ӨМГӨӨЛӨГЧИЙН ТУСЛАХЫН ЗОРИЛГО
Та “өмгөөлөгч болох ёстой” гэж буцалтгүй шийдсэн л бол өмгөөлөгчийн туслахын ажил зохимжтой. Энэ ажил өмгөөлөгч болохын анхны том сургууль нь болно.
Өмгөөлөгчийн туслахын төлөвшил нь тухайн Өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээдийн ажил хэрэг, үйл ажиллагаа, мэргэшилтэй салшгүй холбоотой байдаг. Өмгөөлөгчийн туслахаар ажиллах явдал нь хууль зүйн практикийг эзэмших, мэргэжлийн дадлага хийх түгээмэл хэлбэр юм. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн хууль зүйн туслалцаа авах эрхтэй. Хүний энэхүү эрхийг өмгөөлөгч хууль зүйн мэргэжлийн туслалцааг хүргэх замаар хэрэгжүүлдэг. Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа нь хүний эрхийн дуу хоолой болдгийн хувьд хүч хөдөлмөр, авьяас, чадварлаг хамтлагийг шаардаж байдаг. Өнөөдөр өмгөөллийн үйл ажиллагааг ганцаар хэрэгжүүлнэ гэдэг маш хэцүү, бас үр дүн муутай болсон гэдгийг өмгөөлөгчид нэгэнт хүлээн зөвшөөрөх болжээ.
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах; хууль дээдлэх үзлийг төлөвшүүлэх, нийгэмд шударга ёсыг тогтоох үйлсэд хөдөлмөр оюунаа харамгүй зориулдаг боловч тэр бүр нэр нь гардаггүй хүмүүс бол өмгөөлөгчийн туслах ажилтнууд байдаг[1].
Зарим өмгөөлөгчид туслахтай байхыг хүсдэггүй бөгөөд бүх итгэл найдварыг өөртөө тавьдаг бол өөр нэг хэсэг нь хэдийн туслахтайгаа хамтран ажил хэргээ зохион байгуулж сурсан байдаг. Өмгөөлөгчийн цаг наргүй ажлыг зөв зохион байгуулах, өмгөөлөгчийн орхигдуулсан олон ажлыг туршлагатай туслах тухай бүрт нь гүйцэтгэж, анхааруулан сануулж чаддаг.
Амьдралд өдөр тутам хийх ажлын төлөвлөгөөгүй, хэргийн бүрдүүлэлт хийж чадаагүй, үйлчлүүлэгчийн итгэн ирүүлсэн баримт сэлтийг ундуй сундуй тавьсан, хувийн зохион байгуулалт муутай, бүр зарим тохиолдолд шүүх хуралдааны товоо мартаж орхидог өмгөөлөгч цөөнгүй байдаг. Хэдийгээр туслахтай болсноор энэ бүх байдлыг шууд шийдвэрлэж чадна гэж баттай хэлж чадахгүй ч дээрдэх нь дамжиггүй. Мэдээж туслахынхаа ажил хэргийг зөв зохион байгуулж, хэр зэрэг уялдаатай ажиллаж чадахаас дээрх нөхцөл байдал яаж шийдвэрлэгдэх нь хамаарна.
Өмгөөлөгчийн туслахын хийх ажил, хүлээх үүрэг нь тухайн өмгөөллийн хуулийн этгээд, өмгөөлөгчийн мэргэшин ажиллаж байгаа чиглэл, онцлогоос хамаарна. Өмгөөлөгчийн туслах нь ажил үүргээ сайн гүйцэтгэж байвал өмгөөлөгчийн ачаалал тэр хэмжээгээр буурах бөгөөд, зарим нэг тохиолдолд өмгөөлөгчөө орлож чаддаг. Энэ зэрэгтэй ажиллахын тулд тухайн ажлыг хийж гүйцэтгэх мэргэжлийн мэдлэг, чадвартай байхаас гадна хийж байгаа ажилдаа дуртай, ирээдүйд хуульч, өмгөөлөгч болох хүсэл эрмэлзэлтэй, мэргэжлийн ном, гарын авлага уншдаг; шинээр батлагдан гарсан хууль тогтоомжийг тухай бүрт судалдаг байх шаардлагатай. Мэдээж нэг мартаж болохгүй үнэн бол өмгөөлөгчийн туслах нь өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхгүй. Тиймээс дээр дурдсан санааг хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээг удирдлага болгох нь зүйтэй.
Хуульчийг хүнийх нь хувьд бэлтгэх сэтгэлгээ, соёл, хандлага сайтар төлөвшөөгүй байгаа өнөөгийн нөхцөлд ирээдүйд өмгөөлөгч болох сонирхол эрмэлзэлтэй мэргэжилтнийг туслахаар ажиллуулах нь зөв алхам юм.
Өмгөөлөгчийн туслахын зорилго нь өмгөөлөгчийн ажилд туслан оролцох замаар түүний ачааллыг хөнгөвчлөх, өөрөө хуульчийн ажилд бэлтгэгдэх юм. Уг зорилгоо зохистой хэрэгжүүлэхийн тулд өөрийгөө үргэлж хөгжүүлж, хууль зүйн туслалцаа, өмгөөлөгчийн ажил хэргийн талаарх мэдлэгээ дээшлүүлж байх нь зүй ёсны шаардлага болно.