АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫГ УЛС ОРОН ДАЯАР ЯВУУЛАХААР БОЛЛОО

   Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. 

   Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас улс орон даяар дагаж мөрдөхөөр найруулгын өөрчлөлт оруулахаар санал гаргасан болно.

   Ажлын хэсгийн гишүүд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд нэмж тусган, ард нийтийн санал АСУУЛГАД оруулах төсөлд оруулах, найруулгын засвар хийсэн саналуудын талаар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Ингээд төслийн зүйл, хэсэг, заалтад найруулгын засвар хийсэн есөн саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэсэн. 

   Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй тул “Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баталъя” гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон 60 гишүүдийн 58 нь дэмжив.  

  Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа уг  тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр чуулганы хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна. 

   Уг тогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн хоёр дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24.8 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн УИХ-ын 2019 оны есдүгээр сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж УИХ-ын нийт гишүүний 94.8 хувь нь буюу гуравны хоёроос доошгүй саналаар тогтсон тул ард нийтийн санал асуулгыг улс орон даяар явуулахаар тогтоосугай хэмээн тогтоолын төсөлд тусгажээ.

   Тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүд 98.3 хувь нь дэмжлээ. 

   Эх сурвалж: https://ikon.mn/n/1o5j