ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХ ДУУСГАВАР БОЛОХ, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХ СЭРГЭЭХ ЖУРАМ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын  2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/142 дугаар тушаалаар ээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам”-ыг хавсралтаар баталсан.

 

Монгол Улсын болон Замын хөдөлгөөний тухай Венийн  конвенцид  нэгдсэн  орноос олгосон жолоодох эрхийн буюу олон улсын  жолоодох эрхийн  хүчин төгөлдөр үнэмлэхтэй хүнд энэ журам хамаарна. Тус журамд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дараах үндэслэлээр дуусгавар болгоно.

1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болно.

2.Холбогдох хууль тогтоомжид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахаар заасан зөрчлийг шалган шийдвэрлэсэн тухай мэдээллийг жолоочийн бүртгэл мэдээллийн санд тухайн алба хаагч нэн даруй, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах тухай шүүхийн шийдвэрийг цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгж  ажлын 3 хоногт багтаан бүртгэнэ.

3.Жолоочийн бүртгэл мэдээллийн санд бүртгэлгүй /гадаадын иргэн эсхүл гадаад улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй иргэн/ этгээдийн гаргасан зөрчлийг шалган шийдвэрлэсэн албан тушаалтан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д заасан мэдээллийн санд бүртгэнэ.

4.Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан тухай шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтан нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зөрчил гаргагчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хассан тухай мэдэгдэж, дээд шатны байгууллага, албан тушаалтан, шүүхэд гомдол гаргах эрхийг танилцуулна.

5.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хуульд заасны дагуу хассан эрх бүхий албан тушаалтан хуульд заасан гомдол гаргах хугацаа өнгөрсний дараа жолоодох эрхийн үнэмлэх, эсхүл жолоочийн түр зөвшөөрлийн зүүн доод буланг хайчилж /цоолох/ хүчингүй болгон зөрчлийн хэрэгт хавсаргана.

6.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-18.1.3-т заасан үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болсон хүн автомашин жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд жолоодох эрхийн үнэмлэхийг хурааж, холбогдох хууль, журамд заасан шийтгэл оногдуулна.

7.Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцид нэгдсэн орноос олгосон жолоодох эрхийн буюу олон улсын жолоодох эрхийн хүчин төгөлдөр үнэмлэх бүхий гадаад улсын иргэн Монгол Улсын хууль, тогтоомжид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасахаар заасан зөрчил үйлдсэн тохиолдолд үнэмлэхийг хурааж, зөрчлийг хуульд заасны дагуу шийдвэрлэн, жолоодох эрхийн үнэмлэхийг холбогдох шийдвэрийн хамт цагдаагийн төв байгууллагын Интерполын үндэсний төв товчоогоор уламжлуулан гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх үндэслэл

1.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан бол Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, хөдөлгөөний сахилга, соёл, архи, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийг сурталчлах, урьдчилан сэргийлэх 4 цагийн, гэмт хэрэг, архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх 2 цагийн, нийт 6 цагийн сургалтад хамрагдсан;

2. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн зөрчлөөс бусад зөрчлөөр эрхээ хасуулсан бол Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, хөдөлгөөний сахилга, соёл, архи, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийг сурталчлах, урьдчилан сэргийлэх 4 цагийн сургалтад хамрагдсан;

3.Жолоочийн үнэмлэхний хүчинтэй байх хугацаа дууссан хүний жолоочийн үнэмлэхний хугацааг сунгасан;

4. Шүүгч, прокурор, эрх бүхий албан тушаалтны эрх сэргээх тухай шийдвэр гарсанаар;

5. Тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцэхийг эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоосон;

Тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх сургалтад хамрагдах хүсэлт гаргасан хүн дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

                       1.эрүүл мэндийн үзлэгийн хуудас;

                       2.жолоочийн үнэмлэхний төлбөр тушаасан баримт;

                       3.жолоочийн лавлагаа.

Энэ тушаал гарсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2015 оны А/186 дугаар тушаал хүчингүй болсон.