ӨМГӨӨЛӨГЧИЙН ТУСЛАХЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ

Манай улсад Өмгөөлөгчийн туслахын эрх зүйн байдал, түүний эрх үүргийг нарийвчлан тодорхойлсон зохицуулалт үгүйлэгдэж байгааг нуух юун. Өмгөөлөгчийн туслахыг хувь хүнээр төлөөлүүлэн ойлгодог байсан бол сүүлийн үед ажлын байрыг нэрлэх болтлоо өргөжиж байна. Монголын Өмгөөлөгчдийн холбооноос 2005 оны 04 дүгээр сарын 04-нд баталсан “Өмгөөлөгчийн туслах ажилтны ажиллах журам” нь өгүүлэн буй харилцааг зохицуулсан анхны баримт бичиг болон тэмдэглэгдсэн. Энэ журам нь хувь өмгөөлөгч болон туслахын хоорондын харилцааг зохицуулахад л чиглэгдэж, шүүх, цагдаа, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба гэх зэрэг бусад хуулийн байгууллагуудад хүрч үйлчлэх, тэд хүлээн зөвшөөрөх боломжийг сайтар бүрдүүлж чадаагүй байсан. Мөн өмгөөлөгчид ганцаарчлан ажиллахаас аль болох зайлсхийх болж байгаа өнөөгийн нөхцөлд өмгөөллийн хуулийн этгээдийн туслах ажилтны талаар нэгдсэн ойлголт, зөв шаардлага бий болгох хэрэгтэй байна.

2011 онд идэвхтэй хэлэлцэгдэж байсан “өмгөөллийн тухай хууль”[1]-ийн төсөлд “дадлагажигч” гэсэн зохицуулалт тусгагдсан байсан. Төслийн уг зохицуулалт нь өмгөөллийн үйл ажиллагаа мэргэжлийн бэлтгэл, туршлагад үндэслэх зорилгыг агуулснаараа хэрэгтэй байсан боловч, яг бодит байдал дээр ажиллаж байгаа өмгөөлөгчийн туслахын талаар тусгаж өгөөгүйгээрээ амьдралд төдийлөн наалдацтай биш болсон юм.

Харин 2012 онд батлагдсан хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өмгөөлөгчийн туслахын талаар нэг удаа[2], 2013 онд батлагдсан төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай хуульд мөн нэг удаа[3] зурвас дурдсан боловч мөн л тодорхой зохицуулсан зүйлгүй байна.

            Өмгөөлөгчийн ажил хэргийн хүрээнд “өмгөөлөгчийн туслах”, “дадлагажигч” гэсэн ойлголтууд бий. Өмгөөлөгчийн туслах нь өмнө дурдсанаар эрх зүйч болон эрх зүйч бус мэргэжлийн хүн байж болно. Харин дадлагажигч гэдгийг их, дээд сургуулийн төгсөх ангийн оюутан гэж ойлгож болохгүй. Дадлагажигч нь хуульчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтанд орох болзол шаардлагыг хангаж байгаа эрх зүйч юм. Дадлагажигчаар ажиллах хугацаа, өмгөөллийн үйл ажиллагаанд дадлагажин оролцох хэлбэр, эрх, үүрэг зэрэг нь холбогдох хууль тогтоомж, эсхүл дадлагжуулагчтай байгуулсан гэрээгээр зохицуулагдана. ОХУ-ын өмгөөллийн үйл ажиллагаа ба өмгөөллийн байгууллагын тухай хуулийн 28 дугаар зүйлд “таваас доошгүй жил ажилласан өмгөөлөгч дадлагажигчтай байх эрхтэй. Дадлагажих хугацаа нь 1-2 жил байна. Дадлагажигч нь өмгөөлөгчийн удирдлага дор үйл ажиллагаа явуулах бөгөөд, өмгөөлөгчийн өгсөн даалгаврыг биелүүлнэ. Дадлагажигч нь өмгөөллийн үйл ажиллагааг бие даан явуулах эрхгүй. Дадлагажигч нь өмгөөллийн нууцыг хадгалах үүрэгтэй” гэж зохицуулсан байдаг.    

