МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Б.ӨНӨМӨНХ СОНГОГДЛОО

   Монголын Хуульчдын холбооны дөрөвдүгээр их хурал 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр боллоо.

  Хуралд их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нийт 525 төлөөлөгчөөс 438 нь оролцсон, үүнээс 113 нь орон нутгийн хуульчид байв.

   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлтдээ “Монголын төр хуульчиддаа хамгийн түрүүнд итгэж, хөгжил дэвшлийн асуудлаа бие даан шийдвэрлэдэг мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагад үнэт зүйлээр нь нэгтгэн, хараат бусаар орших онцгой эрхийг олгосон нь томоохон дэвшил, ухарч болохгүй алхам болсон гэж би хувьдаа дүгнэдэг. Монголын Хуульчдын холбоо бол жирийн нэг төрийн бус байгууллага биш. Миний бие Монгол Улсын ерөнхийлөгчийн хувиар хуульчдаа дэмжиж ирсэн бөгөөд цаашид хөндлөнгийн нөлөөгүйгээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломж, нөхцөлийг бүрдүүлэн өгөхөд онцгой анхаарч, Монгол Улсад эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэхийн төлөө Та бүхэнтэй хамтран ажиллах болно” хэмээсэн юм.

  Хуульчдын холбооны дөрөвдүгээр их хурлын хуралдаан даргалагчаар прокурор Б.Бат-Орших, тэргүүлэгчдээр шүүгч Б.Сугар, өмгөөлөгч Л.Данзанноров, хуульч Р.Онончимэг нар сонгогдон ажилласан бол тооллогын комиссын даргаар өмгөөлөгч Д.Цэндсүрэн, гишүүдээр шүүгч Ж.Болдбаатар, Б.Түвшинжаргал, прокурор Ц.Өлзийжаргал, Т.Жавхлантөгс, өмгөөлөгч Б.Баднайсүрэн, хуульч Б.Нямхорол, Э.Уянга нар ажиллав.

  Хуульчдын холбооны ерөнхийлөгчийг сонгох санал хураалтыг явуулсан бөгөөд ерөнхийлөгчид хуульч Намсрайн Ариунболд, Навагчамбын

Баасанжав, Жүгдэрнамжилын Батзоригт, Батсайханы Өнөмөнх нар нэрээ дэвшүүлсэн.

 Санал хураалтын дүнгээр нэр дэвшигч Б.Өнөмөнх 141, Ж.Батзоригт 141, Н.Баасанжав 105, Н.Ариунболд 9 санал авч, нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадаагүй. Иймд хуралдаанд оролцсон төлөөлөгчдөөс хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч буюу Б.Өнөмөнх, Ж.Батзоригт  нарын дунд дахин санал хураалт явуулсан. Санал хураалтад нийт 383 төлөөлөгч оролцсоноос Б.Өнөмөнх 196 санал (51.1%) авч, Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

  Эх сурвалж: www.mglbar.mn