ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО: ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 13 ДУГААР ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЛӨӨ.

   Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн 2018 оны 10 дугаар 30-ны өдрийн  хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийг хэлэлцэв.

   Үндсэн хуулийн цэц 10 дугаар сарын 24-ний өдөр хуралдсан дунд суудлын хуралдаанаараа Нотариатын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцжээ.

   Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт, өвлөгдөх эд хөрөнгө барьцаанд байгаа нөхцөлд өвлөх эрхийн гэрчилгээг уг эд хөрөнгийг барьцаалсан байгууллагын зөвшөөрлийг үндэслэн өвлөгчид олгохоор тусгасан байна.

   Ийнхүү өмчлөгчийн хүсэл зоригийн дагуу бусдаас хараат бусаар хэрэгжих өмчлөх эрхэд хязгаарлалт тогтоосноороо Үндсэн хуулиар баталгаажуулсан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, өв залгамжлуулах иргэний эрхийг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэжээ. Тиймээс дээрх заалтыг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр Үндсэн хуулийн цэц шийдвэрлэсэн аж.

   УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хүний эрхийг хамгаалахад чухал үүрэгтэй дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргасан гэж үзжээ. Тэрээр өмчлөх эрх гэдэг бол өмчлөгчийн туйлын буюу язгуур эрх гэж үздэг. Өмчлөгч түүнийгээ захиран зарцуулах, чөлөөтэй эзэмшиж ашиглах, халдлагаас хамгаалах эрхтэй. Өмчлөгчийн эрхийг гагцхүү нийтийн эрх ашигт нийцүүлэх, бусдын эрхийг зөрчихөөс сэргийлэх үүднээс хязгаарладаг. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн аваад холбогдох хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээсэн.

   Ингээд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Үндсэн хуулийн цэцийн дүгнэлийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн.