ӨМГӨӨЛӨГЧИЙН ТУСЛАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Өмгөөлөгч нь туслахтай байж болно. Гэхдээ өмгөөлөгчийн туслах нь хэн ч хамаагүй этгээд байж болно гэсэн үг биш юм. Иргэний эрх зүйн чадамжгүй болон чадамж нь хязгаарлагдсан этгээд, санаатай гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өмгөөлөгчийн туслахаар ажиллуулах боломжгүй юм.

Иймд өмгөөлөгчийн туслах нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

-       Бусдын нууцыг хадгалах итгэл бүхий байх;

-       Мэргэжлийн ёс зүйг даган мөрддөг байх;

-       Дээд боловсролтой байх;

-       Хувь хүнийхээ хувьд хариуцлага хүлээх чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, хөдөлмөрч, өөртөө итгэлтэй байх;

-       Мөн заавал өмгөөлөгчийн заавар, зөвлөмжийг хүлээлгүйгээр зөвшөөрөгдөх хүрээнд бие даан ажлаа явуулах чадвартай байх;

-       Түүнчлэн үйлчлүүлэгчтэй зөв боловсон харилцдаг, цэвэр зохимжтой хувцасладаг байх шаардлагатай.  

Мэдээж өмгөөлөгчийн туслахын ажил хэргээ зохион байгуулж явуулах талаар мэдээлэл, заавар авах шууд бөгөөд ганц эх сурвалж нь өмгөөлөгч эсхүл тухайн өмгөөллийн байгууллага байна.

Гэсэн хэдий ч өмгөөлөгчийн ажил нь хүнтэй харилцах ажил гэдгийг мартаж болохгүй юм. Гэрээ, хэлэлцээр, баримт материал, хэрэг маргааны цаана хүн байдаг болохоор мэргэжлийн мэдлэгээ мэдрэмж, хүнтэй ажиллах чадвар хоёртой хослуулах учиртай.