КАЗАХСТАНЫ ӨМГӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭТГЭЛ

   Бүгд найрамдах Казахстан улсын Өмгөөллийн үйл ажиллагааны тухай хууль нь 1997 оны 12 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан бөгөөд 5 бүлэг, 35 зүйлтэй. Нийт 28 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.[1]

   Бүгд найрамдах Казахстан улсын Парламентийн доод танхимын 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар Өмгөөллийн үйл ажиллагаа ба хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийн[2] анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ хуулийн төслийг хууль зүйн туслалцаа үзүүлэх этгээдийн чанарыг сайжруулах, анхны гишүүнчлэлийн хураамжийг үгүй болгох, аттестатчлах журмыг дахин шинэчлэх, өмгөөлөгчдийн мэдлэгийг дээшлүүлэх, хууль зүйн туслалцаа чанаргүй үзүүлсэн бол хариуцлага хүлээлгэх зэрэг асуудлыг шинэчлэн тусгаж Бүгд найрамдах Казахстан улсын Хууль зүйн яамнаас санаачилсан байна.

   “Казахстанд өмгөөллийн үйл ажиллагааны зах зээл хангалттай түвшинд хөгжөөгүй бөгөөд хөгжингүй улсуудын түвшинд хүрэхгүй байна. Үүний том шалтгааны нэг нь өмгөөлөгч хүрэлцээ муу байдал юм. Уг салбарт орох сонирхолтой хүмүүст анхны гишүүнчлэлийн хураамж өндөр байгаа нь гол асуудал болж байна. Анхны гишүүнчлэлийн хураамжийг байхгүй болгох нь өмгөөлөгчийн мэргэжилд залуу хуульчид орох, тэдгээрийн дунд өрсөлдөөнийг бий болгох ба өмгөөлөгчдийг нэмэгдүүлэхэд боломж олгоно” гэж[3] БНКУ-ын Хууль зүйн сайд М.Бекетаев хэлсэн.

   БНКУ нь өмгөөлөгчдийн тоог баруун Европын улсуудын түвшинд хүргэх зорилготой ажиллаж байгаа юм байна. Тухайлбалд БНКУ-д 1 өмгөөлөгчид 4000 орчим хүн ногдоно. Харин баруун Европд 1 өмгөөлөгчид 250-1000 хүн ногдох судалгаа гаржээ.

   Хууль зүйн сайд М.Бекетаев хуулийн төслийн талаархи илтгэлдээ[4] дараах зохицуулалтуудыг төсөлд тусгасан тухайгаа илэрхийлсэн. Үүнд:

   1. Өмгөөллийн мэргэжлийн үйл ажиллагааны чанарыг хянадаггүй. Өмгөөлөгчийн хэзээ, яагаад хариуцлага хүлээлгэсэн тухай ил тод мэдээлэл байдаггүй. Иймд өмгөөлөгчдийн ёс зүйн дүрмийг баримтлах, ёс зүйн асуудлуудыг хэлэлцэх, хянах зорилгоор хоёр шатлалын мэргэжлийн ёс зүйн комисс байгуулах шаардлагатай.

   2. Өмгөөлөгчдийн мэдлэгийг дээшлүүлэх механизмтай болох. Дэлхийн хөгжингүй улс орнууд өмгөөлөгчдийг тогтмол, зохион байгуулалттайгаар мэргэжлийн мэдлэгийг дээшлүүлэх асуудал зохицуулагдсан байдаг.

    3. Үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай асуудлыг олон улсын туршлагад суурилж шинэчлэн оруулсан.

   4. Хувиараа өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх этгээдүүдийн эрх зүйн байдал хуулийн дагуу зохицуулагдаагүй. Тэдгээрийн үйл ажиллагааны гол шаардлага, шүүхэд төлөөлөх төрлөөр хууль зүйн туслалцаа үзүүлэх этгээдүүд холбооны гишүүн байхаар оруулсан.

   5. Хууль зүйн туслалцааны хөлсний тухай мэдээлэл ил тод болгох. Герман, Франц, АНУ, Польш, Чех улсуудын туршлагаас үзвэл ард иргэд шударга үнийн мэдээллээр хангуулах зорилгоор өмгөөлөгч болон хууль зүйн туслалцаа үзүүлэх этгээдийн үзүүлэх үйлчилгээний тарифын хүснэгтэй болохоор байна. Энэ нь иргэд хууль зүйн туслалцааны дундаж үнэ болон илүү хөлс төлөхөөс сэргийлэх боломж олгож юм.

   6. E-адвокатура электрон бааз үүсгэх. Өмгөөлөгчид холбоо болон бусдаас мэдээлэл, туршлага солилцох, хоорондын харилцааг нэмэгдүүлэх боломж бүрдүүлнэ гэж үзжээ.

   Хууль батлагдвал БНКУ-ын өмгөөллийн үйл ажиллагааны чанар болон  иргэдийн хууль зүйн туслалцаа авах эрхийн хэрэгжилт хангагдах боломж үүснэ гэж судлаачид үзсэн байна.

   Эх сурвалж: Хуульч сэтгүүл, 2018 оны 6 дугаар сар №3 (23)

 


[1] БНКУ-ын Өмгөөллийн үйл ажиллагааны тухай хууль /1997он/  http://adilet.zan.kz/kaz/docs/Z970000195_

[3] https://egemen.kz/article/166662-advokattyq-qyzmet-zanh-zhobasy-maquldandy