ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ТӨСЛИЙГ БАТАЛЛАА

   Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.11.15) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан уг хуулийн төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан юм.

   Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1, 2 дугаар зүйл нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176, 177, 178 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.” гэсэн нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан. Иймээс уг хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулсныг Хууль зүйн байнгын хороо энэ сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн байна.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхийг тусгасан байдаг бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд уг эрхийг тусгаагүй байдаг байна. Иймд аль нэг тал шүүхийн шийдвэрт гомдолтой гэж үзвэл Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхийн талаарх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

   Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.3 хувь нь дэмжсэнээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа.

Эх сурвалж: Монгол Улсын Их Хурал (http://parliament.mn/n/gbmy)