ИРГЭНИЙ ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ҮНДЭСЛЭЛ
Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүгчийн захирамжаар эсхүл ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор түдгэлзүүлдэг.
Шүүгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дараахь үндэслэл, хугацаагаар түдгэлзүүлж болно. ҮҮНД:
1. Төлбөр төлөгч-хуулийн этгээдэд холбогдуулан дампуурлын хэрэг үүсгэсэн, эсхүл битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөх тухай нэхэмжлэлийг эд хөрөнгийн талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд шүүхэд гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол;
2. Төлбөрт хураагдсан хөрөнгийн талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол;
3. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болох шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гаргасан бол түүнийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол;
4. Гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол;
5. Төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл.
Ахлах шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дараахь үндэслэл, хугацаагаар түдгэлзүүлнэ. ҮҮНД:
1. Төлбөр төлөгч-иргэн, эсхүл төлбөр авагч-иргэн нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүйд тооцогдсон, төлбөр төлөгч-хуулийн этгээд, төлбөр авагч-хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан бол тэдгээрийн эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжих, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон иргэний эд хөрөнгийг эрхлэн хамгаалагчийг, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүй иргэнд асран хамгаалагчийг тогтоох хүртэл;
2. Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагч хүлээн авахаас татгалзсан тохиолдолд төлбөрийн шаардлага хангахуйц эд хөрөнгийг төлбөр төлөгчөөс гаргуулах хүртэл;
3. Тухайн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тохиолдолд түүнийг шийдвэрлэх хүртэл;
4. Өвлийн улиралд орон байрнаас албадан нүүлгэх тухай шийдвэрийг нүүн гарч байгаа этгээдийн амьдралын нөхцөлийг харгалзан өвлийн улирал дуустал тодорхой хугацаагаар;
5. Энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд, эсхүл дээд шатны албан тушаалтанд гаргасан гомдлыг шүүх, эсхүл дээд шатны албан тушаалтан үндэслэлтэй гэж үзэн гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн бол гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл;
6. Төлбөр төлөгч-иргэн, эсхүл төлбөр төлөгч-хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, төлөөлөгч, тэдгээрийн эд хөрөнгийг эрэн сурвалжилж, олж тогтоох хүртэл.
Дээр дурдсанаас бусад үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хориглоно.
Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тухай төлбөр төлөгч, төлбөр авагчид даруй мэдэгдэнэ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл арилсан тохиолдолд төлбөр авагч, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлтийг үндэслэн шүүгч захирамж, ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээнэ.