ИРГЭДИЙГ ХОРТ ХАВДАР ЭРТ ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЛЭЭ

   УИХ-ын чуулганы 2019 оны 10-р сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Д.Дамба-Очир, Иргэд ихэвчлэн хорт хавдраа хожуу шатандаа оношлуулдаг. Бидний амьдралын хэвшил, хооллолт зэргээс үүдэлтэйгээр хорт хавдрын өвчлөл залуужсаар байгаа учраас эрт илрүүлэлтийг хийх зайлшгүй шаардлагатай. Хавдар нэг, хоёрдугаар шатандаа оношлогдвол эдгэх боломжтой байдаг. Хууль батлагдсантай холбоотойгоор 2020 оны улсын төсөвт 39.4 тэрбум төгрөг суулгаж байгаа. Эхний ээлжид тоног төхөөрөмжүүдийг суурилуулаад хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг баталж, эрт илрүүлэлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ" хэмээн хэллээ.

   Уг хууль батлагдсанаар 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс иргэд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушги, бүдүүн шулуун гэдэсний гэсэн долоон хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой болох бөгөөд хэдэн насандаа ямар шинжилгээ, оношилгоонд хамрагдахыг нарийвчлан заасан байна. Тодруулбал, Хүн амын дундах өвчлөл, насны онцлогоос шалтгаалан:

- 40, түүнээс дээш насныхан элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа,

- 40, түүнээс дээш насны иргэнийг ходоод улаан хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа,

- 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд нэг удаа,

- 50 болон түүнээс дээш насны иргэнийг уушгины хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн,  шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулах ажээ.

   Эх сурвалж: http://parliament.mn/n/a5jo