Өмгөөлөгчийн туслахын эрх зүйн байдлыг тодорхой болгосноор ажлын байр жинхэнэ утгаараа нэмэгдэх, өмгөөлөгч болох сонирхол, эрмэлзэл бүхий олон эрх зүйчдэд ирээдүйтэй боломжийг нээн өгч чадах юм.   

Хэрвээ өмгөөлөгчдийн ажлын зохион байгуулалт, түүний онцлогийг сайтар өнгийн харвал тэнд туслахын үүрэг ямар их болох нь шууд л ойлгогдох болно. Нэгэнт амьдралд хэвшсэн, байж л байгаа харилцааг зөв төлөвшүүлэхэд жаахан анхаарах, илүү өнгийж харах л үлдээд байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Өмгөөлөгчийн туслах нь дараах хүрээнд ажиллах үүрэг хүлээнэ. Үүнд:

-       Ажлын утасны дуудлагад хариу өгөх;

-       Шаардлагатай мэдээллийг боловсруулж өмгөөлөгчид танилцуулах;

-       Уулзалтын цаг төлөвлөх;

-       Хурлын тов болон бусад шаардлагатай чухал асуудлыг сануулах;

-       Итгэмжлэл, зөвшөөрлийн дагуу хэргийн материалтай танилцаж тэмдэглэл хийх, хуулбарлан авах;

-       Хүсэлт, тайлбар, гомдол, нотлох баримтыг эрх бүхий байгууллагад гардуулан өгөх;

-       Хэргийн оролцогчдын гаргасан хүсэлт, тайлбар, гомдол, нотлох баримтыг эрх бүхий байгууллагаас итгэмжлэлийн үндсэн дээр хүлээн авах;

-       Өмгөөлөгчийн хариуцан ажиллаж байгаа хэрэг, маргааны баримтын бүрдлийг судалж, өмгөөлөгчид танилцуулах;

-       Өмгөөлөгчийн оролцох шүүх хуралдааны бэлтгэлийг хангахад туслалцаа үзүүлэх;

-       Хуулийн дагуу төлөх тэмдэгтийн хураамжийн тооцооллыг хийж танилцуулах;  

-       Хэрэг, маргааныг судалж хэрэглэгдэх хууль тогтоомжийн талаар санал бэлтгэж; өмгөөлөгчид танилцуулах;  

-       Хэрэг, маргаан шийдвэрлэж байгаа практикийг судлах;  

-       Иргэний болон захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн зөвшөөрснөөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах;  

-       Хэрэгт ач холбогдол бүхий байдлыг шалган тогтоолгох талаар санал гаргах;

-       Тусгай мэдлэг шаардагдах асуудлаар мэргэжлийн байгууллага, мэдлэг бүхий хүмүүсээс зөвлөгөө авч; өмгөөлөгчид танилцуулах;

-       Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд болон захиргааны зөрчлийн хэргийг эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэхэд өмгөөлөгч  оролцох, ажиллагаанд байлцах;

-       Эрх зүйн асуудлаар лавлагаа, зөвлөгөөний төсөл бэлтгэж өмгөөлөгчид өгөх;  

-       Эрх зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн төсөл боловсруулж, өмгөөлөгчид өгөх;  

-       Ажлын явцын талаар үйлчлүүлэгчид мэдээлэл өгөх;

-       Ажлын байрны тодорхойлолтонд заасан бусад чиг үүрэг.



[1]. Энэхүү хуулийн төсөл батлагдаагүй болно.

[2]. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “шүүгч, прокурор, өмгөөлөгчийн туслах” гэж заасан.

[3]. Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай хуулийн 18.2.