ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛЫГ ТУХАЙН ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧДОД ИЛ БОЛГОХ ЖУРАМ

   Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 04-ны дөрийн 132 дугаар тушаалын хавсралтаар Тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журмыг шинээр баталсан.

   Уг  журмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох ажиллагааг зохицуулсан байна.

Тендер шалгаруулалтын материалыг ил болгох ажиллагаа

   Тендерт оролцогч нь тендер шалгаруулалтын материалтай танилцахдаа захиалагчид бичгээр хүсэлт гаргах бөгөөд цахим тендер шалгаруулалтын хувьд тендерт оролцогч худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан хүсэлт гаргаж болно.

   Захиалагч нээлттэй тендер шалгаруулалтаас өөр арга хэрэглэсэн тохиолдолд тухайн аргыг сонгосон үндэслэл, тендерийн нээлтийн тэмдэглэл, үнэлгээний дүгнэлт, гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмж, тендер шалгаруулалт амжилтгүй болсон, эсхүл бүх тендерээс татгалзсан тохиолдолд түүний шалтгаан, үндэслэл,  гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэр, гэрээг худалдан авах ажиллагааны цахим системийн холбогдох хэсэгт тухай бүр байршуулна.

   Захиалагч гэрээ байгуулах эрх олгогдсон этгээдийн ирүүлсэн тендерээс ил болгох материалыг тендерт оролцогчдод танилцуулах бөгөөд шалгарсан оролцогчийн тендерийн материалыг ил болгох хугацаа нь гэрээ байгуулах эрх олгосон өдрөөс эхлэн ажлын 5 хоног байна.

  Цахим болон цахим бус тендер шалгаруулалтын материалтай танилцах этгээд нь нууц хадгалах тухай баталгааг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргах ба тендер шалгаруулалтын материалыг аливаа хэлбэрээр хуулбарлах, дамжуулах эрхгүй байна.

   Тендерт оролцогч нь энэ журмын дагуу олж авсан баримт бичиг, мэдээллийг хууль бусаар ашиглахыг хориглох ба зөрчсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.                          

   Эх сурвалж: www.legalinfo.mn