Хүүхдийг тэдний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлэх бөгөөд хүүхэд үрчлэх, үрчлүүлэхэд дараах ерөнхий нөхцөлийг хангасан байна. ҮҮНД:
1. Хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар, гэрчлүүлсэн байна.
2. Гэрлэгчдийн хэн нэг нь хүүхэд үрчлэн авч байгаа бол энэ тухай зөвшөөрлийг эхнэр буюу нөхрөөсөө авна.
3. Долоон нас хүрсэн хүүхдээс өөрийн зөвшөөрлийг авна.
4. Үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргана.
5. Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана.
6. Хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэнэ.
7. Үрчлэгч нь насанд хүрсэн, иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжтай, хүүхдийг тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлэх зохих боломжтой байх шаардлагыг хангахаас гадна үрчлэн авсан эцэг, эх нь төрсөн эцэг, эхийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
8. Харин ганц бие, бусдын асрамжид байгаа 60-аас дээш настай төрөл, садан бус Монгол Улсын иргэн, 60-аас дээш настай гадаадын иргэн, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан, урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, ашиг хонжоо олох зорилготой, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно.
Ийм шаардлагууд тавигддаг.
Жирэмсний амралтын тухайд:
Хөдөлмөрийн тухай хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд жирэмсэн болон амаржсан эхэд л жирэмсний амралт, түүнтэй холбогдох тэтгэмжийг олгохоор зохицуулсан учир энэхүү тэтгэмж, амралт нь танд олгогдохгүй.
Харин хөдөлмөрийн тухай хуулийн 106.1 “Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно. Мөн 3 хүртэл насны хүүхэдтэй эцэг өөрөө хүсвэл чөлөө авч болно.”
106.3.-т Энэ хуулийн 106.1, 106.2 нь хүүхэд үрчлэн авсан эцэг, эхэд нэгэн адил хамаарна гэж заасан. .
Үүний дагуу байгууллагынхаа удирдлагуудад хүсэлт гаргаж хүүхэд асрах чөлөө авч болно.