МОНГОЛ УЛСАД ГЭМТ ХЭРГИЙН БАЙДАЛ, 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД
Монгол улсын Үндэсний статистикийн хорооноос 2018 эхний хагас жилийн улсын нийгэм, эдийн засгийн байдлыг статистик тоон мэдээллээр бэлтгэн гаргажээ. Үүнээс улсын хэмжээнд гарч буй гэмт хэргийн байдлын талаар хүргэж байна.
Улсын хэмжээнд 2018 оны эхний хагас жилд 20042 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 7073 (54.5%)-аар өсжээ.
Өмнөх оны мөн үеэс нийт гэмт хэрэг өсөхөд хулгайн гэмт хэрэг 3724 (90.5%), залилах гэмт хэрэг 1586 (2.5 дахин), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1096 (28.5%), дээрмийн гэмт хэрэг 737 (4.2 дахин), хөрөнгө завших гэмт хэрэг 192 (2.5 дахин), хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 139 (49.6%), хүчингийн гэмт хэрэг 135 (93.8%)-аар өссөн нь голлон нөлөөлөв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2018 оны эхний хагас жилд 103.4 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 15.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 126.7 (55.1%) тэрбум төгрөгөөр, нөхөн төлүүлсэн хохирол 47.3 (75.6%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.
Гэмт хэргийн улмаас хохирсон иргэд 2018 оны эхний хагас жилд 17420 болсны 933 (5.4%) нь 18 хүртэлх насны хүүхэд, 7717 (44.3%) нь эмэгтэйчүүд байна.
Улсын хэмжээнд 2018 оны эхний хагас жилд 43.0 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 5.3 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 2732 (6.0%), баривчлагдсан хүн 1691 (24.1%)-ээр тус тус буурсан байна.
Эх сурвалж: Монгол улсын Үндэсний статистикийн хорооны албан ёсны цахим хаяг