ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сан хамтран 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт хуулийн төслийн талаар Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн танилцууллаа. Тэрбээр, төрийн бүх шатны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагын хийх ажил, эх, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчныг дэмжих, эрүүл мэндээ хамгаалах асуудлаар иргэн, гэр бүлийн хүлээх үүрэг, хариуцлага, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажиллуулах хөшүүргийг бий болгох, эхчүүдийн халамжийг илүү өгөөжтэй, оновчтой болгох зэрэг асуудлыг зохицуулахаар хуулийн төсөлд тусгасныг танилцууллаа. Түүнчлэн, орлого багатай, эмзэг бүлгийн иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хуульчилснаар бүх нийтэд тэгш хүртээмжтэй тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой болохыг дурьдлаа.
Мөн төрүүлсэн хүүхдээ хаядаг, хэт олон хүүхэд төрүүлж, хүүхдийг үл хайхрах нөхцөл бий болгодог, хүсээгүй жирэмслэлтээр үр хөндүүлдэг зэрэг явдлыг хуулийн зохицуулалттай болгож, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, өрхийн эмнэлгүүдийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд өрхийн эмнэлгүүдэд хүүхдийн эмч ажиллуулах зэрэг олон санал гаргасан байна.