох заалт бүхий шүүгчийн захирамж /Эх хувь эсхүл хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн/, - Мөнгө төлсөн баримт /эх хувь/ - Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар.
Үл хөдлөх эрх хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх худалдан авагчид шилжиж, өмнөх өмчлөгч буюу худалдагчийн өмчлөх эрх дуусгавар болно. Хэрэв хуульд заасан энэ шаардлагыг хангаагүй бол талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдох хууль зүйн үр дагаврыг бий болгоно.
Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө. Алдангийн нийт хэмжээ төлөгдөөгүй тэтгэлгийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна.
Шүүхийн харьяалал гэдэг нь анхан шатны шүүхээр хянан хэлэлцвэл зохих хэргийг шүүхүүдийн хооронд хуваарилах, өөрөөр хэлбэл тухайн хэргийг шийдвэрлэх ёстой шүүхийг тогтоох тухай ойлголт юм. Хариуцагчийн оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяалал: Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана. Хэрэв хариуцагчийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байвал нэхэмжлэлийг эд хөрөнгө нь байгаа газрын шүүхэд гаргаж болно. Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч бага насны хүүхэдтэй буюу тахир дутуу, хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас хариуцагчийн байгаа газар очиход бэрхшээлтэй байвал нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно. Нэхэмжлэгчийн сонгон авсан нутаг дэвсгэрийн харьяалал: Дараах тохиолдолд нэхэмжлэгч өөрийн сонгосон харьяаллын дагуу нэхэмжлэлээ гаргана. Үүнд: 1. Бусдын амь бие, эрүүл мэндэд гэм хор учруулсны хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хариуцагч, эсхүл нэхэмжлэгчийн, 2. Өөр өөр газар оршин суугаа хэд хэдэн хариуцагчтай бол нэхэмжлэгч өөрийн үзэмжээр аль нэг хариуцагчийн, 3. Гэрээнд үүрэг гүйцэтгэх газрыг тусгайлан заасан бол уг гэрээг биелүүлбэл зохих газрын, 4. Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын. Шүүхийн онцгой харьяалал: Шүүхийн онцгой харьяаллыг зохигч хэлэлцэн өөрчилж болохгүй бөгөөд үүнд дараах төрлийн нэхэмжлэл хамаарна: 1. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой буюу эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх тухай нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд, 2. Гадаад улсын нутаг дэвсгэр дээр байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдтэй холбоотой нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл хариуцагчийн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд, 3. Өв залгамжлагч өвийг хүлээн авахаас өмнө өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгчээс гаргах нэхэмжлэлийг өвлөгдөх эд хөрөнгө бүхэлдээ буюу түүний гол хэсэг нь байгаа газрын шүүхэд, 4. Тэжээн тэтгэхтэй холбогдсон нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд.
Иргэний хуулийн 123 дугаар зүйлээр “Шаардах эрхээ шилжүүлэх”, мөн хуулийн 124 дүгээр зүйлээр “Өр шилжих”-тэй холбоотой зохицуулалтыг журамласан. Шаардах эрхээ шилжүүлэх болон өр шилжих аль аль тохиолдолд нь тавигддаг шаардлага бол хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ. Өр шилжихэд үүрэг гүйцэтгэгч нь тухайн өрийг гуравдагч этгээдэд шилжүүлэх талаар шаардах эрх эзэмшигч буюу үүрэг гүйцэтгүүлэгчтэй урьдчилан тохиролцсон байх шаардлагатай байдаг бол шаардах эрхээ шилжүүлэхэд үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шилжүүлж болно.
Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1-т “Түрээслэгч нь түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө түрээсэлсэн эд хөрөнгийг түрээслүүлэгчид буцаан өгсөн тохиолдолд гэрээний хугацаа дуусах хүртэл түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй.” гэж заасан. Тиймээс хэдийгээр түрээсийн гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсан ч гэсэн түрээслэгч нь үлдсэн хугацааны түрээсийн төлбөрийг заавал төлөх ёстой. Хэрэв та өөрийнхөө оронд түрээслүүлэгчтэй байгуулсан түрээсийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, төлбөрийн чадвар бүхий өөр түрээслэгчийг санал болгосныг түрээслүүлэгч хүлээн зөвшөөрсөн нөхцөлд гэрээний хугацаа дуусах хүртэлх түрээсийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх боломжтой.
Иргэний хуульд түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг заавал үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр заасан. Хэрэв үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хуулийн энэхүү шаардлагыг хангаагүй бол тухайн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байна.