Санхүүгийн зохицуулах хороо банкнаас бусад санхүүгийн салбарт мөрдүүлж буй журам, дүрмүүдээ шинэчлэн баталлаа.
Захиргааны ерөнхий хууль болон Зөрчлийн хуулиудтай холбогдох журам, дүрмүүдээ уялдуулах шаардлагын дагуу Санхүүгийн зохицуулах хороо банкнаас бусад санхүүгийн салбарт мөрдүүлж буй журам, дүрмүүдээ шинэчлэх ажлыг хийж байна. Үүний хүрээнд “Сайн дурын даатгалын хэлбэр”, “Тохиромжтой этгээдийг тодорхойлох заавар”, “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын мэдүүлгийн маягт, гэрээний стандарт, загвар” болон “Даатгагчийн болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааг зохистой явуулах ёс зүйн журам”, “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”, “Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам”, “Жолоочийн даатгалын сангийн данс байршуулах, санхүүжилтийг төвлөрүүлэх, сангийн хөрөнгийг шилжүүлэх, зарцуулах журам”-ыг тус тус шинэчлэн баталлаа.
Дээр нэр дурдсан журмуудыг Захиргааны ерөнхий хууль болон Зөрчлийн хуульд нийцүүлж, давхардлыг арилгаснаас гадна “Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам”-д Хорооны 2012 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх болон түр хугацаагаар орж ирж байгаа авто тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчийг жолоочийн даатгалд хамруулах журам”-ыг нэгтгэв.
Дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийн жолоочийн даатгалын хураамжид зарим итгэлцүүрүүд тооцогддоггүй байсныг өөрчилж 9 итгэлцүүрээр бүрэн тооцохоор болголоо. Мөн итгэлцүүрийг даатгуулагчийн буруугаас үүссэн даатгалын тохиолдлын тоогоор өсгөж, бууруулж тооцдог байсныг Жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу даатгуулагчийн буруугаас үүссэн даатгалын тохиолдлын тоо, олгосон нөхөн төлбөрийн хэмжээнээс хамаарах болгож өөрчилсөн байна.
Эх сурвалж: http://frc.mn/news/2527